Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.
2014.03.03

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 0.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийг судалдаг юм.

Энэ долоон хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, долоон хоногийн өмнөхөөс 0.6 хувиар өссөн ажээ. Махны үнийн хувьд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар өссөн байна.

Энэ долоон хоногийн байдлаар нийслэл дэх хүнсний зах, худалдааны төвүүдэд нэг кг хонины ястай мах 6700 төгрөг, үхрийн ястай мах 7790 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, нэгдүгээр зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байгааг статистикчид мэдээллээ.

Төмс, хүнсний ногоон үнийг өмнөх сарын дундажтай харьцуулахад сонгино 2.7 хувь, байцаа 3.2 хувь, лууван 4.2 хувь, төмс 4.4 хувь, манжингийн үнэ 0.6 хувиар буурчээ.