Олон дамжлагатай хураамж, хүнд суртлаас болж нүүрсний экспорт удааширчээ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.02.27

Олон дамжлагатай хураамж, хүнд суртлаас болж нүүрсний экспорт удааширчээ

Уул уурхайн яамныхан өчигдөр сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа хийлээ.

Хурлын эхэнд Д.Ганхуяг сайд өнгөрсөн долоо хоногт болсон “Coal Mongolia” чуулга уулзалтын үр дүнг онцолсон юм. Тэрээр “Экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудлын талаар чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийлсэн. Нүүрсний салбарт тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол дэд бүтэц, үнэ, татвар хураамж. Монголын хувьд нүүрсээ авто замаар тээвэрлэж байгаа учир өрсөлдөгч орнуудаас бараг хоёр дахин өндөр өртөг гаргадаг.

Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй, транзит тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, хилийн боомт хүнд сурталтай, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн гол боомт 24 цагийн үйл ажиллагаагүй, олон улсын статусгүй байна. Нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, бүтээгдэхүүний ангилал, боловсруулалт олон улсын түвшинд хүрээгүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлогогүй байгаа.

Дээр нь хураамжийн төрөл олон гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Тиймээс Уул уурхайн яам, “Нүүрс” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөр батлагдсанаар нүүрс болон нүүрсний давхаргын метан хийн боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана” гэж ярив.

Энэ онд хоёр тэрбум 58 сая ам.долларын үнэ бүхий нэг сая 25 мянган тонн зэсийн баяжмал, 13.66 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.9 мянган тонн молибдений баяжмал, хоёр тэрбум 732 сая ам.долларын өртөг бүхий 31.4 сая.тонн нүүрс, нэг тэрбум 290 сая ам.доллар бүхий26.3тонн алт, 221.2 сая ам.доллартай тэнцэхүйц 5.849 мянган баррель газрын тос тус экспортлохоор төлөвлөжээ. Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компани газрын тосны бүтээгдэхүүний үнийг түүхий газрын тосны олон улсын биржийн үнэд үндэслэн тооцдог нийтлэг аргачлалд шилжсэнээр нэг тонн шатахууны хилийн үнийг төрөл тус бүрт нь 300 орчим ам.доллараар бууруулжээ.

“ЧАЛКО”-д төлөх өрөө зургадугаар сар гэхэд барагдуулна

Өнгөрсөн онд 2000 кг нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтад зориулж Япон руу ачуулжээ.

БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 300 сая ам.долларыг “Эрдэнэс Таван толгой” компани зээлсэн. Гэвч нүүрсний үнийн уналтаас болж зээлийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болсон тул “Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс тээвэрлэлтээ түр зогсоож “Чалко" компанийн удирдлагуудтай хүчин төгөлдөр’байгаа гэрээний зарим нөхцөлүүдийг сайжруулж, үнийг өсгөх зорилгоор хэлэлцээр хийж байсан юм.

41 ам.доллар болох байсан нүүрсний үнийг 49 ам.доллар болгож өсгөсөн гэх мэдээллийг засгийн зүгээс өгч байсан билээ. Энэ мэдээллийн дараа тээвэрлэлтээ сэргээж өрөө дарж эхэлжээ. Одоогоор зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар байгаа аж. Энэ оны тав;угаар сарын эцэст өрөө дарж дуусах гэнэ.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулахаар болжээ

Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монголд нэвтрүүлэх төслийг өнгөрсөн оноос эхлүүлжээ. "Эрдэнэс таван толгой”, Японы Ж-коул агентлаг, Нагата инженеринг нарын хооронд санамж бичиг байгуулан хуурай аргаар буюу элсээр нүүрс баяжуулах технологийг Японд туршихаар болжээ. Өнгөрсөн онд 2000 кг нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтад зориулж Япон руу ачуулжээ.Туршил амжилттай болсон гэнэ. “Нагата инженеринг” компани Таван толгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хоёр төрлийн технологи, тоног төхөөрөмжийг санал болгож байгаа аж.

Засгийн газар цагаан суваргын ордыг ашиглах асуудлыг удахгүй шийднэ 

Дашрамд дуулгахад Газрын тосны тухай хууль УИХ дээр хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа гэнэ. Занар, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор татварын таатай орчин бүрдүүлсэн гэж яамныхан ярьж байв. Энэ чигийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг нэмүү өртөг болон гаалийн татвараас чөлөөлжээ. Нүүрс шингэрүүлэх төслийн ажлын хэсэг байгуулагджээ. Стратегийн ач холбогдолтой 15 ордын нэг болох Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан суваргын зэс молибдены ордыг ашиглах асуудлыг Засгийн газар, УИХ-аар удахгүй хэлэлцүүлнэ гэдгээ яамныхан мэдэгдэв.

