Архины хуурай хуулиудын түүх
Германы "Октоберфест" хэмээх шар айрагны фестиваль
2014.03.04

Архины хуурай хуулиудын түүх

10 мянган жилийн туршид хүн төрөлхтөн дарс, айргийг цангаагаа тайлахын тулд өдөр тутам хэрэглэсээр иржээ. 12 дугаар зуунд Европчууд Дорно дахины ард түмнээс төрөл бүрийн ундааг нэрж спирт гаргаж авах аргыг сурчээ. Ингэснээр цангаа тайлагч ундааны согтууруулах чанар нэмэгдэж согтууруулах ундааны хорт хэрэглээ, зуршлын асуудал бий болжээ.

Согтууруулах ундааны хэрэглээг улс орон бүрт янз бүрээр хэрэгжүүлдэг ч эдийн засгийн, албан болон албан бус замаар архидалттай тэмцэх нийтлэг арга байдаг. Тодруулбал эдийн засгийн арга гэдэг нь архины үнийг өсгөх, албан арга нь хууль батлахыг хэлнэ. Харин албан бус аргад тухайн нийгэмд тогтсон уламжлал, архины хэрэглээний талаарх ёс суртахууны хэм хэмжээ ордог.

Ингээд уншигч та бүхэндээ дэлхийн зарим улс орнуудад архидалттай хэрхэн тэмцдэг болон тэмцдэггүй тухай сонирхуулъя.

Их Британи

Англид согтууруулах ундааны эсрэг төрийн бодлого явагддаггүй. Шар айрагны үйлдвэр, усан үзмийн талбай, лонх үйлдвэрлэгч завод, агуулах, ресторан, зочид буудлуудыг цөөн тооны томоохон корпорациуд эзэмшдэг. Согтууруулах ундааны бизнесийг зохицуулдаг цорын ганц арга нь зөвшөөрөл олгох систем. Шар айраг, дарс, архи үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл хэрэгтэй.

Англи 60000 пабтай

Хамгийн сүүлийн судалгаанаас харахад эрчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25 хувь нь нэг өдөрт хэрэглэх спиртын хэвийг хэмжээг хэтрүүлдэг бөгөөд нэг хүн жилд 10 орчим литр цэвэр спирт уудаг. 10 сая орчим иргэн эрүүл мэндэд хортой хэмжээнд согтууруулах ундааг хэрэглэдэг. Жилд 40 мянга гаруй хүн архидалтаас болж хорвоог орхидог. Британы өсвөр насныхан, ялангуяа охидууд европын залуучууд дотроос хамгийн архичинд тооцогддог.

2005 онд олны амгалан тайвныг алдагдуулсан уушийн газруудад сануулга өгөх шинэ дүрэм гарчээ. Хэрэв уушийн газрын эзэн үгэнд орохгүй бол эргүүлийн цагдаад төлбөр өгдөг аж.

Түүнчлэн жолооч нар 80 хүртэл грамм спирт үнэртүүлж болох бөгөөд хэдэн хундага коктейль уугаад жолооны ард суухад хэн ч зогсоохгүй.

2001 оноос цагдаа нар олон нийтийн газар архи уусан хүмүүсийн архийг хураах эрхтэй болов. Ингэснээр цагдаа нар гудамжинд архидсан этгээд эхний шаардлагаар хураалгахгүй бол торгодог болсон байна.

2005 оныг хүртэл зөвшөөрөлтэй бүх бар, пабууд шөнийн 11 цаг хүртэл ажиллаж, харин шөнийн клубууд гурван цагт хаалга барьдаг байв. Гэхдээ 2005 онд Британчууд 24 цагаар уух эрхтэй болж, Англи болон Уэльсын олонхи пабууд бүтэн хоногоор ажиллаж эхлэв.

Сонин хачин баримт

Питкэрн арал

Полинезийн арлуудын нэг Питкэрний эрх баригчид 2009 онд 200 жил үйлчилсэн архины эсрэг хуулийг цуцалжээ. Анх 200 жилийн өмнө согтуу хүмүүс амиа хорлох нь ихэссэн учраас архи үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ.

