Төсөв хяналтгүйгээс сайд нар олон түрийвчтэй халааснуудаа цэгцэлж чаддаггүй
Чуулганы баасан гаригийн /2013.11.22/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Асуулгын хариуг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Засгийн газраас тусгай сангийн хуулиар их хэмжээний мөнгийг архи, тамхины орлогоос бүрдүүлдэг. Үүнийг архины эсрэг сурталчилгаа, тэр тусмаа архи, спиртийн хордлогод орсон, траншейнд амьдарч буй хүмүүсийг багасгахад зориулах ёстой гэж ойлгодог ч харамсалтай нь зориулалтынхаа дагуу ашиглагдаж байгаа эсэх нь ойлгомжгүй байдаг.
УИХ 2013 оны төсөв хэлэлцэхэд УИХ-ын 60-дугаар тогтоол гаргаж Засгийн газрын тусгай сангуудын тухай хуульд өөрчлөлт оруулаач. Засгийн газрын тусгай сангуудын сайд нарын багцад байдаг мөнгийг зөв зүйтэй зарцуулаач. Төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг дэмий, үр дүнгүй зүйлд зарцуулж байна.
Татвар төлөгчдийн мөнгийг дэмий, үр дүнгүй зүйлд зарцуулж байна.
Сайд нар дур зоргоороо янз бүрийн зүйлд буруу, зөв аргаар зарцуулдаг. Үүнд хяналт тавьж, аудитын шалгалт оруулаач гэсэн саналуудыг гаргасан ч ямар ч арга хэмжээ авагдаагүй. Сая 2014 оны төсөв орж ирэхэд тусгай сангуудын заримыг нь хаах, төсөв батлахад зүйл, заалт, зориулалтаар нь баталж хуваарилах байсан ч чадаагүй. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаа сул байгаа нэг баримт.
УИХ төсөв баталдаг мөртлөө төсвийн үйл ажиллагаа, татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгаад хяналт тавидаггүй учир сайд нар Засгийн газрын тусгай сангийн хуулиар байгуулагдсан олон түрийвчтэй халааснуудаа цэгцэлж чаддаггүй. Тиймээс архи, тамхины орлогоос орж ирж буй их хэмжээний мөнгөөр архидалтын эсрэг сурталчилгаа хийж, үйл ажиллагаагаа ч олигтой явуулж чаддаггүй. Энэ чиглэлээр ямар бодитой арга хэмжээ авна гэж боддог вэ?
Н.Удвал: Энэ жил 471 сая төгрөгийг ТББ-уудаар дамжуулан архины чиглэлээр томоохон ажлуудыг хийхэд зарцуулсан.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Архи, тамхины орлогоос Эрүүл мэндийн яаман дээр эрүүл мэндийг дэмжих сан гэж бий. Энэ санг Үндэсний аудит хянадаг. Дотоод аудитын хороо байнга шалгадаг.
Энд төвлөрсөн орлогоор бид архи тамхитай тэмцэх, хордлогыг бууруулах, архи тамхины хортой хэрэглээнээс сэргийлэх, гарсан хор уршгийг эмчлэх, зөвлөх, сургалт сурталчилгаа явуулах гээд олон ажлыг хийж байгаа. Энэ жил 471 сая төгрөгийг ТББ-уудаар дамжуулан архины чиглэлээр томоохон ажлуудыг хийхэд зарцуулсан.
Архидан согтуурахтай тэмцэх ажил ганцхан эрүүл мэндийн яамны ажил биш, олон салбаруудаас хамаардаг. Тиймд үүнийг үндэсний хэмжээний зохицуулалттайгаар хийх ёстой. Эрүүл мэндийг дэмжих сангийн ажиллах журам Засгийн газрын тогтоолоор батлагддаг. Салбар бүрээс орсон үндэсний зөвлөлтэй ажилладаг.