Р.Бурмаа: Дахиж нэр дэвшүүлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Л.Цог гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших насыг 25-аас 40 болгоно гэсэн санал гарсан гэж ярьсан. Үүнийг Сонгуулийн нэгдсэн хуульд хэрхэн тусгасан бэ?
-Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуульд суурилж хуулийн төслөө боловруулж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл ч гараагүй байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийн гээд бусад ажлын хэсгүүдээс санал ирсэн үү?
-Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт санал ирсэн. Улс төр судлаачид, сонгуулийн болон улс төрийн намын чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос орон нутагт хийж байгаа хэлэлцүүлгээс гарсан сонгуультай холбоотой саналуудыг нэгтгэж авсан. Өнөөдөр парламентад суудалгүй намуудаас саналыг нь авч байна. Өргөн хүрээтэй саналууд нэгтгэж авна. Иргэд ч гэсэн саналаа захидлаар өгсөн.
-Мажоритар тогтолцоонд 48:28, 38:38 гэсэн хоёр хувилбар ярьж байгаа. Нэг тойрог нэг мандат байна гэсэн зарчим бий гэхээр хүн амын тооны харьцааг яаж харгалзан үзэх вэ?
-Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ хоёрыг харгалзан үзнэ. Мөн засаг захиргааны нэгж гэдгийг харгалзан үзэж тойрог байгуулна. Тойрог байгуулах ажлыг хариуцах нэгж байна. Судалж байж тооны харьцааг гаргана. Хот хөдөөгийн харьцаа өөр байдаг. Хүн амын тоог барина гэхээр зарим засаг захиргааны нэгж тойроггүй болчих тал гардаг.
-УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдэд дараагийн сонгуулиар дахиж орж ирэх боломж байгаа гэсэн үг үү?
-Улс төрийн намууд өөрсдөө шийднэ. Сонгуулийн хуульд өмнө нь нэр дэвшсэн хүмүүс дахиж дэвшихгүй гэсэн зохицуулалт байхгүй.
-Эмэгтэйчүүдийн нэр дэвших 20 хувийн квотыг нэмэх санал гарсан гэсэн?
-Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас 30 хувь гэсэн санал гарсан. Хуулийн төслөө УИХ-ын Хаврын чуулганд өргөн барина.