“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн чуулганд оролцож байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “PAGE Dubai-2014” “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн чуулганд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат болон Хөдөлмөрийн яамны төлөөллүүд оролцож байна.
2012 онд Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн чуулганаас “Бидний хүсч буй ирээдүйн гол зорилт бол тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулах явдал бөгөөд үүнд ногоон эдийн засаг гол байр суурь эзэлнэ” хэмээн тунхагласан.
Харин энэ удаагийн чуулганаар дараагийн үе шат болох “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Үйлдвэр хөгжлийн байгууллага, Сургалт, судалгааны хүрээлэн болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж, ирэх долоон жилд 30 орныг сонгож үндэсний ногоон эдийн засгийн бодлого боловсруулан мөрдүүлэх, энэ хүрээнд шинэ ажлын байр бий болгох, цэвэр технологийг дэмжих, байгаль орчны эрсдлийг бууруулах зорилго тавьж байгаа аж.
Монгол Улс 2013 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “PAGE” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг авах эхний хоёр орны нэг болсон билээ.
Дубай хотноо болж буй энэхүү чуулганаар “Ногоон эдийн засгийн түншлэл” санаачилгын хүрээнд цаашид боловсруулах бодлогын төсөл дээр сонирхогч орнуудын төлөөлөгчдөөс санал авахаар төлөвлөжээ.
Монгол Улс энэхүү санаачилгыг түрүүлж дэмжсэн улсын хувьд өндөр ач холбогдол өгч, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун сайд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьсан байна.