С.Бямбацогт: “Нефтийнхэнд 200 тэрбумын зээл олгосон
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.02.27

С.Бямбацогт: “Нефтийнхэнд 200 тэрбумын зээл олгосон

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр тэрээр ам.долларын ханш 1795 төгрөгтэй тэнцэн хяналтаас гарч байгааг анхааруулаад Засгийн газар яаралтай арга хэмжээ авах ёстой хэмээн мэдэгдсэн юм. Мөн голлох нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Ийм байтал нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, бүхий л бараа бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлсэн нь хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх цаг болсныг харуулж байгаа.

Н.Алтанхуягийн танхим түүхэнд байгаагүй их мөнгө буюу 14 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлсэн. Ийм байтал эдийн засгийг сульдааж “Улаан” гэрэл асаасан нь Засгийн газар эдийн засгаа сэргээх оновчтой бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж шүүмжилсэн юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-“Нефтийн үнийг тогтворжуулах хүрээнд хэдий хэмжээний зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг юм бол?

-Засгийн газар, Уул уурхайн яам, Монголбанктай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжид жилийн 3.8 хувийн хүүтэй 200 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн 532 тэрбум төгрөгийг валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг.

Гэтэл нефтийн бүтээгдэхүүний үнэ 1 литр тутамдаа 50-90 төгрөгөөр өсчихөөд байна. Нетийн үнэ 50 төгрөгөөр буурахаар Ерөнхий сайд “Би буулгасан” гэж ярих атлаа “Нефтийн үнэ өсчихлөө, юунаас болов” гэж сэтгүүлч асуухаар “40, 50 төгрөгийн нэмэгдэл надад хамаагүй” гэж хариулсан байх жишээтэй. Нефтийн бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл 1 литр тутамдаа Улаанбаатар хотод 50 төгрөг байгаа бол хөдөөд 50-90 хүртэл төгрөгөөр өссөн байгаа.

Үнэ буухаар Ерөнхий сайдын гавьяа болдог, үнэ өсөхөөр хамаагүй болдог байж таарахгүй. Засгийн газар үнийг тогтворжуулна гэж УИХ-аар хөтөлбөр батлуулж авсан хойно хариуцлагатай л хандах ёстой.

-Шүүмжлэх нэг хэрэг байх. Цаашид Засгийн газар яаж ажиллах ёстой вэ, эдийн засгийг сэргээхийн тулд. УИХ дахь МАН-ын бүлгээс ямар санаа оноо дэвшүүлж байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг бизнесийг идэвхижүүлье, эдийн засгийг идэвхижүүлье гэдэг шаардлага тавьж байгаа. Ингэхийн тулд татвар төлөөгчдөө дэмжье, татвар төлөгчдөө дарамталсан айлгасан сүрдүүлсэн бодлогоос болж эдийн засаг хумигдаж байна. Мөн хөрөнгө оруулагчдаа дэмжье. Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр хоёр дахин нэмэгдсэн хурган дарга нараа багасга, аж ахуйн нэгж, ард иргэдэд ялгавартай ханддагаа больж тэгш үйлчил гэдэг шаардлага тавьж байгаа.

-УИХ дахь цөөнхийн бүлэг даргаа сольж, шинэ удирдлагатай болсон ч үр дүн гарсангүй, С.Бямбацогт гишүүн эрчтэй ажиллаж чадахгүй байна. Валютын ханш өссөн нь УИХ-аар 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх үед цөөнхийн бүлэг идэвхитэй ажиллаагүйн гор өнөөдөр гарч байна уу гэх шүүмжлэл дагуулах боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бурууг бусдад тохохыг оролдоод хол явахгүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэж үг бий. Нийгэм, эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг ард иргэд бүгд харж, дүгнэж байгаа. Ийм байтал буруу болгоныг эрх мэдэлгүй цөөнхөд тохохыг оролдож байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн цагааныг хар болгож, үнэнийг худлаа болгож яриад болно гэж бодож байгаатай нь холбоотой. Тийм учраас иймэрхүү шалдар булдар яриагаар үг хийгээд явахыг хүсэхгүй байна.

 -УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэж ирц бүрдүүлж санал өгч байх хуулийн төслийг та санаачлан УИХ-аар хэлэлцсэн ч эргүүлэн татсан. Хуулийн төслийг эргүүлэн татсан шалтгааныг УИХ-ын дарга тантай холбоотой гэх тайлбар өгсөн. Ямар шалтгаан гараад төслөө татах болсон юм бэ?

-УИХ-ын чуулган, байнгын хороонд оролцох гишүүдийн ирцийг бүрдүүлж, хуралдааныг цаг хугацаанд нь зохион байгуулах үүрэг нь УИХ-ын болон байнгын хороодын дарга нарт байдаг. Харамсалтай нь УИХ байгуулагдсан цагаасаа хойш чуулганы болон байнгын хороодын хуралдаан цагтаа эхэлсэн нь тоотой. Тэр байтугай ирц хүрэхгүйгээс болж олон удаа хойшилж байсан.

Үүнийг л таслан зогсоох гэж нэр бүхий гишүүд хамтраад УИХ-ын гишүүний ирц бүрдүүлэлт, санал өгөлтийг хурууны хээгээр өгдөг болъё гэж хуулийн төсөл санаачилсан. Өөрөөр хэлбэл, хэн хэгний өмнөөс кноп дарахаа болъё, нэг хэсэг нь хувийнхаа ажлыг амжуулдаг байж болохгүй гэдгээр хандсан. Харамсалтай нь, эрх баригч намын гишүүд тухайлбал, С.Баярцогт гишүүн “Энэ хууль буруу, унагасан” гэсэн. Энэ мэт шалтгаанаар төслийг татаж авахаас арга байгаагүй дээ.