Л.Батсуурь: Манайх 10 сая хувьцаа гаргаж 1000 хувьцаа эзэмшигчидтэй болсон
“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Батсуурь
2014.03.07

Л.Батсуурь: Манайх 10 сая хувьцаа гаргаж 1000 хувьцаа эзэмшигчидтэй болсон

“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Батсуурьтай ярилцлаа.

-Танай компани засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцаач. Өнгөрсөн жил Грандбул шагнал болох компанийн засаглалыг хэрэгжүүлэгч шилдэг компаниар шалгарсан гэж сонссон?

Тийм ээ. Компанийн засаглал үндсэн дөрвөн зарчимтай. Ил тод байх, хяналтад байх, хариуцлагатай, тэгш эрхтэй байх зарчмыг хэрэгжүүлэх нь компанийн шинэ хуулиар зохицуулагдсан. Бид хамгийн гол нь хуулиа л ягштал мөрдөж ажиллахыг хичээдэг.

-Хэдийнээс хэрэгжүүлэх гэж зүтгэсэн бэ?

Компанийн тухай шинэчлэгдсэн хууль 2012 оны нэг сараас хэрэгжиж эхэлсэн тэр үеэс л засаглалыг хэрэгжүүлэхээр явж ирлээ. Энэ хууль бол их нарийвчилсан, тодорхой заалтуудтай болсноороо онцлог. Бидний зүгээс компанийн засаглалын бүх сургалтад сууж, мэдээлэл авсаны эцэст хэрэгжүүлэхийн чухлыг ойлгож, үр дүнтэй ажиллаж өдгөө ТОП20 компанид тогтмол орох болжээ. Өнгөрсөн жил манайх компанийн засаглалын шилдэг компаниар шалгарсан.

Компанийн засаглалыг хэрэгжүүлж, тэр нь сайн байсны эцэст үйлдвэрлэл сайн явагдаж, ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн байдал ил тод болдог. Баланс нь ил, гүйцэтгэх удирдлагын тавьж байгаа тайлан нь ил тод болдог.

-Та бүхэн компаниараа нэгэн зүгт харж, атгасан гар шиг болсоны үндсэн дээр засаглалыг хэрэгжүүлж байгаа байх. Гэхдээ эхэндээ бэрхшээл байсан байх. Түүнийг хэрхэн туулсан бэ?

Мэдээж байлгүй яах вэ. Шууд хийчихдэг ажил гэж байхгүй. Өдөр бүр, сар сараар хичээсээр улам боловсронгуй болж өсч хөгждөг юм. Манай гүйцэтгэх удирдлагууд баялаг туршлагатай голдуу гадаад хүмүүс ажиллаж байна. Тэд

Монголын хуулийг аль болохоор чанд биелүүлэхийг чармайдаг. Тэр нь бидэнд их хүч болдог.
-Танай компани засаглалыг хэрэгжүүлж ил тод байснаар ямар өөрчлөлт гарч байна вэ?

Компанийн засаглалыг хэрэгжүүлэх шатанд маш их өөрчлөлт гарсан. Ном дүрмийн дагуу яваад байхад үр нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгосон. Олборлолтын хэмжээ, ашиглалт, хөрөнгийн хэмжээ ч нэмэгдсэн.

-Танай компани унаж, босч их замыг туулж байгаа. Өнөөгийн байдлаа өмнөх байдалтайгаа харьцуулахад ямар зүйлийг мэдэрдэг вэ?

Их өөр болсон. Сүүлийн гурван жилд бид нар олборлолтын хувь хэмжээгээ огцом өсгөсөн.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд хөрс хуулалтаа долоо дахин, нүүрс олборлолтоо хоёр, гурав дахин нэмэгдүүлчихлээ. Өнгөрсөн жил 10 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ жилийн бизнес төлөвлөгөөгөөр мөн арван тэрбумын хөрөнгө оруулалтыг хийх гэж байна.

