Завхан аймгийн залуу малчид чууллаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилгаар Хөдөлмөрийн яам, ХЭҮТ, Завхан аймгийн хөдөлмөрийн хэлтэс хамтран "Завхан аймгийн Залуу малчдын чуулга уулзалт"-ыг анх удаа Завхан аймгийн Улиастай хотноо 2013 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдөр зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад Завхан аймгийн 24 сумын 360 гаруй малчин залуус оролцож, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон малчдыг дэмжих тал дээр төрөөс баримталж буй бодлогын мэдээлэл авч, санал бодлоо солилцож байна.
Чуулга уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дарга С.Чойноров, ҮХААЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Бибиш нарын албаныхан оролцож байна.
Чуулга уулзалтыг нээж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн үгэндээ "Өнөөдөр мал аж ахуйн үйлдвэрлэгчид маань хүн ардаа хүнсээр, хөнгөн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангаж байгаа баялаг бүтээгчид юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газраас малчдаа бодлогоор дэмжих тал дээр ихэд анхаарал хандуулж байдаг. Үүний хүрээнд 2009 онд "Малчдын талаар төрөөс баримтлах бодлого", 2012 онд "Монгол мал" хөтөлбөр батлан, хэрэгжүүлж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэгчид нийт хөдөлмөр эрхэлж байгаа насныхны 37,7 хувийг эзэлж байна
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хөрсөн дээр хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд та бүхний маань үнэлэлт дүгнэлт энд маш чухал. Мал аж ахуйн үйлдвэрлэгчид маань нийт хөдөлмөр эрхэлж байгаа насныхны 37,7 хувийг эзэлж байна. Та бүхэн маань ДНБ-ий 80 орчим хувийг, экспортын бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлж байна.
Тиймээс та бүхнийг баялаг бүтээгчид гэхэд маргах хүн үгүй биз. Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо багасч байгаа нь ирээдүйд мал аж ахуйн үйлдвэрлэлийг залгамж халаа хомсдох вий гэсэн эмзэглэл төрүүлж байна. Тиймээс төр засгаас энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулж, өнөөдөр бид энд чуулж байна" гэлээ.
Мөн "Малчдыг дэмжих хөтөлбөр"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна мал аж ахуйн хөгжлийн чиг хандлага, малчдын талаар орон нутгийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малын индексжүүлсэн даатгал, мал сүргийн эрүүл мэндийн талаар хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн талаар мэргэжлийн хүмүүсийн үгийг сонслоо.
2012 оны жилийн эцсийн байдлаар 146 000 малчин өрхийн 289 000 малчин мал аж ахуй эрхэлж байгаагаас 16-35 насны 117 000 гаруй залуу малчин болж өмнөх оноос буурчээ.
2009 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 170 000 өрхийн 349 000 малчин мал аж ахуй эрхэлж байснаас 16-35 насны 157 500 малчин бүртгэлтэй байсан бол 2012 оны жилийн эцсийн байдлаар 146 000 малчин өрхийн 289 000 малчин мал аж ахуй эрхэлж байгаагаас 16-35 насны 117 000 гаруй залуу малчин болж буурсан байна.
Эндээс үзэхэд өнгөрсөн таван жилийн хугацаанд ахмад малчдын залуу халаа болсон залуу малчид жил бүр нэг хувиар буурсан үзүүлэлтийг харж болохоор байгаа юм.
Ирэх жилүүдэд энэ асуудалд анхаарал хандуулж, хөдөөд малчдын нийгмийн асуудал шийдэж өгөх нь зүйтэй хэмээн чуулганд оролцогчид онцолж байлаа. Нийгэм соёлоо дагаад төв бараадах залуу малчдын цуваа тасрахгүй байгааг төр засагтаа анхааруулж байна гэсэн юм.
Ийнхүү уулзалтад оролцож байгаа залуу малчид төр засагтаа санаа бодлоо илэрхийлж, тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх гарц байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна. Мөн энэ төрлийн малчдыг туршлага солилцоход дөхөм арга хэмжээ зохион байгуулсанд талархсанаа илэрхийлж байлаа.