Бондоор нээлттэй сонсгол зохион байгуулна
"Чингис" болон "Самурай" бонд
2014.03.17

Бондоор нээлттэй сонсгол зохион байгуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бондуудын зарцуулалт, үр дүнгийн талаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж албан бичиг илгээжээ.

Ирэх хаврын чуулганаар зохион байгуулах энэхүү нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан "Чингис" болон "Самурай" бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох юм байна.

Саяхан УИХ дахь МАН-ын бүлгээс “Чингис бонд” хийгээд бусад бондын зарцуулалтаар мэдээлэл сонсох шаардлагатай байна гэсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм. УИХ-аас 2013 онд Засгийн газрыг 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бонд гаргаж болно гэж үзэн, эрхийг нь өгсөн юм.

Энэ дагуу гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бонд босгосон хэдий ч бэлэн төсөл байгаагүйгээс хүүнд нь “шатсан”, мөн үр дүнтэй төсөлд бондын хөрөнгийг зарцуулж чадаагүй нь ирээдүйгээ их өрөнд унагасан зарцуулалт муутай арга хэмжээ болсон хэмээн зарим эдийн засагчид дүгнэдэг. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг ч ийм байр суурийг илэрхийлэх болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар буюу ирэх дөрвөн сард шүүмжлэл дагуулж буй бондын зарцуулалтыг хэлэлцэх болж байна.