2014.02.22

О.Мөнгөнсүх: Бид гадны технологийг ашиглаж буй тохиолдолд бусдын хараанд байна

Судлаач О.Мөнгөнсүхтэй төрийн цахим үйлчилгээ болон мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.

- Төрийн цахим үйлчилгээг ашиглахад хүмүүсийг хэрхэн сургаж энэ дадлыг хэвшүүлэх вэ?

Зайлшгүй хэрэгцээ бий болсон цагт хэрэглэгчид цахим үйлчилгээг авахын тулд компьютертай харьцаж таарна. Хүмүүс голдуу нэг нэгнээсээ суралцдаг. Оюутнууд интернетийн хамгийн идэвхтэй хэрэглэгч учраас цахим үйлчилгээг хамгийн түрүүнд ашиглаж сурдаг. Цахим техниктэй ховор харьцдаг хүмүүст зааж зөвлөх ажил хийгдэнэ. Ялангуяа орон нутагт сургалт явагдах байх.

- Төрийн мэдээллийн нэгдсэн санг ямар шатлалаар байгуулах вэ?

Салбар болгон өөрийн гэсэн мэдээллийн нэгдсэн сантай ч хоорондоо мэдээллээ солилцох боломж хомс. Төрийн мэдээллийн нэгдсэн санг байгуулахын тулд сайтар судалгаа хийж тухайн байгууллага, салбарын мэдээллийг нэг дор төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэвэл төрийн мэдээллийн нэгдсэн сан ямар байх дүр зураг нь тодорно гэж бодож байна.

Төрийн байгууллагуудыг хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болгохын тулд техник эдийн үндэслэлийг сайн боловсруулах хэрэгтэй. Миний бодлоор ТЭЗҮ-д хоёр жилийг зарцуулна. Бид цаашдаа олон арван жил ашиглах системтэй болох учраас нухацтай хандах ёстой. Төлөвлөгөөнд орсон 179 үйлчилгээг цахимжуулахад дор хаяж таван жил хэрэгтэй.

Нэгдсэн сантай болсноор төрийн мэдээллийн цахим архив буюу төрийн ой санамж үүснэ. Төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүйгээс төрийн байгууллагуудаас гаргасан тоо баримтууд байнга зөрдөг. Тухайлбал хоёр жилийн өмнө Сангийн яам Монгол 140 000 төрийн албан хаагчтай гэж байхад Төрийн албаны зөвлөл 150 000 гэсэн тоог хэлж байсан.

- Ямар үйлчилгээг цахимжуулалтын тусламжтай хэрэгцээнээс халж болох вэ?

Хэд хэд байна. Тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр. Дэвтрээ гээсэн иргэн буцааж авахын тулд бөөн чирэгдэл гардаг. Харин дэвтэргүйгээр нууц үгийн тусламжтай мэдээллээ цахим хэлбэрээр нийгмийн даатгалын газар өгдөг болвол чирэгдэл гарахгүй. Нийгмийн даатгалын тодорхойлолт авах шаардлагагүй болно. Иргэн төлбөрийн баримтаа ухаалаг машинаас хэвлэснээр нийгмийн даатгалын ажилтанд тулгаж харахаас өөр ажил үлдэхгүй.

- Төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд компаниудыг хэрхэн оролцуулах вэ?

Монголын компаниуд чаддаггүй гэж ярьдаг. Гэвч бид гадны системд бүрэн найдаж, дотоодын компаниуддаа итгэхгүй байх үндэслэлгүй. Тиймээс алдаа гарсан ч түүн дээрээ туршлагажиж өөрсдөө хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь итгэлцэл, дэмжлэг.

Компаниудын боловсон хүчин хангалттай бий.

- Таны бодлоор төрийн мэдээллийн системийн нууцлал, аюулгүй байдлыг яаж хангах хэрэгтэй вэ?

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдал гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдал салбар болгонд тулгамдсан асуудал. Мэргэжилтнүүд зүтгэл гаргаж, эрх баригчид дэмжвэл 100 хувь биш гэхэд өөрсдийгөө хамгаалах хэмжээнд аюулгүй байдлыг хангаж болно. Юун түрүүнд холбогдох дүрэм журмыг батлах нь чухал. Дараа нь сүүлийн үеийн технологийг сонгож байнга шинэчилж, халдлгаас хамгаалж байх мэргэжилтнүүдийг томилох ёстой. Түүнчлэн нууцлал буюу шифрлэл гэж бий. Шифрлэсэн мэдээллийг хуулж авч болдог ч тайлж унших боломжгүй. Тухайн системийг эвдэхэд жил зарцууллаа гэж бодоход эвдээд олсон мэдээллийн шифрийг тайлахад хоёр жил зарцуулах жишээтэй. Ингэж хоёр давхар хамгаалалт хийснээр мэдээллийн аюулгүй байдал хангагдана.