Төрийн өмчийнх байсан энэ уурхай 2003 онд хувийн хөрөнгө оруулагчдын мэдэлд бүрэн шилжсэн. Одоо хувьцаат буюу олон нийтийн компани хэлбэрээр ажилладаг. Төр анх 1995 онд хувьцаат компани болгон өөрчилсөн ч хөрөнгийнх нь 80 хувийг мэдэлдээ үлдээсэн.

Энэ бол засаглалаа хэрэгжүүлж байгаагийн ач тус. Манай компани нэлээн олон жил үйл ажиллагаа явуулж, унаж босч яваагийн хувьд ТУЗ, гүйцэтгэх удирдлага, нийт ажилтан албан хаагчиддаа баярлаж явдаг. Тэд үнэхээр сайн ажиллаж байгаа.

-Ажиллах хүчний хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

Ажиллах хүч нэмэгдсэн. Тэр дундаа тэдний мэдлэг боловсрол маш их дээшилсэн. Өмнө нь оросын тоног төхөөрөмж дээр ажилладаг байсан бол одоо хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр барууны тоног төхөөрөмж технологитой болж байгаа учраас техникийг эзэмших асуудал тулгарч байна. Бид өнгөрсөн жил удирдах зөвлөлийнхөө бүтцийн схемийг шинэчилсэн. Тэр дагуу барууны туршлагатай, 20-30 жилийн туршлагатай удирдагчдыг сонгосон.

-Хичнээн хувьцаа эзэмшигчтэй вэ?

1000 гаруй хүн байна. Манайх арван сая гаруй хувьцаа гаргасан. Төвлөрсөн нь гэвэл зургаа долоон байдаг. Гэхдээ хяналтын багц руу орох хэмжээний биш.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг яаж хамгаалж байна вэ?

Хамгаалдаг. Ялангуяа мэдээллээ ил тод тавих, хуралд оролцуулах, саналыг нь авах гэх байдлаар хамгаалдаг. Хурал хийх товоо гаргаж брокер диллерийн компаниар дамжуулж мэдээлдэг. Материалаа заавал хүргэдэг. Хурал хуралдуулах журмыг компанийн засаглалын зарчмын дагуу

http://sharyngol.com/ Шарын голын уурхай “Комацү” брэндээр техникийн шинэчлэл хийлээ

гаргасан.

-Төлөөлөн удирдах зөвлөлдөө ямар шалгуурыг тавьдаг вэ?

Хувьцаа эзэмшигчдээс голдуу орж ирдэг. Мөн хараат бус гишүүд орж ирнэ. Тэд нар өөрсдийнхөө саналыг өгч, нэрээ дэвшүүлсэний үндсэн дээр хооронд нь өрсөлдүүлдэг. ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороогоор орж өөрийн мөрийн  хөтөлбөрөө гаргаж саналаа дэвшүүлдэг. Тусгай шалгуурыг мөн хардаг. Манай компанийн дүрмийн дагуу хоёр жил тутам сонгууль явуулдаг.  

-Танайхаас үлгэр дууриалал аваад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье, компанийн засаглалаа сайжруулья гээд бодож байгаа компаниудад юуг хамгийн түрүүнд зөвлөх вэ?

Би 1995 оноос хойш өдгөө хүртэл ТУЗ-ийн нарийн бичгийн дарга хийж байна. Надад  бяцхан туршлага бий. Компанийн тухай хууль их чамбай учир хуулиа л барихад асуудалгүй. Тиймээс компаниуд хоорондоо харилцан бие биенээсээ суралцах асуудлыг дэмжвэл олон шинэ санаа гарч ирнэ. Мөн тасралтгүй суралцах ёстойг мартаж болохгүй.

ТУЗ бол их хариуцлага. Бид нар өнгөрсөн жил ногдол ашиг тараасан. Харин энэ жил тараахгүй. Харин дараа жилээс тараах байх гэж найдаж байна. Манай үйлдвэрлэл их ашигтай болж байгаа.  

 Ярилцсанд баярлалаа.