Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад айлчилж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.03.04

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад айлчилж байна

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Канадын, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай уулзжээ.

Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливер “Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсон явдлыг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажилласаар ирснийг онцлон тэмдэглэлээ. Цаашид хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, Канад улс нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэсэн байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуудын хувьд татварын ачаалал нь багад тооцогддог” болохыг онцолсон юм.

Сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд Монгол Улсад эрэл, хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар “Монголиан Гоулд Ресорс” компани байгуулагдаж байснаас хойш “Оюу толгой”, “Бороо”, “Зуун Мод” болон “Хотгорын ордод” Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байна.

Айлчлалын хүрээнд  уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын хамгийн том чуулган болох PDAC 2014-т Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.

Уул уурхайн сайдын Канад улсад хийж байгаа айлчлал энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фасттай уулзахаас гадна уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын хамгийн том чуулган болох PDAC 2014-т Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.

Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийнэ.

Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавих юм. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгийг энэхүү чуулга уулзалтын үеэр танилцуулах юм.