Питкэрн арал бол Номхон далай дахь Английн цорын ганц эзэмшил. Албан ёсоор 56 хүн амтай ч байнгын оршин суугчид 46-48 байдаг.

Герман

Германд мөн согтууруулах ундаатай тэмцэх дургүй. Архины эсрэг бүх санаачлагыг сайдуудын танхим бус улс төрийн намууд гаргадаг. “Ногоон” намын төлөөлөгчид буюу консерваторууд архины эсрэг хуулийг чангатгаж 18 нас хүрээгүй хүнд архи зарахыг хориглохыг уриалдаг ч Чөлөөт ардчилсан намынхан үүний эсрэг байдаг.

Германы 2,5 сая иргэн согтууруулах ундаанаас хараат байдалтай.

Жилд нэг хүнд ногдох цэвэр спиртийн хэмжээ 10,5 литр. Хоёр хувь нь архинаас болж нас бардаг. Үйлдвэрт таваас илүү жил ажилласан хүн архичин болсон бол ажил олгогч эмчилгээний зардлыг төлдөг бөгөөд энэ нь өндөр үнэтэй.

2001 онд Германчууд пивноос илүү дарс уусан дүн гарсан учраас “Пивочин үндэстэн” гэсэн цолноосоо салжээ. Эдүгээ нэг герман жилд 24,3 литр оргилуун дарс, дарс уудаг.

"Октоберфест"-ын баяр

Баярын үеэр нийтдээ долоон сая шар айргийг мюнхенчүүд болон жуулчид уудаг байна.

Жил бүр Баварийн нийслэл Мюнхенд Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн том баяр болох "Октоберфест" хэмээх шар айрагны фестиваль болдог ажээ. Баяр есдүгээр сарын гурав дахь бямба гарагт эхэлж 10 дугаар сарын эхний ням гарагт дуусдаг.

1896 онд баяр болдог нугад аварга том шар айрагны асруудыг барьжээ. Тэдгээрийн хамгийн томд тооцогддог "Hofbrauhaus"-д 11 мянган хүн багтдаг. Баярын гол ундаа болсон зургаан градусын шар айргийг зөвхөн тэр үед л худалдаж авах боломжтой.

Франц

19 дүгээр зууны эхэн үед нэг Франц хүн жилд 20 гаруй литр спирт уудаг байв. Энэ нь хувьсгалын өмнөх Орос улсаас долоо дахин их гэсэн үг. Гэхдээ жилд спиртэд хордож үхдэг хүний тоо сая тутамд 11 байсан бол Оросод 55 байсан нь Францууд хатуу архинаас илүүтэй зөөлөн дарс түлхүү хэрэглэдэг байсантай холбоотой.

2008 онд насанд хүрээгүй хүнд архи худалдах, боловсролын байгууллагын ойролцоо архи уухыг хоригложээ.

1961 онд Ерөнхийлөгч агсан Шарль Де Голль архидалтын эсрэг арга хэмжээ авч 40 жилийн дотор спиртийн хэрэглээ 38 хувиар буурч 2001 он гэхэд нэг хүн 15 литрийг хэрэглэдэг болов. Үр дүнтэй тэмцэхийн тулд эрх баригчид төрөл бүрийн арга чарга хэрэглэжээ. Юун түрүүнд үнийг хяналтдаа авч 1992 онд архи, тамхины үнийг зэрэг өсгөв. 1991 онд “Согтууруулах ундааны рекламыг хязгаарлах тухай хууль” баталж, телевизээр согтууруулах ундаанд хамаарах ямар ч рекламыг гаргахыг болиулсан нь архидалтыг эрс багасгажээ.

2009 онд залуучуудыг хямд үнээр, амархан согтдогийг болиулах зорилгоор хямд болон үнэгүй согтууруулах ундааны худалдааг хоригложээ.

Мөн ойрын хугацаанд шатахуун түгээх станциудын дэргэд архи зарахыг хориглохоор хуулийн төсөл боловсруулж байна. Ингэснээр согтуу жолооч нарын тоог багасгах юм.