Г.Чулуунбаатар: Жижиг зах зээлд том зах зээлийн бодлого тэр болгон тохирохгүй
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, Академич, доктор, профессор Г.Чулуунбаатар
2014.03.03

Г.Чулуунбаатар: Жижиг зах зээлд том зах зээлийн бодлого тэр болгон тохирохгүй

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, Академич, доктор, профессор Г.Чулуунбаатартай ярилцлаа.

- Таны бодлоор өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас яаж гарах вэ?

Эдийн засаг өөрийн хуулиар хөгждөг ч хямралаас гарах түлхүүр төрийн гарт бий. Үүний тулд төрд боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс ажиллах ёстой. Төрийн байгууллагын зөв тогтолцоотой, шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн бодлоготой байвал гарц аяндаа тодорно.

- Эдийн засгийн Үндсэн Хууль гэдэг ойлголт энэ асуудалтай яаж  холбогдож байна?

Монгол Улс олон хэвшил бүхий зах зээлийн эдийн засагтай байна гэж Үндсэн Хуулинд заасан. Үндсэн Хуульд буй эдийн засгийн талаарх заалтууд эдийн засгийн хөгжлийн загварыг нарийн тодорхойлж чадаагүй гэж эрдэмтэд үздэг. Хэдийгээр үндсэн үзэл санаа тусгагдсан ч тодорхой зүйл хомс. Тиймээс нарийн загваруудыг гаргаж, түүндээ тулгуурлаж судалгаа хийсний дараа Үндсэн Хуулинд шигтгэж өгч болох юм.

Өнөөдөр ШУА-ын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх судалгааны төв зэрэг байгууллагууд эдийн засгийн Үндсэн хуулийн асуудлыг эдийн засгийн загварын концепци, олон улсын харилцаатай нийцүүлэн судалдаг. Үр дүн гарна гэж хүлээж байна.

- Гадны судлаачид Монгол улс баялаг ихтэй ч боловсон хүчин хомс учраас хүч тарамдаж, том төслүүд бүтэлгүйтдэг гэж үздэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд том, баян орны зангаргаар боломжоо тооцох нь буруу. АНУ, Японтой адил хөгжилтэй байж болох ч тэдэнтэй ижил хөгжлийн бодлого бидэнд тохирохгүй. Тэгэхээр цөөн хүн амаа аюулгүй, эрүүл, хангалуун амьдруулах хэмжээнд баялагаа ашиглах нь зүйтэй. Миний бодлоор Оюу-Толгой, Таван-Толгой зэрэг дэлхийд томоохонд тооцогддог ордуудад хамаг найдлага тавьж хошуурах хэрэггүй. Зөвхөн хүрэлцэх хэмжээний нөөцөө ашиглаад үлдсэнийг нь нөөцлөх хэрэгтэй. Учир нь технологи хурдацтай хөгжиж буй үед хэдхэн жилийн дотор газрын баялгийг хоосолж болно.

Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд өндөр үнэлдэг. Тиймээс газрын баялагт бус хүний нөөцийн баялагт түшиглэж хөгжвөл хожино. Жижиг зах зээлд том зах зээлийн бодлого тэр болгон тохирохгүй. Дэлхийн зах зээл дээр их мөнгө босгож, дэлхийг тэжээх гэж зүтгэх нь утгагүй. Өөрсдөдөө тохирсон менежментийн боддогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

- Барууны орнуудад олон арван жил хөгжөөд ирсэн системийг шууд хуулбарлах нь хэр зөв вэ? Эсвэл зөвхөн Монголд зориулсан хөгжлийн загвар байх ёстой юу?

Хэрэв бид нэгэнт ардчилсан замыг сонгосон бол зах зээл дэх төрийн оролцоог аль болох хязгаарлах ёстой. Өнөөдрийн эрх баригч нам бол цэвэр либерал үзэл баримтлалтай нам. Уг намын бодлогод төр эдийн засагт зөвхөн бодлого боловсруулах замаар оролцоно гэж заасан. Гэтэл өнөөдөр ардчиллын далбаан дор социализмын үеэс ч илүү эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож байна.

Бидний үлгэр болгодог АНУ-ыг анх Европын цагаачид байгуулж, дараа нь нэгдмэл улс болох гэж 19 дүгээр зууны дунд үе хүртэл тэмцэлдсэн. Он удаан жилийн тэмцлийн үр дүнд хүчирхэг эрх зүйн системтэй болсон. Харин Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Дорно дахины орнууд эрх зүйн талаар тэс өөр өв уламжлал, ойлголттой. Тиймээс барууны эрх зүйн тогтолцоог зөв ашиглаагүй тохиолдолд уламжлалт ёс зүй, аж ахуй зохион байгуулалтын арга, сэтгэлгээний хэв маяг, хүний мөн чанартай зөрчилдөж гаргасан хуулиуд хэрэгждэггүй.