Ухаалаг төрийн бодлого руу хийж болох анхны алхам
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.03.18

Ухаалаг төрийн бодлого руу хийж болох анхны алхам

"Ухаалаг төр гэж юу вэ" гэсэн шинжлэх ухааны тодорхойлолтыг олоход бэрх ч төрийн алба цомхон, чадварлаг, түүний ажлын чиг үүрэг нь давхардалгүй, хийдэлгүй байх аваас илүү ухаалаг байж болох мэт санагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ухаалаг төрийн бодлого хэмээх санаачилгыг дэвшүүлэхдээ одоогийн төр ухаалаг биш, том байгааг "Төр нь баялаг руу дайрдаг улсад иргэд нь ядуу байх болно. Төр өрмийг нь авдаг, иргэд хусмыг нь хамдаг байж болохгүй. Эдийн засаг өсөөд байгаа ч иргэд нь ядуураад байгаагийн нууц бол тэр өсөлтийг төр булааж авч буйд оршино" хэмээн тодорхойлжээ.

"Ухаалаг төр бол чадвартай хүн, технологийн дэвшил, хууль журмын цогц мөн" хэмээсэн байна. Ингээд бодохоор төр том байгаа бол, чиг үүрэгтээ тохируулсан давхардал, хийдэлгүй цомхон орон тоотой болох, төр мөнгө, аж ахуй эрхлэхээс алс байж, төрийн чиг үүргийг бусдаар гэрээгээр гүйцэтгүүлэх, ухаалаг, ёс зүйтэй ажилтнуудаар ухаалаг, хариуцлагатай төрийг цогцлоох санааг дэвшүүлэн тавьсан гэж ойлговол зохилтой.

Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэвшүүлснээс хойш зарим хэлэлцүүлэг, хурлыг эс тооцвол түүнийг хэрэгжүүлэх алхам үндсэндээ хийгдэхгүй байна. Нэгэнт бодлого дэвшүүлсэн бол түүнийг хэрэгжүүлэх алхмыг цаг алдалгүй гүйцэтгэдэг байсан өмнөх үеийн сайхан уламжлал хаачив аа.

Ерөнхийлөгч ч бодлогоо дэвшүүлээд чимээ тасарлаа. Үүнийг жинхэнэ ажил болгоход ихээхэн чармайлт, хүсэл тэмүүлэл шаардагдах нь лавтай. Харамсалтай нь хүслээсээ хясал нь давамгайлаад байна.

Ухаалаг төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг УИХ-д хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжоос л эхлэх хэрэгтэй. Юун түрүүнд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд тусгаад байгаа эрүүл мэндийн даатгалын субъектууд болох даатгалын байгууллага, даатгалын санг эрхлэх байгууллагын тогтолцооны талаарх төрийн бодлогыг ухаалаг төрийн талаар дэвшүүлсэн бодлоготой нягт уялдаатай авч үзмээр байна.

"Ухаалаг төр бол чадвартай хүн, технологийн дэвшил, хууль журмын цогц мөн" хэмээсэн байна

Миний бие энэхүү хуулийн төслийг өргөн барих үеэс хуулийн ерөнхий үзэл санааг зөвшөөрч байсан боловч зарим бүлэг, зүйл заалт дээр тухайлбал, эрүүл мэндийн даатгалын бие даасан агентлаг байгуулах нь зөв эсэх дээр эргэлзэж байв. Энэ талаар Судалгаа, шинжилгээний хэлтэст захиалга өгч судалгаа хийлгэхэд улс орнуудад энэ асуудлыг ялгаатай шийдсэн байгаа нь харагдаж байна.

Гэхдээ манайд үйлчилж байгаатай адил нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоо бүхий ОХУ, Европын зарим оронд эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг санхүү, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр хуульд заасны дагуу гүйцэтгүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хуулиар олгож, төр даатгуулагчдын нэрийн өмнөөс хяналт зохицуулаптыг хэрэгжүүлдэг байна.

