Наргүй солонго
Нельсон Мандело гэдэг хүн мөнхийн нөхөрлөлийн бус мөнхийн эрх ашгийн зарчмаар ажилладаг дэлхийн улс төрд ховор үзэгдэл билээ. 20, 21 дүгээр зууны за түүнээс илүү нэр хүндтэй төрийн зүтгэлтэн дэлхийд байсангүй.
Мандело сонин гэмээр ёс суртахуунтай. Өглөөний 04:00 цагт босч, хамгийн түрүүнд ороо нямбай гэгч нь хураана. Тэрээр хэрэв ороо хураахгүй л бол тэр өдөртөө ямар ч ажил хийж чаддаггүй гэж ярьдаг байв. 220/82 дугаарын хоригдол байж 27 жилийг торны цаана өнгөрөөхдөө олж авсан зуршлаасаа салж чадахаа байсан гэдэг.
Удирдагч ба хоригдол
Нельсон Мандело 1918 оны долдугаар сарын 18-нд Куну хэмээх сууринд мэндэлжээ. Тембу омгийн толгойлогчийн хүү учраас тэр үеийн хар арьстнуудын мөрөөдөл төдий байсан боловсролыг эзэмшжээ. Африкчууд сурдаг цорын ганц сургууль байсан Форт-Хейрын колледжид сурсан ч төгсч чадалгүй орхижээ. Оюутны эсэргүү хөдөлгөөн өрнүүлснийхөө төлөө сургуулиас хөөгдөв. 26 насандаа Африкийн үндэсний конгрессийн (АҮК) гишүүн болов. АҮК хуулийн хүрээнд хар арьстнуудын тэгш байдлыг хангах зорилготой ажилладаг байсан ч Өмнөд африкийн төрд зөвхөн цагаан арьстнууд байсан учраас нийгэмд нөлөө үзүүлж чаддаггүй байв. Мандело Махатми Гандигийн хүчирхийллийн бус эсэргүүцлийн зарчмыг баримталдаг байлаа.
Манделогийн хоригдож байсан Роббен арлын шорон
Тухайн үед хар арьстнуудыг европчуудаас тусгаарласан апертидын хууль үйлчилж байсан бөгөөд Мандело хуулийг эсэргүүцэх хөдөлгөөнд ханцуй шамлан оржээ. 1950 онд АҮК-ын залуучуудын лигийн удирдагч болж, хоёр жилийн дараа “сайн дурынхныг” (африкчуудыг тусгай зөвшөөрлөөр зорчуулахад цагдаагийн хэрэглэдэг байсан нэвтрэх үнэмлэхийг шатаадаг хүмүүсийг ийнхүү нэрлэдэг байв) толгойлов. Сонирхогчийн боксоор хичээллэдэг, өндөр шөрмөслөг биетэй Мандело бодит амьдралд ч шийдэмгий нэгэн байлаа. Гэвч хуулийн хүч эрх баригчдын гарт байв. Эхлээд Манделог айлгах зорилгоор есөн сарын тэнсэн ял оноов. Дараа нь иргэний эрхийг нь хаслаа. Хожим Мандело хууль намайг хийсэн үйлдлийн маань төлөө бус итгэл үнэмшлийн минь төлөө гэмт хэрэгтэн болгосон гэж ярьжээ.
1950-иад оны төгсгөлөөр хар тивийн орнууд ээлж дараалан тусгаар тогтнолоо зарласан учраас Өмнөд Африкийн эрх баригчид яаралтай арга хэмжээ авч эхэллээ. 1960 онд цагдаа нар Шарпевиль тосгонд цугларсан тайван жагсагчид руу гал нээж 69 африк хүн амь эрсдэв. Асгарсан цус өшөө авалтад уриалж байв.
1961 онд Мандело улс төрийн нууц ажиллагаанд шилжиж АҮК-гийн дэргэд цэргийн баг бүрдүүлж эхлэв. Гэвч Мандело хэзээ ч аллагад уриалж байсангүй. Хожим өөрийн номондоо “Арьс өнгөөр ялгаварлах явдал биднийг хариу эсэргүүцэл үзүүлэхэд хүргэсэн бөгөөд хэрэв бодлоготой зохион байгуулаагүй бол үзэн ядалтаар ассан хүмүүс утга учиргүй аллага үйлдэхэд хүргэх байлаа” гэж бичсэн байдаг.
