Эрдэс баялгийн салбар дахь өрөвдөлтэй нөхцөл байдал, өөдрөг сэтгэл
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түүчээ болсон эрдэс баялгийн салбарын ирээдүйн талаар хэлэлцлээ.
Манай улс уул уурхайн салбар, эрдэс баялагтаа тулгуурласан үйлдвэрлэл явуулах, экспортоо нэмэгдүүлэх хөгжлийн шинэ шатны өмнө ирсэн хэмээн зургаан жил ярьж байгаа ч өнөөдөр Оюу толгойг эс тооцвол дорвитой бүтээн байгуулалт өрнөөгүй, нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь шороон манан татуулан авто машинаар зөөсөн хэвээр байгаа юм.
Энэ нь Монголын уул уурхай өрсөлдөх чадвар маш муу, өрөвдөлтэй нөхцөл байдалд байна гэдгийг харуулж байгаа хэрэг.
Гэвч сайхан цаг ирнэ хэмээн хууль эрх зүйгээ шинэчилж, хөрөнгө оруулагчид орж ирнэ, тун удахгүй олборлогч орноос үйлдвэрлэгч болно гэсэн өөдрөг төсөөллийг албаныхан танилцуулсаар байна.
Тухайлбал уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт чухал нөлөө үзүүлэх Хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг батлаад байгаа. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болоод байгаа аж.
Эдгээрээс гадна Газрын тосны тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын хэвлийн тухай хууль гээд эрдэс баялгийн салбарт УИХ-аар батлуулах шаардлагатай хэд хэдэн хууль бий.
Мэдээж энэ бүх хууль эрх зүй нь тодорхой болсны дараа тус салбарын сайхан ирээдүйн эхлэл тавигдана. Дээрх хуулиудыг багцлаад нэг өдөр батлахгүй нь ойлгомжтой.
Тиймээс 2014 онд эрдэс баялагтай холбоотой хуулиуд батлагдаад, ирэх оноос л хууль эрх зүй нь тодорхой болж хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож эхэлнэ гэдгийг ажиглагчид хэлж байв.
Монголын уул уурхай алсын хараатай хөгжинө
90 жилийн түүхтэй эх орны эрдсийн салбарыг хариуцлагатай, өрсөлдөх чадвартай болгохыг зорин ажиллаж буйгаа хэлж байв.
“Эрдэс баялгийн салбар-2025” уулзалтыг “Эрдэс баялгийн салбараас Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн дөрвөн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг 90 жилийн түүхтэй эх орны эрдсийн салбарыг хариуцлагатай, өрсөлдөх чадвартай болгохыг зорин ажиллаж буйгаа хэлж байв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын уул уурхай алсын хараатай хөгжих ёстой. Тиймээс ч манай яам холбогдох агентлагууд, мэргэжлийн холбоодтойгоо хамтран хууль эрх зүйгээ боловсруулж байна. Үүнтэй уялдуулан мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах юм.
Хариуцлагатай уул уурхайн хүрээнд олборлох болон боловсруулах шатны үйл ажиллагаанд байгаль орчин, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг чандлан сахих, санхүүгийн тайлагналт, татвар төлөлт болон хөрөнгийн бирж дээрх үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, ил тод, үнэн зөв, бүрэн гүйцэд тайлагнах явдлыг хариуцлагатайгаар үйл ажиллагаандаа хэвшүүлэх хэрэгтэй байна.
Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажиллана.
Уул уурхай, газрын тосны салбар нь ойрын ирээдүйд эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа.
Эрх зүйн орчин нь урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийг боловсруулж, алсын хараатай хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Хамгийн гол нь эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар нийгмийн зөвшилцөлд хүрэх, оролцогч талуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох юм” гэдгийг онцолсон.
Уул уурхайн салбарын өмнө хийх ёстой олон ажил бий. Нэн түрүүнд тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх , худалдан авагчийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг өсгөх шаардлагтай байгаа юм. Эрдэс, түүхий эдийн боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлий дэх эрдсийг нээж, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний геологийн албыг байгуулах шаардлага байгааг албаныхан хэлж байсан.
Мөн энэ салбарт хийх ёстой чухал ажлын нэг нь төр хувийн хэвшил хамтран салбарын маркетинг, PR-ын нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дээр талууд ижил санал хэлж байв.
Ингээд “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдээс уул уурхайн нөхцөл байдлын талаар дараах тодруулгыг авлаа.
Алтны ил тод байдлыг Ашигт малтмалын тухай хуульд оруулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
-Уул уурхайн салбараас олох орлогыг хэрхэн хуваарилах асуудлаар бодлогын ямар нэгэн шийдвэр гарсан уу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
-Газар доорх баялаг дуусна. Тиймээс эрдэс баялгаас олсон орлогоо дахин хуваарилах арга замуудыг судлах шаардлагатай байгаа юм. Зөвхөн уул уурхай биш, бусад салбарыг хөгжүүлэх асуудлыг ярилцах хэрэгтэй.
