Шинэ сумын “шинэ” иргэд нь орон сууцтай малчид
Улаанбаатараас 800 орчим км-т алслагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан суманд малчид хэрхэн орон сууцтай болох, хэрхэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах, орлогоо яаж бүрдүүлэхийг ярилцлаа.
Энэ бол “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгийн үеэр малчдын анхаарлыг хамгийн ихээр татсан нэг чухал сэдэв байлаа. Иргэд төдийгүй малчдад зээлийн шаардлага хангасан орлоготой байх, түүнийгээ нотлох, баталгаажуулна гэдэг том даваа байдаг. Тэгвэл үүнийг шийдэх боломжтой холбогдох байгууллагын удирдлагуудаас хүссэн мэдээллээ сонсох боломжийг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд болсон “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлэг бүрдүүлж чадсан юм.
“Шинэ сум” төслийн хүрээнд канад технологиор цогцолбор барилгууд барьж байгаа хоёр сумын нэг нь эднийх. Сумын төвийг шинээр барьж байгаа болохоор түүнийгээ даган иргэд, малчид амины орон сууцтай болох боломж нээгдсэн. Зөвхөн амины орон сууцаар хязгаарлагдахгүй сумын төвд малчдад зориулсан хямд өртөгтэй орон сууц барих талаар яригдаж эхэлсэн. Сумаасаа гадна аймаг, нийслэлд ч гэсэн малчид орон сууцаа зээлээр авах боломжийг бүрдүүлэх шат дараатай ажлууд үр дүнгээ өгч байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн биржээр арилжсан малын гаралтай түүхий эдийн нийт дүн 400 гаруй тэрбум төгрөг болжээ. Өнгөрсөн онд гэхэд ноолуур 6382 тонн, хонины ноос 1005 тонн, тэмээний носс 1048 тонныг биржээр арилжаалсан байна. Энэ бол малчдын орлого баталгаажиж байгаагийн нэг жишээ. Өмнө нь малчид малаа банкинд барьцаалж байж зээл авах эрхтэй байсан бол түүхий эдийн арилжаагаа биржээр дамжуулснаар орлогоо баталгаажуулах таатай боломж нээгдсэн.
Амьдрах таатай орчин бүрдүүлж чадах юм бол хүн заавал төв суурин газар бараадахгүй сумандаа сайхан аж төрөх боломж хангалттай байгааг Бууцагаан сумын малчид ярьж сууна.
Шинэ сумын төв ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж, хөрш, зэргэлдээ сумынхандаа гайхуулах дуртай гэж хуучилж байлаа. Гэрэл цахилгаан, халуун, хүйтэн устай тохилог сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль, амрах, ажиллах тухтай орчин бүрдсэн шинэ сумын “шинэ” иргэд нь орон сууцтай малчид байх нь ээ.
Шинэ сум
“Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгийг нээж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан үг хэлэхдээ ч үүнийг онцлон дурдсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон ҮХААЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, банкны төлөөлөл оролцож, малчдын асуултад хариулав. УИХ-ын гишүүн Д.Ганбат олон жил хөрөнгө оруулалт хийгээгүй хөдөөд ялангуяа Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлж буйн ач холбогдлыг танилцууллаа. Үүний дараа БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа Шинэ сумын төвийн канад модон технологийн талаар мэдээлэл өгсөн юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 2300 орчим айл өрх хамрагдаж. Малчдаас ч мөн энэ зээлд хамрагдах санал маш ихээр ирж байгааг тэрээр хэлээд, ойрын хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шийдвэр гарна гэсэн таатай мэдээг дуулгалаа.
Шинэ сумын төвийн дэргэд сумын иргэд газар авч, хаус бариулах захиалга өгч эхэлсэн тухай мэдээлэл бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл энэ хэлэлцүүлгийн үеэр малчдыг орон сууцтай болгох асуудлыг хөндөн тавьж, холбогдох судалгаа хийснээ компаниуд танилцуулсан. “Эко партнершип” компани гэхэд хурдан хугацаанд, чанартай, хямд барих өртөгтэй орон сууцыг хэрхэн боломжтойгоо хэлэлцүүлэгт ирсэн албаны хүмүүс болон Бууцагаан сумын иргэд, малчдад тайлбарлаж өгөв.
Тэдний тооцоолж байгаагаар нэг ам.метрийг нь 730 мянган төгрөгт багтаан малчдад орон сууц барьж өгөх боломж бий гэсэн. Гэхдээ энэ бол сумын төвд баригдах орон сууцны тусгай технологи гэж байлаа.
