Баруун бүсэд цайр, хар тугалгын хүдэр баяжуулах үйлдвэр нээгдэв
Баяжуулах үйлдвэр
2014.03.14

Баруун бүсэд цайр, хар тугалгын хүдэр баяжуулах үйлдвэр нээгдэв

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Баян-Өлгий аймагт ажиллав. Тэгэхдээ Ногооннуур сумын нутаг "Дулаан хар"-ын цайр, хар тугалгын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцжээ.

Энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын "Чи Хуа" группийн "Юушэнгминг" ХХК уг баяжуулах үйлдвэрийг барьжээ. Уг баяжуулах үйлдвэр жилд 300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Ийм учраас Баруун бүс нутагт хамгийн томд тооцогдох үйлдвэр ажээ. Ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажиллана.

Энэ үйлдвэрийг барих өртөг нь 100 гаруй сая ам.доллар болжээ. Үүнээс гадна уул уурхайн сайд Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай танилцсан байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан.

Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад технологийн шинжтэй ажлууд хийх шаардлагатай байгаа талаар "Асгат" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал танилцуулжээ.