Д.Дамба: Хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан
Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба
2014.02.24

Д.Дамба: Хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL Mongolia-2014” чуулга уулзалт болж өнгөрлөө. Уг чуулга уулзалтын цар хүрээ жилээс жилд тэлж хувийн хэвшлийнхэн төрд үгээ хэлж тулгамдсан асуудлаа шийдэх гарц хамтран хайдаг боллоо. 

Өнөөдөр нүүрсний үнэ унаж экспорт зогсонги байдалд ороод буй билээ. Ийм эгзэгтэй цаг үед энэ удаагийн чуулга уулзалт болсноороо онцлог юм. Нүүрсний салбарынхан өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд зардлаа бууруулах нь чухал гэдэгт санал нийлж байна.

Мөн  төр олон төрлийн татварын хувь хэмжээг багасгаад өгвөл хямд үнийн өрсөлдөөнд зах зээлээ хадгалж тэсч үлдэх боломжтой болно хэмээж буй юм. Ингээд уг хурлын үеэр Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамбаас хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах талаар тодрууллаа.

-Саяхан “Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого” батлагдлаа. Энэ бодлогын талаар ямар байр суурьтай байна вэ. Хэр оновчтой болсон гэж үзэв?

-Уул уурхайн мэргэжлийн холбоод, байгууллагын санаа бодол гайгүй туссан. Урьд өмнө гарч байсан хууль, эрх зүйн бодлогуудаас хамаагүй дээр болсон. Учир нь бодлого боловсруулах ажлын хэсэгт нь бид оролцож ажилласан тул мэргэжлийн холбоодын санал маш сайн туссан юм.   Иймд үйлдвэрлэгчдийн эрх ашигт нийц­сэн баримт бичиг болсон гэж үзэж байна. Ялангуяа хувийн хэвшлийг дэмжих алхам нэг шатаар ахисан.

-Энэ онд ашигт малтмалын үнэ ханш ямар байх төлөв байна вэ?

Нүүрсний салбар хүнд байдалд байна.

-Нүүрсний салбар хүнд байдалд байна. Үнэ унаж борлуулалт нь зогсонги байдалд орлоо. Уул уурхайн бусад компаниуд хэвийн ажиллаж байгаа. Зэс, төмрийн хүдрийн олборлолт, борлуулалт нэмэгдсэн. Сүүлийн үед алт, зэсийн үнэ өсөх хандлагатай болж компаниудын үйл ажиллагаа сайжирч байна.

-Нүүрсний борлуулалтын гэрээгээ нааштай, ашигтай хийх боломж хэр байгаа вэ?

-Нийлүүлэлтийн асуудал хэцүү л дээ. Хятадын зах зээл нэлээд хязгаарлагдмал байдалтай боллоо. Хамгийн гол нь бид өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл, гаргаж буй өртөг зардлаа бууруулах шаардлага тулгарч байгаа. Товчхондоо өнөөгийн бага үнэ ханшид зохицож ажиллах хэрэгтэй юм. Гэтэл зардлаа бууруулж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бололцоо манайд муу байна.

Тухайлбал, төмөр зам, конвейрийн тээвэр нэвтрүүлэх, компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд олон төрлийн татвараа бууруулах арга хэмжээ авах  шаардлагатай юм. Өнөөдөр 20 гаруй төрлийн татвар төлдөг. Үүнийг ядаж 10 болгомоор байна гэсэн санааг энэ хуралд оролцогчид гаргаж байна.

-Уул уурхайн салбарт өнгөрсөн онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэв. Энэ онд ямар төлөв байна вэ?

-Жилд дунджаар дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг судалгаа бий. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан. Энэ бол хоёр талтай. Тухайлбал,  2012 онд Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль  гарсан. Үүнээс болж  олон хөрөнгө оруулагч зогсонги байдалд орлоо. Үүнийгээ засч залрууллаа. Хөрөнгө оруулах нөхцөл арай сайжирсан.

Одоо Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Уг хууль яаж  гарах нь вэ гэдгийг хөрөнгө оруулагчид харж байна. Мөн “урт нэртэй” хууль  олон компанийн үйл ажиллагааг хориглосон. Энэ бүгдийг өөрчлөх шаардлага бий. Иймд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин сайжирсан нөхцөлд хөрөнгө оруулалт эргээд нэмэгдэх байх. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт нэмэгдэх тал ажиглагдахгүй байна.