УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.01.17

С.Одонтуяа: ДНБ-ий таван хувиас их ашиг олох ордыг стратегийн ордод тооцно

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталлаа. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ажлагч С.Одонтуяа гишүүнээс дараахь тодруулгыг авлаа.

 -Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх үеэр хоёр бүлэг нэг, нэг удаа завсарлага авсан. Өөрөөр хэлбэл, нэлээн маргаантай байсан хэдий ч бодлогоо баталлаа. Шинээр батлагдаж буй энэ бодлогыг товчхон танилцуулна уу?

-Уул уурхайн нь манай улсын хамгийн чухал салбар хэрнээ өнөөг хүртэл нэгдсэн бодлогогүй байсан. Яагаад гэвэл, энэ салбарыг улстөржүүлдэг, хувийн ашиг олон хэрэгслээ болгож ирсэн. Ямартай ч одоо нэгдсэн бодлоготой боллоо. Сүүлийн зургаан сар багагүй мэтгэлцсэний эцэст баталлаа. Олон жилийн өмнөөс боловсруулсан, дэлхийн улс орнуудын ололт дээр суурилсан сайн төсөл оруулж ирсэн. Ажлын хэсэг өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтайгаа холбоод зоригтой алхам хийе гэж үзсэн. Нэгдүгээрт, төрийн оролцоог багасгахад анхаарлаа. Төр өөрийн үндсэн ажлаа сайн хийхгүй хэрнээ бизнест оролцдог, аж ахуй эрхлэгч болсон.

Тиймээс төрийн энэ оролцоог салгаж, хамгийн сайн засаглалтай компаниудаа дэмжих бодлого баримталсан. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин тогтворгүй байсан. Үүнээс болоод учирсан хохирол төрд ч, хувийн хэвшилд ч их байна. Энэ үүднээсээ хууль эрх зүйн орчныг цаашид тогтвортой байлгах асуудлыг бодлогын баримт бичигт суулгасан.

-Уул уурхайн салбар дахь төрийн оролцоог бууруулах бодлого баримталсан гэлээ. Цаашдаа төр ашигт малтмалын олборлолтод ямар байдлаар оролцоно гэсэн үг үү?

Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, нөхөн сэргээлтээ хийж байна уу гэдэг төрийн зохицуулалт байлгүй яахав.

-Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, нөхөн сэргээлтээ хийж байна уу гэдэг төрийн зохицуулалт байлгүй яахав. Төрийн оролцоо гэдэг бол тусдаа асуудал. Төр өмчтэй байх уу, үгүй юү гэдэг дээр хэнч маргаагүй. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Ард түмний өмчийг төр яаж зарцуулах нь нээлттэй. Хамгийн гол нь нэг зүйлээс сургамж авах хэрэгтэй. Ард түмний өмч болсон байгалийн баялгаар цөөхөн хэдэн хүн баяждаг үйл явцыг энэ бодлогын баримт бичиг таслан зогсооно. Төрийн өмчит уул уурхайн компаниудаас баячууд төрж байгаа нь нууц биш шүү дээ. Тиймээс төр бүх ажлаа хувийн хэвшлийнхэнтэй гэрээ байгуулж хийлгэдэг болно.

-Завсарлага авсан хоёр бүлэг зарим орд газруудаа нөөцөлж хойчдоо өвлүүлэх заалт хасагдчихлаа гээд эсэргүүцэж байсан. Энэ тухай нэмж оруулсан уу?

-Ашигт малтмалын тухай хуулийн арвангуравдугаар зүйлд орд газрыг яаж нөөцлөх тухай дэлгэрэнгүй заалт байдаг. Бүр эвслийн бүлэг нөөцлөн хадгалах заалт дээрээ нэмээд хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол тухайн орд газрыг төр хураан авч нөхөн төлбөр олгох ёстой гэж байсан. Энэ бол сөрөг үр дагавар бий болгох заалт. Тиймээс энэ заалтыг оруулах шаардлагагүй гэж үзсэн. Одоо хэрэгжиж буй хуульд орчихсон заалтуудыг бодлогын баримт бичигт дахиж тусгаснаар хүмүүст эргэлзээ төрүүлнэ.