- Монголын мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн тооцоо байдаг уу?

Мэргэжилтнүүд асуудлын чухлыг ойлгосон учраас дундаж түвшин рүү дөхөж байна гэж бодож байна. Хэрэв холбогдох шийдвэрүүд гарвал дээд түвшинд очно.

- Олон нийтийн сүлжээний мэдээллийн нууцлалын талаар юу хэлэх вэ?

Facebook-т бүртгүүлснээр тухайн хүн өөрийгөө судлуулах боломжийг нээж өгдөг. Гэр бүл, зан төлөв, ажил төрөл гээд бүх мэдээллийг олох бололцоотой. Тиймээс олон нийтийн сүлжээн бүртгүүлж буй хүн ямар мэдээллийг оруулвал эрсдэлтэй байх вэ гэдгийг тооцох хэрэгтэй.

Facebook-т бүртгүүлснээр тухайн хүн өөрийгөө судлуулах боломжийг нээж өгдөг.
- Монголын банк санхүүгийн байгууллагуудын хяналтын систем ямар түвшинд ажилладаг вэ?

Банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлого шинэчлэгдсэнээр хамгаалалт сайжирсан. Дундаас дээш түвшинд байгаа.

- Манайд мэдээллийн технологийн бие даасан байдал байна уу?

Мэдээллийн технологийн хувьд улс орнуудыг гурав хуваадаг. Нэгдүгээрт үйлдвэрлэгч суурь системүүдийг хийдэг. Хоёрдугаарт туслан гүйцэтгэгч орон аутсорсинг, програм хангамж, тоног төхөөрөмжийн дэд бүтцийг хийдэг. Гуравдугаарт хэрэглэгчид орно. Монгол бол хэрэглэгч орны нэг. Хэрэглэгч орон үйлдвэрлэгчдээс ямар нэг юм нуух боломжгүй учраас бие даасан байдал байхгүй.

- Мэдээллийн технологийн хөгжлөөс урган гарсан шинэ харилцааг зохицуулахын тулд ямар хуулиудыг батлах хэрэгтэй вэ?

Багаар бодоход 10 төрлийн хууль шаардлагатай. Програм хангамж, сүлжээ, өгөгдөл, програм хангамжийн зохиогчийн эрх, програм болон сүлжээний стандарт, хэрэглээний стандарт гэх мэт асуудалд өөрийн хууль хэрэгтэй. Юун түрүүнд хувь хүний мэдээллийг хамгаалах хууль чухал. Дээрх арван багц хуулийг гаргаснаар эрх зүйн орчин бүрдэнэ.

- Манай нөхцөлд мэдээллийн технологийн ямар дэд бүтэц шаардлагатай вэ?

Дэд бүтцийн эхний алхам бол бүх суурин газруудыг сүлжээнд холбох. Дараа нь иргэдийг холбох. Кабель, гар утас, интернет кафе, машин сууриулах зэргээр төрөл бүрийн аргаар иргэдийг сүлжээнд холбож болно. Ингэснээр бусад хэрэгцээнд зориулсан системүүдийг байгуулах гарц үүснэ.

- Ухаалаг хотын үзэл санааг тайлбарлахгүй юу?

 Хүний оролцоог багасгасан технологийг ухаалаг гэж нэрлэдэг. Жишээлбэл ухаалаг гар утас доош нь харуулахад дэлгэц нь унтардаг. Ухаалаг хот хүний оролцоогүйгээр өөрийнхөө амьдралыг хянадаг. Тухайлбал гарцгүй хэсгүүдэд суурилуулсан камерууд замын аль хэсгээр хүмүүс гарч байгааг бүртгэснээр хотын захиргаа хаана гарц барихаа төвөггүй тодорхойлж болно.

Ухаалаг хотын зарчмыг амжилттай хэрэгжүүлсэн орны нэг бол Герман. Тус улсад зорчигчид автобус хүлээж зогсохдоо хэдэн минутын дараа автобус ирэхийг нарийн мэддэг. Учир нь автобусны хурд, туулах замыг харьцуулж тооцоолдог төхөөрөмжийг суурилуулсан.