Нүүрснээс олох ашиг буурсан нь тээврийн салбар дахь хүнд сурталтай холбоотой гэж сайд хэлэв. Дан ганц “Эрдэнэс таван толгой”-н хувьд л гэхэд долоон сая тонн нүүрс олборлосон хэрнээ талаас илүүг нь экспортолж чадаагүй гэнэ. Түүнчлэн Монгол болон Хятадын талдаа тус бүр 10 гаруй төрлийн хураамж, татвар төлдөг хүнд суртал, зардал чирэгдлийг үгүй болгохоор дорвитой алхам хийнэ гэдгийг Уул уурхайн сайд хэлсэн юм.

Төр үйлдвэрүүд байгуулна гэв

Таван толгой” зэрэг хүрэн нүүрсний дөрөв таван орд дээр үйлдвэрүүд барина.

Мэдээллийн дараа сэтгүүлчид Уул уурхайн сайд Д.Ганхуягаас сонирхсон асуултдаа хариу авсан юм.

-Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан. Техник эдийн засгийн үнэлгээ нь хийгдсэн. Ажлын зураг нь хийгдэж байгаа.

-”Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд нүүрсний давхаргын метан хий боловсруулах болон нүүрснээс шатдаг хий, шингэн түлш боловсруулах үйлдвэрүүдийг барихаар төлөвлөсөн гэж та сая ярилаа. Төр нүүрсний салбарт баригдах гол үйлдвэрүүдийг барина гэж ойлгож болох уу?

-“Таван толгой” зэрэг хүрэн нүүрсний дөрөв таван орд дээр үйлдвэрүүд барина. Ихэнх гэрээ энэ жилдээ байгуулагдаад барилгын ажил нь эхэлчих байх. Монголын нүүрсний томоохон сав газрууд болох Чойр Налайхын сав газар, Өмнөговийн сав болон төвийн бүс зэрэг нүүрсний сав газруудад ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаар төсөөллөө гаргасан. Судалгааны ажил нь дуусахаар бүх зүйл тодорхой болно. Ер нь ихэнх улс орнууд эдийн засгийнхаа асуудлыг доод тал нь 20 жилээр төлөвлөсөн байдаг. Бид ч гэсэн нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр төлөвлөгөө боловсруулаад, урд хөрштэй гэрээ байгуулаад байгаа.

-Төр хувийн салбар дахь оролцоогоо хумьж, том төрөөс ухаалаг төр рүү шилжинэ гэсэн мэдэгдлийг төрийн тэргүүнээсээ эхлээд хийж байгаа. Нүүрсний салбарт хувийн хэвшил хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээ зарлачихсан. Ухаалаг төр ярьж байгаа энэ үед төр нүүрсний салбарт ийм өндөр оролцоотой байх шаардлага байгаа юм уу?

-Аль ч орон эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах тал дээр анхаардаг. Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдээ нээлттэй буюу хувьцаат компани болгож, олон нийтийн хяналт дор ажиллуулах нь хамгийн зөв шийдэл гэдэгтэй яамныхан санал нэг байгаа. Тэгээд ч энэ бол дэлхийн жишиг. Төрийн өмчийн уул уурхайн компаниудыг корпорацийн буюу бизнесийн зохион байгуулалтад оруулж, засаглалыг нь сайжруулах тал дээр Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран ажиллаж байна.

-Асгатын мөнгөний ордын асуудал ямархуу байгаа вэ. Тодорхой шийдэл гарч байна уу?

-Асгатын мөнгөний ордын хувьд ахиц гарч байгаа. Оны өмнөхөн хоёр орны Засгийн газар хоорондын хурал болсон. Бизнесийн асуудалд төрөөс хөндлөнгөөс оролцохгүй байх гэдэг дээр аль аль тал нь тохиролцоонд хүрсэн. Тиймээс Оросын талаас “Орос технологи” компани, Монголын талаас “Эрдэнэс МГЛ” компаниуд гол менежментээ хийж байна. Цаашид хамтарсан компани байгуулаад эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажлын хэсэг байгуулагдсан.