2013.12.30

Д.Дамба: Уул уурхайн ажлыг улс төрчдөөр бус мэргэжлийнх нь хүмүүсээр хийлгэе

Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Цаг үе, үзэл бодол" нээлттэй хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт Уул уурхайн яамны мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож уул уурхайн салбарт тулгамдаад буй асуудлаар ярилцлаа.

Хэдийгээр үзэгчид мэргэжлийн бус ч гэсэн уул уурхайн салбарт хийх гэж буй эдгээр шинэчлэлтэд ард олны саналыг бас тусгамаар. Асуудлыг нарийн судлаагүй ч гэсэн газар шорооныхоо төлөө үзэгчид сонирхолтой санааг бидэнд өгч магадгүй. Үүнтэй холбогдуулаад нэг сард болох хэлэлцүүлгийн үеэр олны санаа бодлыг яаж авах гэж байгааг би асуумаар байна.

Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба:

Уул уурхайн салбарыг мэддэггүй, сонирхдоггүй хүнгүй болчихлоо. Гэхдээ энэ нь хүн болгоны яриад, хийгээд байдаг ажил биш юм. Уул уурхай, уул уурхайн үйлдвэрлэл гэдэг бол тэр чигээрээ шинжлэх ухаан. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Харин хүмүүс сэтгэлийн хөөрөлдөө автаж янз бүрийн юм ярьдаг, түүндээ хөтлөгдөөд нийгмийн санаа бодлыг өөр зүгт авч явчих гээд байдаг. Мэргэжлийн, мэддэг хүмүүст уул уурхайн ажлыг бүрэн хариуцуулаач гэж ард түмнээсээ хүсмээр байна.

Уул уурхайн бодлогын бичиг баримтын нэг сайн тал нь мэргэжлийн холбоодын уул уурайн асуудалд оролцох эрхийг нээж өгсөн явдал. Мэргэжлийн холбоодод нөөцийн болон техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хариуцах, ер нь нарийн ажиллагаа шаардсан ажлуудыг мэргэжлийн инженерүүдэд өгөх боломж олгож буйгаараа онцлогтой.

Түүнээс биш орон нутагт ямар нэгэн хэлэлцүүлэг хийгээд уул уурхайн салбарыг сайжруулна гэдэг хэцүү. Харин ард түмэнд ямар компани юуг ямар хэмжээтэй олборлоод, хэдий хэмжээний татвар төлж байгаа зэргийг нээлттэй болгож өгөх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн процессыг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагагүй.

Нэг таагүй зүйл нь улс төрчид энэ салбар луу орж ирж их үймүүлдэг. Үүнийг зогсоохын тулд бодлогын бичиг баримтдаа бид Уул Уурхайн Үндэсний Зөвлөл гэдгийг байгуулахаар заасан. Энэ зөвлөлд төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд орно. Салбартай холбоотой аливаа асуудлыг энэ зөвлөлөөр хэлэлцэж байж дараа нь хууль болгон барих учраас энэ баримт бичиг арай урт настай байх болов уу гэж бодож байна.

Монголын Төмөрлөг Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн Х.Энхсайхан:

Мэргэжлийн хүмүүсээр хийлгэе гэсэн Дамба гуайтай санал нэг байна. Манай иргэд бүгдээрээ шахуу улс төрч болчихоод юм болгон руу оролцох дуртай. Гэвч энэ нь “Уул уурхай - 2025” хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн санааг тусгахгүй гэсэн үг биш. Гэхдээ 10 гаран жил олны санаа бодлыг авчихлаа, одоо бодлогын бичиг баримтаа батлах л үлдээд байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л гэхэд маш олон хэлэлцүүлэг явагддаг. Бүх ард түмний хэлэлцүүлэг дууссан учир одоо ажлаа хийх цаг боллоо. Бид хангалттай ярилаа. Одоо боллоо. Саяхныг болтол бидэнтэй адил ЗХУ-ын мал аж ахуйн орон байсан Казахстан уул уурхайгаа хөгжүүлээд ямар түвшинд хүрсэнийг хар. Их 20-ын уулзалтад тусгай урилгаар очих түвшинд хүрчихлээ.