”Засгийн газрын дүгнэлтийг хангалтгүй гэж үзэж байгаа”
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2013.07.01

”Засгийн газрын дүгнэлтийг хангалтгүй гэж үзэж байгаа”

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүсээд буй асуудлаар ярилцлаа.

Дорноговь аймагт үүсээд буй ураны асуудлаар танай байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Ажлын хэсэг цаашдаа хэрхэн ажиллах вэ, ямар дүгнэлт гарч байгаа вэ?

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Норсүрэнгийн 20 гаруй мал үхсэн байна билээ. Үүнээс гадна маш олон тооны мал хээл хаясан, гажигтай ураг төрүүлсэн гэх мэдээлэл бий.

Монгол Улсын Засгийн газраас үүнтэй холбоотойгоор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш том ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Манай байнгын хороо энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдыг байлцуулж байгаад сонссон. Ингээд ажлын хэсгийн мэдээллийг сонсоод хангалтгүй байна гэж үзсэн.

Сумын иргэдийн эргэлзээг тайлахын тулд байнгын хороон дээр ажлын хэсэг гарах ёстой. Засгийн газрын ажлын хэсэг “Газрын сэлээн, зэс зэрэг бодисуудад мал хордож үхсэн байх магадлалтай” гэсэн бүрхэг дүгнэлт гаргасан байсан.

Тиймээс нөхцөл байдлыг тодорхой болгож, иргэдэд бодит мэдээлэл хүргэх үүднээс Ц.Цолмон гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Би энэ ажлын хэсэгт нь орсон байгаа. Манай ажлын хэсэг таван гишүүний бүрэлдэхүүнтэй.

Ажлын хэсэг цаашдаа хаврын чуулганыг дуустал, намрын чуулган хүртэлх хугацаанд ул суурьтай, сайн ажиллана. Холбогдох яам, тамгын газар, эрдэм шинжилгээ, мал аж ахуйн хүрээлэн, бусад мэргэжилтнүүдийг оролцуулна.

Гэхдээ бид Засгийн газрын дүгнэлтэд итгэхгүй байгаадаа гол нь биш. Лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, мэргэжилтнүүдийнх ур чадвар байна. Гэхдээ нөгөө талаас судалгаа, шинжилгээ хийхэд дутагдаж байгаа зүйл ч бий. Ийм нөхцөлд хэр бодитой дүгнэлт гарах вэ гэдэг асуудал юм.

Малын хоргодол

Байнгын хорооны даргын хувьд би хараат бус шинжээчдийг заавал байлцуулах ёстой гэж үзэж байгаа.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн бэ. Дорноговь аймагт очиж, нөхцөл байдалтай нь танилцав уу, иргэд юу гэж байх юм?

Ер нь бол нийтдээ таван ажлын хэсэг гарсан л даа. Бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа, гишүүдийнхээ ажлыг давхцуулахгүй байх үүднээс ажлын хэсгүүдээ ээлж дараагаар нь ажиллуулж байгаа.

Эхний ээлжинд Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Бидний хөрөнгө мөнгө, бололцоо хязгаарлагдмал шүү дээ. Таван ажлын хэсгийг нэг дор таван тийш нь явуулах боломжгүй. Байнгын хорооны төсөв, бензин, шатахууны мөнгөөс эхлээд асуудал бий.

Та гишүүнийхээ хувьд уран олборлох асуудлаар ямар байр суурьтай байдаг вэ?

Хоёр талтай асуудал. Монголыг бид дэлхийн шар нунтгийн зах зээлд оруулаад, эдийн засгийн ашгийг нь бодвол үүнийг зөвшөөрч болох юм шиг. Гэхдээ бид асуудлыг нөгөө өнцгөөс нь бас харах ёстой. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ.

Мал аж ахуй, газар тариалан, ургамал байгалийн аймагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн бодолцох ёстой. Үүний дараа сөрөг үр дагавар нь ямар хугацаанд гарах вэ. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байж тэрийг давах вэ гэдгийг бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй. Миний хувьд уран олборлохын эсрэг байдаг.

Яагаад гэвэл Дундговь аймагт Цагаан элс гэж гүний усны Монголын хамгийн том орд байна. Алсдаа дэлхийд ус алтнаас үнэтэй болох цаг ойрхон байна. Израил улс Туркээс усаа худалдаж авч байна.

Арабын орнууд гаднаас өндөр үнээр ус худалдан авч байна шүү дээ. Их өндөр өртгөөр далайн усыг цэвэршүүлж, ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг гэх мэт олон асуудал бий. Тэгэхээр бид говийн усыг Оюутолгой төсөл шиг ховх сорчихвол говь чинь цагаан элсэн цөл л болно.

Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд туршилтын олборлолт хийж байгаа технологид нь бас эргэлзэж байгаа. Олон улс оронд энэ технологийг хорьчихсон байдаг юм билээ. Хүхрийн хүчлийг газрын гүнд шахаад, урвалд оруулаад, эргүүлээд сорж авдаг ерөнхий зарчимтай гэсэн. Тэгэхээр газрын гүний ус бохирдох  100 хувийн магадлалтай. Хүчтэй даралттай орно.

Газрын гүнд хагарлууд үүсгээд, тэр хагарлаар нь хүхрийн хүчил, химийн хортой бодис цэвэр усны нөөц рүү орох магадлал маш өндөр. Тэр чухам орж байгаа, үгүйг хэн ч мэдэхгүй. Тиймээс би экологич гишүүн, эмч хүний хувьд үүнийг тун осолтой гэж үзэж байгаа.

Танай байнгын хороогоор хэлэлцэж буй Газрын тухай багц хууль анхаарлын төвд байгаа. Хаврын чуулганы хугацаанд батлагдаж амжих болов уу?

Газрын тухай хууль бол Үндсэн хуультай дүйх хэмжээний чухал, суурь хууль. Тийм учраас миний хувьд энэ хуулийг заавал хаврын чуулганаар багтаад хэлэлцье гэж бодохгүй байгаа.

Яарч болохгүй. Энэ бол угаасаа яардаг хууль биш. Зургадугаар сарын 15-наас өмнө батлах ёстой байсан Терроримзтэй тэмцэх хууль дээр яарч болж байна. Яагаад гэвэл зургадугаар сарын 15-наас өмнө хуулийг батлахгүй бол бид хар дансанд орох гээд байсан.

Тэгвэл энэ хууль бол хэнээс ч хамааралгүй. Энэ бол бидний газар шороо. Бид газар шороогоо яаж авч явах нь энэ хуулиас шалтгаална. Тийм учраас маш их ач холбогдол өгч хэлэлцэх ёстой.

Малчид, улстөрчид, мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Газар өмчлөл, бэлчээрийн асуудал гэх зэрэг маш олон цогц асуудал явж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг долоо хэмжиж нэг огтлох ёстой. Тийм учраас намрын чуулганаар батлах болов уу гэж бодож байна.