Хойч үедээ үлдээнэ гэдэг бол өөр асуудал. Удахгүй УИХ-д Баялгийн сангийн хуулийн төсөл орж ирнэ. Уул уурхайн салбараа сайн хөгжүүлж тэндээс олсон орлогоо баялгийн сангаараа дамжуулан ирээдүй хойчдоо үлдээх олон улсын туршлага байдаг. Энэ туршлагыг баялгийн сангийн хуулиар хэрэгжүүлнэ. Түүнээс биш ирээдүй хойчдоо үлдээж байгаа нь энэ гээд байгалийн баялгаа ашиглахгүй байх нь өрөөсгөл ойлголт.

-Нэгдсэн бодлогоо баталснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юу?

-Бодлогын баримт бичгээ ямар үед баталж байна вэ гэдэг нь чухал асуудал. Өнөөдөр манай улсад гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон байна. Хууль эрх зүйн тогтворгүй байдлаас болоод хөрөнгө оруулагчид үргэсэн. Улмаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэллээ. Энэ үед батлагдаж байгаа бодлогын баримт бичиг хүмүүст итгэл найдвар төрүүлсэн, ямар нэгэн салаа утгагүй, бусад хуультайгаа зөрчилдөөгүй байх ёстой.

Ер нь Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлэх юм байна, энд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлээ дэмжих юм байна, төр өөрөөс хамаарах бүх зүйлээрээ дэмжих юм байна гэсэн итгэлийг төрүүлэх ёстой. Түүнээс биш гадаадын аль нэг компани орж ирээд бүгдийг нь аваад гараад явчих болов уу гэдэг болгоомжилсон заалттай бодлого баталбал хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй л дээ. Газар нутгийн хэмжээгээр үзэх юм бол манай улсын нийт газар нутгийн дөнгөж 0.6 хувьд нь л лиценз олгочихсон байгаа. 0.6 хувийн 20 хувьд л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ер нь Монгол улсын газар нутаг хэд хэдэн хуулиар хамгаалагдсан. Урт нэртэй хууль нийт газар нутгийн 30, тусгай хэрэгцээний газраар 26, тусгай хамгаалалттай газраар 19 хувь нь хамгаалагдсан байдаг. Ер нь 2025 он хүртэл ашигт малтмалаа бүгдийг нь олборлоод дуусчихна гэж айх хэрэггүй. Ашигт малтмалын тухай хуульд нөөцөд авах тухай бүхэл бүтэн зүйл заалт бий.

Мөн байгаль орчноо хамгаалах тухай олон хуулийн заалт бий. Тиймээс зарим орд газруудаа нөөцлөх заалт нь хөрөнгө оруулагчдад эрсдэл төрүүлэх учраас намын бүлгүүд ярилцаж байгаад хассан. Түүнчлэн нөхөн сэргээлт болон уурхайн хаалтын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хийнэ гэсэн заалт орсон.

-Стратегийн ордуудын талаар ямар нэгэн зохицуулалт орсон уу?

-Хэд хэдэн ордыг стратегийн ордод оруулах асуудал УИХ-д өргөн баригдсан. Нэгдсэн бодлого батлагдсан учраас одоо удахгүй энэ асуудлыг хэлэлцэх байх. Ашигт малтмалын тухай хуульд бүс нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ордыг стратегийн орд гэж үзнэ гэсэн заалт байдаг. Стратегийн ордуудын асуудлыг хэлэлцэхээс өмнө энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа.

Манай улсын бүх л орд газрууд бүс нутагтаа тодорхой хувь нэмэр оруулж байгаа шүү дээ. Мөн шаардлагагүй орд газруудыг стратегийн орд газраас хасна. Дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувьтай тэнцэх хэмжээний олборлолт явуулах ордыг стратегийн ордод тооцно.