Н.Алагаа: Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчдаа л алдаж болохгүй
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай ярилцлаа.
-Уул уурхайн салбарын нөхцөл байдал ямар байна вэ. Зарим хүмүүс хүнд бэрхшээлтэй байгаа л гэх юм?
-2012 оны дунд үеэс эхлээд л уул уурхайн салбарынхан хүнд байдалд орсон. Уул уурхайн салбарын хамгийн гол онцлог нь үнийн уналтын гол мөчлөг байдаг. Тодруулбал, уруудахдаа олон жил урууддаг. Харин өсөхдөө удаан байдаг. Үүнийг урьдчилан тааварлах боломжгүй учраас том эрсдэлтэй салбар шүү дээ. Энэ байдал хэлж ирдэггүй. Өвчин шиг хийсч ирдэг зүйл байхгүй юу. Мэдээж нийлүүлэлтээсээ хамгийн хамааралтай гэсэн үг. Тухайн нөхцөл байдал, ашиглалтаас хамаарна. Түүнээс тааварлаж юм уу, таамаглаж болохооргүй мөчлөгтэй.
Түүнчлэн уул уурхайн салбартай холбоотой статистик мэдээлэл их байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт зогссон. Гаднаас орж ирсэн ажилчдаа цомхотгосон зэрэг мэдээллүүд бий. Энэ бүх зүйл дан ганц 2014 онд өргөс авч байгаа юм шиг алга болчихгүй шүү дээ. Бид зөвхөн эрхзүйн шинэчлэлээ хийж эхэлж байна. Тиймээс 70-80 хувь нь дотоод хүчин зүйлээс хамаарч байна. Гадаад хүчин зүйл нь гэвэл дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтаас хамааралтай байна.
-Эрдэс баялгийн салбарын үнийн бууралт хэдийд дуусах бол. Үнийн бууралтаас сэргийлэх арга бий юу?
-Үнийн бууралт энэ оноор зогсохгүй. Энэ байдал 3-4 жил үргэлжилж магадгүй. Харин энэ хугацаанд Монголд хөрөнгө оруулж ирж, царцаачихаад байгаа тэр зүйлийг хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах явдал юм. Шинээр орж ирэх нь харин өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Монголд ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа л алдаж болохгүй.
-Хөрөнгө оруулалт буурч байгаагийн шалтгааныг манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбон тайлбарладаг. Хөрөнгө оруулалтын тухай батлагдсанаар уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ үзэж байна уу. Энэ асуудал дээр таны байр суурийг сонирхвол?
Хөрөнгө оруулалтын тухай хууль бидний хүлээж байсан шиг болоогүй.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль бидний хүлээж байсан шиг болоогүй. Учир нь хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгодог босго нь их өндөр болсон байна. Түүнчлэн үндэсний дунд болон томорч байгаа компаниуд хамрагдах боломжгүй. Улмаар төслийнхөө үр ашгаа хүртэж чадаагүй компаниудад хамааралгүй болсноороо эрдэс баялагтаа халтай байна.
Гэхдээ дан ганц уул уурхайн гэхгүй бүх салбарын хөрөнгө оруулалтад хамааралтай. Тиймээс Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиуд нь сайн гараад урт хугацаанд тогтвортой хэрэгжээсэй. Энэ чухал хуулиуд нь тогтвортой хэрэгжихэд л анхаарах хэрэгтэй байх. Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого, бусад хууль, татварын хуулиуд зайлшгүй тогтвортой байх шаардлагатай байна. Ингэж тогтвортой байж урт хугацааны хөрөнгө оруулалт орж ирнэ.
-Алтны худалдааны ил тод байдлын тухай батлагдсанаар Оюутолгойн гэрээнд хөнгөлөлт үзүүлэх үү. Роялтийг 2.5 болгох нь хэр зөв асуудал вэ?
-Оюутолгойд хөнгөлөлт үзүүлнэ гэж ярьж байгаа бол мэддэггүй хүний үг шүү дээ. Тэд уул уурхайн салбар гэж мэддэггүй хүмүүсийн яриа. Улмаар металлурги, боловсруулах үйлдвэрийн талаар огт мэддэггүй, ойлгодоггүй л юм байна. Энэ бол Монголбанкинд худалдсан алтанд хамааралтай. Түүнээс Оюутолгойн зэсийн баяжмалыг Монголбанкинд худалдахгүй биз дээ. Баяжмалаа Монголбанканд авч очоод та нар үүнийг ав. Энэ дотор алт байгаа гээд л аваачиж өгөх нь л дээ. Ингэж ярьж байгаа хүмүүсийг хуулийн зүйлт заалт, уншсан зүйлээ ялгаж салгаж ойлгодоггүй гэж хэлэхээс өөр яах вэ дээ.
-“Урт нэртэй” хуулийи дагаж мөрдөгдөх журмын тухай хуулийн талаар таны байр суурь ямар байна вэ?
-Энэ хуульд бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан.
-Энэ хуульд бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Түүнийг тохиолдол болгон дээр авч үзэх ёстой шүү дээ. Нөхөн сэргээлтээ хийгээд байгаль орчиндоо халгүй олборлолт явуулж байгаа газрыг яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Үүн дээр сонголттой хандах ёстой.
Урт нэртэй хууль 2009 онд УИХ-ын чуулганаар батлагдсан. Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт 2004 онд орсон. Харин Усны тухай хууль 2004 онд батлагдсан. Энэ хоёр хуульд ямар газар ашигт малтмал хайж олборлохыг тодорхой заасан байсан. Харин тухайн үед хариуцсан салбарын яам нь хэрэгжүүлээгүй. Түүнээс хойш таван жил болсон. Тэгээд л Урт нэртэй хууль батлагдсан.
-Уул уурхайн салбарынхан ил тод байх тал дээр ямар ойлголтгой байна вэ?
-Ил тод байдлын санаачлагын хувьд анх дэлхийд гарсан чиг хандлага нь том төслүүд, улс төрийн хооронд авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх л зорилготой байсан. Жижиг аж ахуйн нэгжүүд Засгийн газарт, УИХ-ын гишүүнд юугаараа хахууль өгөх билээ.
Манайд хэрэгжиж байгаа томоохон компаниуд, төслүүд ил тод байдлын санаачилгын тайлангаа гаргаж байгаа. Жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд барьцгүй байна. Зарим нь хаягандаа байхгүй, зарим нь олборлолт явуулж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байх жишээтэй. Тэр бүх аж ахуйн нэгжүүдийг энэхүү ил тод байдлын санаачилгын төсөлд хамруулна гэвэл суурь зарчим нь шал дэмий зүйлд цаг үрж гол зорилгоосоо хазайх болох юм.
Манай ассиоциацийн зүгээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга бол албадлагын шинжтэй зүйл биш юм гэдэг үүднээс хэрэгжүүлэх гэж үзсэн. Гэтэл манай монголчуудын хувьд сайн дурын байдлаар аливаад хандах хандлага нь тааруу учраас албадлагын болохоос өөр замгүй юм.
Гол санаа нь тайлангаа олон нийтэд ил тод л байлгах. Үүнийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компани төслүүд бүгд хүлээн зөвшөөрчихсөн гэж хэлж болно. Тийм ч учраас ил тод байдлын санаачилга амжилттай хэрэгжиж байгаа 32 орноос дөрөвдүгээрт жагссан. Энэ бол том амжилт шүү.