Роббен арал дээр Манделогийн амьдарч байсан өрөө
Жил гаруйн хугацаанд Мандело амьдрах газраа сольж, хачин жигтэй хувцас өмсч, нүүрээ хувиргаж цагдаа нарыг чулуу хөөлгөв. Гэвч 1962 оны наймдугаар сард баривчлагдав. Баян цагаан арьстны жолоочоор ажиллаж байхад нь Америкийн Холбооны мөрдөх товчооны ажилтан Манделогийн маршрутыг илрүүлж Вашингтонд хэрэгтэй бичиг баримтаар солих саналыг цагдаагийнханд тавьсан байна.
Нельсон таван жил хүнд хүчир ажил хийх ял авч байнгын хуурай салхи үлээдэг Роббен арал руу цөлөгдөв. Жилийн дараа бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ.
Эдүгээ музей болсон Роббен арал Өмнөд Африкийн хамгийн аймшигтай шорон байсан юм. Хоригдлууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтой шохойн чулуу буталдаг байлаа. Хүнд ажилтай ч хоригдлууд ном уншдаг байв. Гэвч ном уншсаны төлөө зодож нүдэн карцерт хийнэ. Тэнд хоригдож байсан Майкл Дингаке гэгч хүн “Мандело бие махбодийн хувьд шоронд байсан ч сэтгэл санаагаараа эрх чөлөөтэй байсан юм” гэж дурсчээ.
Хожим Мандело ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “одоо надад ном унших цаг гарахгүй байгаа нь харамсалтай. Би Диккенс, Толстой зэрэг сонгодог зохиолчдыг унших дуртай. Түүнээс гадна шоронд байхад олон зүйлийг эргэцүүлэх боломжтой байсан юм” хэмээн ярьдаг байв.
Манделог Роббеноос Кейптануны ойролцоо Полсмоорын шоронд шилжүүлснээр амьдралын нөхцөл сайжирлаа. Шоронгийн сүүлийн жилүүдэд засгийн газар түүний эрүүл мэндийг анхаарах болов. Апертидийн хуулийг дэмжигчид Манделог шоронд хийснээр өөрсдөдөө урхи тавьснаа ойлгов. Шоронд байх тусам түүний нэр хүнд өсч байлаа. 1980-аад оны төгсгөлд засгийн эрхэнд гарсан цагаан арьстнуудын залуу төлөөлөл Манделог африкчуудаар зогсохгүй Өмнөд африкийн цагаан арьстнуудын цорын ганц найдлага хэмээн үзэх боллоо.
Африкчууд Манделог тэдний амссан доромжлолын өшөөг авна гэж хүлээж байсан ч тэгсэнгүй.
Уншигч ба шидтэн
Манделог шоронгоос гаргах тухай 1960 оны төгсгөлөөс яригдах болсон ч түүнийг улс төрийг орхихыг үргэлж шаарддаг байлаа. Мандело “би амьдралд та нараас дутуугүй хайртай ч ард түмнээ өөрийн эрх чөлөөгөөр худалдаж чадахгүй” хэмээн хариулдаг байв. 1990 онд шоронгоос гарч АҮК хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. 1994 онд анхны ардчилсан сонгуулиар Мандело болон түүний нам саналын гуравны хоёрыг цуглуулав.
Асар их нэр хүндтэй Мандело л улс оронд бугшсан арьстан хоорондын дайсагналыг зогсоож чадахаар байлаа.
Африкчууд Манделог тэдний амссан доромжлолын өшөөг авна гэж хүлээж байсан ч тэгсэнгүй. Тэр илүүг сэтгэж сонгуульд ялагдсан улс төрийн хүчнүүдтэй эвслийн засгийн газар байгуулж цагаан арьстнуудаас улс орондоо үлдэхийг хүсчээ. АҮК-ын улс орныг удирдсан таван жилд амьдралын нөхцөл сайжраагүй ч арьстан хооронд цус урсаагүй нь гайхамшиг байсан юм.
1999 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, улс төрийг сайн дураараа орхисон юм.