Хамгийн гол асуудал болох малчид хэрхэн орлогоо бүрдүүлж, банкнаас зээл авч болох вэ гэдгийг “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгээр маш ойлгомжтой байдлаар үзүүлэв.
Үзүүлэх тоглолт байдлаар малчидад үзүүлэв
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан “Хөдөлмөрийн насны малчдын 9.2 хувь нь нийгмийн даатгал, найман хувь нь эрүүл мэндийн даатгал төлдөг. Сүүлийн үед малчид нийгмийн даатгалд хамрагдах нь нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сангаас 61.3 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 46.5 мянга нь малчид бий” гэж мэдээлэл өглөө. Энэ үеэр нийгмийн даатгал, тэтгэврийн талаар малчид түүнээс сонирхсон асуултаа асууж, хариултаа авав.
Орон сууцаа өвөлжөө, хаваржаатайгаа ойр бариулж болох эсэхийг малчид сонирхож лавлахад ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Сум, аймгийн төвд орон сууц барьж болно. Харин өвөлжөө, хаваржаанд ойр орон сууц барих боломжгүй. Зээлд хамрагдах орон сууцнууд инженерийн шугам сүлжээнд холбогдсон байх ёстой. Гэхдээ суманд орон сууцны зээлд хамрагдах бол холбогдох журамд өөрчлөлт оруулна” гэсэн хариу өглөө.
“Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлэг зөвхөн энэ хүрээнд болоогүй. Баянхонгор аймагт болсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцохоор бусад аймаг, орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хэлэлцүүлэгтээ оролцуулж, энэ талын мэдээлэл өгсөн юм
ҮХААЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш:
Малчид банкнаас зээл авах шаардлага гарахад өмнө нь малаа барьцаалдаг байсан. Одоо бол малаа биш малаас гардаг ашиг шимээ барьцаалж, тэндээс орж ирэх орлоготоо тулгуурлаж зээлд хамрагдах бололцоо бүрдүүлж өгч байгаа. Малчид жил бүр байнгын орлого олдог хэдий ч түүнийг нь тодорхойлж өгөх бололцоо байгаагүй. Тиймээс ч ниймгийн чиглэлийн зээлд хамрагдах нөхцөл хаалттай байсан. ҮХААЯ-наас санаачилж, холбогдох байгууллагуудтай ярилцаж хамгийн эхэнд малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгохоор шинэ суманд шинэ малчин бий болгохоор тодорхой арга хэмжээ авсан. Орон сууцны найман хувийн зээлд малчдыг хамруулах зорилгоор Хөдөө аж ахуйн бирж гэдэг томоохон алба ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн онд нийт 407 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжаа биржээр хийлээ. Ноолуурын арилжааны 90 гаруй хувь нь хөдөө аж ахуйн биржээр дамжсан. Үүнтэй холбоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг биржээр арилжаалахад тухайн малчны хэдий хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, ямар хэмжээний орлого олдог нь тодорхой болж байгаа. Ингэхээр найман хувийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаагаараа онцлог юм.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан:
Малчдын хороолол буюу орон сууц хөтөлбөрийг ҮХААЯ-наас санаачилж, хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид маань шууд орон сууцанд орно гэсэн үг бас биш юм. Орон сууц худалдаж авахад, зээлд хамрагдахад үүсдэг асуудлуудыг шийдсэн. Урьдчилгаа мөнгөө хуримтлуулахын тулд мал аж ахуйгаас гарч байгаа түүхий эдээ өндөр үнэ хүргэж, орлого болгох боломжийг хөдөө аж ахуйн биржээр бүрдүүлж байгаа. “Шинэ сум” төслийг цогц байдлаар хэрэгжүүлж байгаа учир “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгээр малчдадаа энэ талаар танилцууллаа.
ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга С.Рэгзэдмаа:
2016 оноос эхлээд ноолууран түүхий эдийг 100 хувь Монголд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, олон улсын зах зээл дээр гаргана. Алт, зэсийн дараа орох стратегийн түүхий эд бол ноолуур. Хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалсны үр дүнд төлбөрийг бэлэн мөнгөөр бус банкны системээр дамжуулдаг боллоо.
Цаашдаа биржийн барааны стандартыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо биржид оролцогч болох нөхцөлийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн жил зөвхөн ноос, ноолуур биржээр арилжаалсан. Энэ жил арьс ширийг арилжаалахаар хэлэлцүүлж байгаа. Мөн малыг арилжаалахаар ярьж байна. Улаанбуудайг ч гэсэн биржээр дамжуулан арилжаалахаар журам, дүрмээ батлаад ажиллаж байна.