УИХ-ын гишүүд малчдын тэтгэврийг дэмжинэ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Манай улсын хувьд нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Тэгээд ч малчдын тоо жил ирэх бүр буурч байна. Нэг жилд таваас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Энэ нь цаг үеийн таагүй нөхцөл, байгалийн гамшиг, уул уурхайн олборлолт өсч байгаатай холбоотой. Төрд ямар ч дарамт үүсгэлгүй өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явдаг хүмүүс бол малчид. Улсаас дэмжлэг үзүүлдэггүй. Хот, хөдөөгийн ялгааг арилгах тухай нам, улс төрчид ярьдаг. Их нүүдлийн цувааг багасгана гэж яриад байгаа боловч иргэд рүүгээ чиглэсэн төрийн бодлого цэгцтэй явж чадахгүй байна. Зуданд өртсөн малд даатгал олгодог.
Гэтэл салхи, шуурганд малынхаа араас яваад амиа алдсан иргэнд ямар ч даатгал гаргадаггүй. Малнаасаа дор үнэлгээтэй байгаа малчны тухай асуудлыг Монголын төр өнөөдөр эргэж харах цаг нь болсон. Малчны хөдөлмөрийг 1.6 жилээр тооцож, байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Мал аж ахуйн үйлдвэр улирлын чанартай байгаагаас хамаараад малчдын зургаан хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа.
Улаанбаатар хотод байдаг 50 настай иргэн хөдөө амьдардаг малчин хоёрын эрүүл мэндийн байдал асар ялгаатай
Мөн малчдын тэтгэврийн шимтгэлийг хөнгөхөн төлүүлэхийн тулд Нийгмийн даатгалд сангийн ачаалал ирэхгүй гэж үзсэн. Яагаад гэхээр малчдын хөдөлмөр эрхэлсэн нэг жилийг 1.6 жилээр тооцохоор нийгмийн даатгал хамрагдах малчдын тоо нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад нийгмийн даатгалын сангийн орлого өснө. Тэгэхээр мөнгөний хомсдол үүсэхгүй. Харин ч нэлээд мөнгө хуримтлагдана гэсэн үг.
Улаанбаатар хотод байдаг 50 настай иргэн хөдөө амьдардаг малчин хоёрын эрүүл мэндийн байдал асар ялгаатай. Мөн гаднаас нь харахад ч энэ хоёр хүн ямар өөр нөхцөл, байдалд амьдарч байв гэдэг нь харагдаж, хэн ч харсан ойлгогдож байдаг. Сурч боловсрох тэгш боломж алга. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд эрүүлд мэндийн хувьд маш их хохирол амсч байгаа. Тэнд эрүүл мэндийн үйлчилгээ оношлогоо байхгүй.
Малчин гэдэг нь хөдөө төрсөнийх нь буруу биш. Тэдний худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн болгон хотынхоос үнэтэй. Мөн оторт явсан залуучууд бөөрний дутагдалтай болдог. Эсвэл уушгины өвчнөөр өвчилдөг болсон байна. Тиймээс энэ хуулийг малчдын нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Тэд тэтгэврээ тогтоолгоод мөнгөө хоёр гурван жил аваад л нас барчихдаг. Амьддаа бие биенээ хайрал гэдэг шиг амьдад нь хөдөө амьдарч байгаа хэдхэн малчиддаа энэ боломжыг олгоё гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:
УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
-Малчид тэтгэвэрт гарах бололцоо бүрдэж байвал зөв л байна. Гэхдээ шууд тэтгэвэр өгнө гэхгүй, ямар нэгэн байдлаар шимтгэл хураамжаа төлөөд тэр нь тэтгэврийн сандаа ордог байвал зүгээр юм. Ер нь малчид нийгмийн даатгал төлдөг байх журам руу шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг зуднаар малчид амжиргаагүй болчихоод байна. Одоо яаж ч шийдэж болох ч ирээдүйд малчид нийгмийн даатгалаа төлдөг, тэтгэвэрт хамрагддаг хүрээлэлд байгаасай гэж хүсч байна.