Мэндчилгээ дэвшүүлэв
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга
2014.03.26

Мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын хөнгөн, хүнсний аж үйлдвэр, худалдааны ажилтан, ажилчдын тэмдэглэлт 80 жилийн ойн өдрийг тохиолдуулан улс эх орныхоо хөгжлийн төлөөх их үйлст оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан хөдөлмөрлөж буй өнөөгийн үйлдвэрлэгчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын инженер, техникийн ажилтан, эрдэмтдийн санаачилга, ажилчин хамт олон та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд хөнгөн  үйлдвэрлэлд жилээс жилд шинэ    техник, технологи нэвтэрч,   хөгжил дэвшил гарч, хүн ардынхаа хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүнээр бүрэн дүүрэн хангах боломж нөхцөл улам бүр бүрдсээр байгааг хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар хүн амаа аюулгүй  хүнс, өргөн хэрэглээний  бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжин, өрсөлдөх чадавхыг нь сайжруулахыг тэргүүлэх зорилтынхоо нэг болгон ажиллаж байгаа билээ.

Хэдэн зууны туршид хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр хөнгөн аж үйлдвэрийнхээ салбарыг дэлхийн улс орнуудын хөгжилтэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх, эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх, байгаль цаг уур, уламжлалын онцлогийг шингээсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах туйлын чухал зорилтыг биелүүлэх нь та бидний хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарах бөгөөд хөнгөн аж үйлдвэрийг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлст манай үйлдвэрлэгчид онцгой үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Улсын маань аж үйлдвэр улам хөгжин дэвжиж, хүн ард маань сэтгэл хангалуун амьдрах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье