Монгол улсын экспорт, импорт хоёул буурчээ
Үндэсний Статистикийн Хорооны мэ­дээллээ
2014.01.15

Монгол улсын экспорт, импорт хоёул буурчээ

Өнгөрсөн 2013 оны байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх 2012 оныхтой харьцуулахад 4.5 хувиар буурч, 10.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Тодруулбал экспорт өнгөрсөн онд 4.27 тэрбум доллар болсон нь 2012 оны 4.38 тэрбум долларын үзүүлэлттэй харьцуулахад 2.6 хувиар буурсан дүнтэй гарчээ. Импортын тухайд 2013 оны нийт дүнгээр 6.35 тэрбум доллартай гарсан нь 2012 оны дүн болох 6.74 тэрбум доллартай харьцуулахад 5.7 хувиар буурчээ. Хэдийгээр импортын хэмжээ буурч, манай улсын 2013 оны гадаад худалдааны алдагдал  2012 оныхоос 11.5 хувиар буурсан сайн талтай ч, экспорт бууралттайгаар шинэ онтой золгож байна.

Экспортын бууралтад эрдэс бүтээгдэхүүний экспорт 414.4 сая доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. 2013 онд нүүрсний үнэ бараг “шалдаа буусан” ч нийт экспортод уг түүхий эдийн орлого 26.3 хувийг эзэлж, эхний байранд орсон хэвээр байна. Зэсийн орлогын тухайд улсын нийт экспортод  22.2 хувь, төмрийн хүдрийнх 15.3, газрын тос 12.1 хувь, алт 7.8 хувь, цайрын хүдэр болон баяжмал 2.8 хувь, жоншны хүдэр болон баяжмал 1.9 хувийг тус тус эзэлжээ.

Энэ дундаа алтны экспортод эзлэх хувь өнгөрсөн 2012 оныхтой харьцуулахад 5 хувь, газрын тос 4.4 хувь, төмрийн хүдэр 3.2 хувь, зэсийн баяжмал 3.1 хувиар өсчээ. Харин нүүрсний орлогын экспортод эзлэх хувь 17.1 хувь, жоншных 0.4 хувь, цайрынх 0.2 хувиар тус тус буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.