Архи үйлдвэрлэгчдийг л "архичин" гэж нэрлэе
“Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган
2013.12.06

Архи үйлдвэрлэгчдийг л "архичин" гэж нэрлэе

“Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганы төлөөлөгчөөр сонгогдсон 100 төлөөлөгчид цөм эрчүүд. Ганц нэгхэн харагдах хүүхнүүд бол төрийн бус байгууллагынхан. Хүний төлөө тэр дундаа эрчүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг бүсгүйчүүдийн төлөөлөл гэсэн үг. Харин эрчүүдийн хувьд цөм урьд нь архины хамааралтай байсан, түүнийгээ ялан дийлсэн эрчүүд ажээ. 

Чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар биечлэн оролцож, архины хамаарлаас ангижирч чадсан эрчүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ хойшид тэдний үлгэр дуурайллыг  хэрхэн нийгэмд дэлгэрүүлэх талаар ярилцаж, салбар бүртээ архидалтыг бууруулах чиглэлээр хийх ажлаа танилцуулсан юм. 

Эрүүл, идэвхтэй амьдрал ТББ-ын олон нийттэй харилцах ажилтан Н.Батбаатар:

-21 наснаас доош настнуудад архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх журам гарсан. Үүнийг юун түрүүн хуулиндаа тусгах нь зүйтэй. Хүүхэд залуучуудыг архинаас ангид байлгах үүднээс “Залуус-XXI” төслийг бид хэрэгжүүлж эхлээд байна. Хоёрдугаарт гэвэл архины зохистой хэрэглээ гэсэн ойлголтыг халах ёстой. Архийг зохистойгоор ууж болно гэсэн ойлголт түгээмэл байгаа нь харамсалтай.

Түүнчлэн согтууруулах ундааны далд сурталчилгааны тухай хуулиар хориг тавих ёстой. Польшид л гэхэд архи, спирт үйлдвэрлэгчдийг халхавчилсан бизнес хийхийг хориглодог. Гэтэл манайд архины үйлдвэрүүд нь сүү үйлдвэрлэж байна, урлаг спортын арга хэмжээг ивээн тэтгэж байна.

Жишээ нь, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгээр хүмүүсийг орон байртай болгож, шинэ байшин барьж өгч байгаа нь сайн хэрэг боловч бүтээлгийг нь хуулахад л “Хараа” гэсэн бичиг гарч ирэх жишээтэй. Үүнийг далд сурталчилгаа гэхээс аргагүй. Энэ мэт халхавчилсан бизнесийг халах талаар хуульд тусгах байх гэж найдаж байгаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга:

Архины хор хөнөөлийг бууруулахын тулд энэ асуудлыг хуульчлахаас аргагүй.

-Согтууруулах ундаа, архи, спирт,  тамхи үйлдвэрлэгчдийг төрийн түшээ болох, УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах заалтыг Архины хяналтын тухай хуульд оруулах нь зүйтэй. Өмнөх парламентын үед энэ хуулийг хоёр ч удаа өргөн бариад дэмжлэг авалгүй унасан юм. Архины хор хөнөөлийг бууруулахын тулд энэ асуудлыг хуульчлахаас аргагүй. Бусад улс орнуудад ч гэсэн төрийн түшээ болоход хязгаарладаг олон заалтын нэг нь энэ.

Өнөөдөр манай улсад татварын болоод бусад төрлийн өр төлбөртэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлдэггүй. Гэтэл өр төлбөр бол тухайн хүний асуудал. Гэтэл архины үйлдвэрлэл гэдэг маш олныг хамарсан хэрэг болж байгаа юм. Архи, тамхи бол хортой бүтээгдэхүүн. Тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд УИХ-д сууж байна гэдэг бол харамсалтай.

Хүмүүс ийн өгүүлж байна. Эгэл иргэдээсээ эхлээд дарга сайдаа хүртэл архинаас татгалзаж байна. Ерөнхийлөгч л гэхэд шинэ оныг оргилуун дарсаар бус аяга дүүрэн сүүгээр угтдаг болсоор удаж байна. Тиймээс архинаас ангид амьдарч, согтуу сэтгэхүйгээр бус саруул ухаанаар хамтдаа урагшлахыг үндэсний чуулганд оролцогчид уриаллаа.