Тухайлбал, ОХУ-д эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулах үйл ажиллагаа болон даатгалын сангаас санхүүжүүлэх даатгуулагчийн эрүүл мэндийн үйлчилгээний тарифыг тогтоох, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай даатгуулагчдын нэрийн өмнөөс гэрээ байгуулах үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгал эрхлэх байгууллагууд /Росгаз-медицина, Роснефть-медицина г.м/ салбарын томоохон даатгалын компаниуд эрхэлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нэгдсэн санг хуульд заасны дагуу эрхэлдэг ОХУ-ын Эрүүл мэндийн албан журмын даатгалын холбооны болон нутаг дэвсгэрийн сан гэсэн санхүү, зээлийн компаниуд ажиллаж байна.

Энэ бол Засгийн газар нийгмийн аливаа даатгалын хөрөнгийг өөрөөр хэлбэл, даатгагч, даатгуулагчдын мэдлийн хөрөнгийг урьдын адил дур мэдэн зарцуулахгүй байх, даатгалаар санхүүжүүлэх нийгмийн үйлчилгээний хүрээг тэлэх, даатгалын тохиолдлын хүрээг өргөтгөх зорилгоор хуульд заасны дагуу сангийн хөрөнгийг арвижуулах зэрэг эерэг талтай байна.

Ер нь нийгмийн даатгалын сан бол Засгийн газрын захиран зарцуулах хөрөнгө биш гэдэг утгаар нь ингэж зохион байгуулах нь оновчтой байж болох юм. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн эх үүсвэрт хууль бусаар гар дүрэх явдал бол иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байгаагийн гол шалтгаан мөн.

Ардчилсан намын дөрвөн 10-ын бодлогын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 19 хувь байсныг 10 хувь болгосон нь өнөөгийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байгаа, тэтгэврийн хэмжээг 20 төгрөгөөр нэмж байгаагийн нэг үр дагавар гэж үзэж болохоор байна.

Үүнээс үзвэл, манай улсад эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан даатгалын тогтолцооны субъект болох эрүүл мэндийн даатгалын төв байгууллагад ногдуулсан эрүүл мэндийн даатгалын санг төвлөрүүлэн захиран зарцуулах санхүү, зээлийн үйл ажиллагааны чиг үүргийг "Эрүүл мэндийн даатгалын сан" гэсэн санхүүгийн компани байгуулан үйл ажиллагааны эрх хэмжээ, чиг үүргийг хуульчлан тогтоох боломжтой байна.

Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нөгөө нэг субъект нь эрүүл мэндийн даатгалын компани байх бөгөөд иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, даатгагчтай даатгалын гэрээ байгуулах, даатгалын шимтгэлийг - санд төвлөрүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах чиг үүргийг "Монгол даатгал" гэх мэт орон нутаг дахь салбарууд бүхий даатгалын компанид хариуцуулж, уг даатгалын компани нь төрийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын талаар хүлээсэн үүргийнхээ талаар төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах боломж бас байна.

Энэ бол төр өөрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаагийн бодит жишээ мөнөөс мөн. Одоогийн нийгмийн даатгалын байгууллагад эрүүл мэндийн даатгалын асуудлыг хариуцан ажиллаж байгаа ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулж ч болно. Хуулиар шинэ тутам буй болгосон төрийн байгууллагыг хожим татан буулгах нь төр үүргээ бусдаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж үйл ажиллагаанд нь үр дүнтэй хяналт тавихаас хавьгүй хэцүү.

Өргөн барьсан төслүүдэд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх байгуулага нь Засгийн газрын агентлаг байхаар байна. Санхүүгийн зах зээлд даатгалын тогтолцоо сул хөгжсөн өнөө үед ингэж шийдэх нь зөв байж болох ч дэвшүүлж байгаа саналд анхааралтай хандах нь хожмын муу үр дагавраас зайлсхийхэд зохих алхам болох юун магад.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг хэрхэн сайжруулах талаар цаашид улам гүнзгийрүүлэн судалж үзэх шаардлагатай. Миний бие энэхүү саналаа өргөн барьсан төслүүдийг нэгтгэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэнд албан ёсоор хүргүүлсэн ч төслийг анхны хэлэлцүүлэгт оруулах үеэр уг саналыг хүлээж аваагүй нь тодорхой болсон бөгөөд яагаад аваагүйгээ ч тайлбарлаагүй билээ. УИХ ухаалаг төрийн бодлогыг хэргжүүлэх ажлыг энэ хуулийн төслөөс эхлэх боломжтой гэдгийг санал болгож байна. Шийдвэр гаргагчид, даатгуулагчид, даатгагчид таалан соёрхоно уу.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