Уул уурхайгаас олох орлогыг зөв зохистой ашиглаж чадвал хөгжих боломж аяндаа нээгдэнэ. Харин яаж зарцуулах вэ гэхээр уул уурхайгаа түшиглэн хөгжиж буй орнуудын жишгээр баялгийн сантай болох явдал. Энэ дагуу Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Уг сангийн гол зорилт нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхаас гаргах, бүтээгдэхүүний үнэ унахад эдийн засаг нь дагаад буурдаг байдлаас зайлс хийх явдал. Мөн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхад хуримтлуулсан мөнгөө эдийн засаг унасан үед ашиглах, ирээдүй хойч үедээ үлдээх зарчмаар Баялгийн сан ажилладаг юм.
-УИХ-ын намрын чуулганаар эрдэс баялагтай холбоотой Алтны ил тод байдлын тухай хууль унасан. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн өргөн барьсан. Эдгээр хуулийг хэрхэн шийдвэрлэх бол?
-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах асуудал УИХ-аас ажлын хэсэг гараад шалгаж, байнгын хороодын хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа.
Харин Алтны ил тод байдлын тухай хууль унасан. Уул уурхайн яам, Засгийн газрын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад алтныхаа асуудлыг оруулъя гэсэн саналаа хэлсэн. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр энэ асуудал дахин яригдах байх.
Монголд эрдсийн үнэ судалдаг мэргэжлийн байгууллага дутагдаж байна
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлагч Д.Дамба
-Манай улс эрдсийн түүхий эд багагүй хэмжээгээр экспортолж байгаа ч эндээс олох мөнгө нь тун чамлалттай. Учир нь зээлэхийг нь зээлээд, барьцаанд тавихыг нь тавьчихсан байдаг. Энэ буруу жишгээс яаж гарах вэ?
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлагч Д.Дамба
-Яагаад бид нэг ч төгрөг олохгүйгээр нүүрсээ урагшаа зөөгөөд байна вэ гэхээр төр оролцсоны л хар гай одоо гарч байгаа юм. Харин энэ буруу жишгээс гарах хамгийн энгийн арга бол бизнест төр оролцохгүй байх явдал. Төр орохоороо л хамаг юмыг будилуулж, хэзээ төгсөх нь мэдэгдэхгүй асуудлуудыг үүсгэж байдаг.
Сонгуульд ялахын тулд улстөрчид юу ч хамаагүй амлаж байна.
Төрийн эрх барьж буй нам эвслүүд нь төрийн компаниудыг ашиглаж, эрх мэдэлдээ дулдуйдан юу ч хамаагүй хийж байна. Үүнийг л болих хэрэгтэй.
Цаашдаа хэзээ ч ингэж болохгүй гэдгийг улстөрчид, иргэд нийтээрээ ойлгох хэрэгтэй. Сонгуулийн амлалт биелүүлэх гээд 21 мянган төгрөг тараагаад хэн хожив. Хэн ч хожоогүй. Харин ард түмэн хохирч байна. Тэр мөнгийг амлаад Таван толгойн ордынхоо нэг хэсгийг барьцаанд тавиад мөнгө тараасан нөхөд өөрсдөө 21 мянгаа аваад л өнөөдөр юу ч болоогүй юм шиг л байж байна.
-Өнөө маргаашгүй Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлах гэж байна. Энэхүү бодлогын баримт бичигт төр бизнест хутгалдаж болохгүй гэсэн заалт орсон юм болов уу?
-Төр бизнест хутгалдахаар ямар балагтай вэ гэдгийг хангалттай харлаа.
Тиймээс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт энэ асуудлыг тусгаж өгсөн. Төрийн байгууллага зөвхөн хяналт шалгалт, мониторинг хийх, зөвшөөрөл олгох ажлаа л хийнэ гэж оруулсан.
-Манай улсаас өмнөд хөршид нийлүүлж буй нүүрсний зах зээлийн үнэ харилцан адилгүй байдаг. Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” компани нэг тонн нүүрсийг 35-40, “Энержи ресурс” 110 ам.доллараар гаргадаг нь ямар учиртай юм бэ?
-Эрдэс баялгийн салбарын үнэ ханшийг судалдаг судалгааны байгууллага алга. Энэ чиглэлийн өндөр хэмжээний судалгаа хийдэг байгууллага дутагдаж байгааг ганцхан уул уурхай ч биш бусад салбараас ч харж болно.
Нөгөө талаасаа компаниудын худалдааны гэрээг судалж үзэх шаардлага бий. Үүнийг ялангуяа гааль, татварын байгууллага, Ашигт малтмалын газраас судлаад амьдрал дээр үнэ ямар байна вэ гэдгийг давхар нягтлаад татвар шимтгэлээ ногдуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Хятадын нэг сэтгүүл дээр гарсан үнийг гол болгоод, компаниудтайгаа харьцаж байгаа нь буруу.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Уг хуулиас хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн явдал. Мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Орон нутагт эрх мэдлийг өгье гэдэг зарчмаар энэ хууль батлагдсан. Гэвч орон нутаг кадастр, нөөцийн тооцоо гэх мэт мэргэжлийн зүйлсээ хэрхэн хийх вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр тодорхой журмууд гараад ирвэл асуудал нэг их үүсэхгүй.
Ийнхүү Монгол хүн бүрийн найдвар тавьдаг уул уурхайн салбар уналтад ороод буй энэ үед “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэ том салбарын түм буман асуудлыг ганцхан өдрийн дотор хэлэлцэхэд олон асуудал орхигдож байна гэдгийг зарим эдийн засагчид хэлж байлаа.