Эрдэс баялагт төрөөс баримтлах баримт бичгийн зарим заалтыг дахин ярих хэрэгтэй
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж Ерөнхий сайд болон уул уурхайн яамтай холбоотой бусад сайдууд ээлж дараалан уул уурхайн салбарт шинэ бодлого баримтлахаа ил зарласан.
Үүнээс болж гадны хөрөнгө оруулагчид эргэлзээнд орж, валютын урсгал зогссоноор гадаад худалдаа алдагдалд орсон.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Улсын их хурлын тогтоолын зарим заалт дээр дахин ярих хэрэгтэй гэж үзсэн. Ажлын хэсэг ярилцаж байгаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг болгоомжилсон байдалд оруулах вий гэсэн хоёрдмол утгатай заалтууд төгсгөлийн хэлэлцүүлэгт орж ирсэн. Тухайлбал бизнес эрхлэгчид уул уурхайн салбарт ажиллагсдыг шүүхийн журмаар хохирол нөхөн төлүүлбэл тодорхой хувийг ТББ авдаг гэх мэт миний хувьд бол ойлгомжгүй эрдэс баялагын бодлогод байх ёсгүй заалтууд байна.
Үүнд эргэн харж оноос өмнө нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ салбар эрсдэлтэй асар их хөрөнгө оруулалт, итгэл шаарддаг салбар учир эргэлзээтэй заалтыг оруулахгүй байх хүсэлтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
Төрийн оролцоо уул уурхайн салбарт ямар байхыг тодорхой болгох ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон шалтгаан нь уул уурхайн салбарт төрийн оролцоо тодорхойгүй байгаагаас үүдэлтэй. Төр улс төрийн байдал, сонгуультай холилдон лицензээ зогсоох, хүчингүй болгох зэрэг зүйл нь хамгийн хортойгоор монголын эдийн засагт нөлөөлж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Алт гадагшаа гардаг хоосон нүхтэй үлдэх гээд байна. Монголд жилдээ 20 тонн алт олборлох боломжтой гэж үздэг. Гэхдээ дарамттай татварын хууль гаргаснаар алт банкинд тушаагддаггүй, далд эдийн засаг өсч байна шүү дээ.
Эрдэс баялагын талаарх төрөөс баримтлах баримт бичгийг гадаадын мянга мянган хөрөнгө оруулагчид анхаарал тавин хүлээж байна.