“Хөдөө, аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
2013.11.29

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл”-д гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Дэлхийн банкны Итгэлцлийн сангийн 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүүлэх “Хөдөө, аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү төслийн зорилго нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын 15 сумдын мал аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлэх чадварыг нэмэгдүүлэх замаар хөдөөгийн хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангахад оршино.

Төсөл нь малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.