Нүүдэлчид үйлдвэрлэгчид болоод 80 дахь жилтэйгээ золгов
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.03.27

Нүүдэлчид үйлдвэрлэгчид болоод 80 дахь жилтэйгээ золгов

Улс орны эдийн засгийн үндсэн тулгуур хөнгөн аж, үйлдвэрийн салбарынхан түүхт 80 жилийнхээ ойг өчигдөр угтлаа. Он тооллын хувьд багагүй хугацааг элээсэн ч өгсч, уруудсан энэ салбарт тулгамдаж буй олон асуудал өдийг хүртэл бий. Гэхдээ манай улсын аж, үйлдвэрийн салбар эргэлтэд орж, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж байгааг үгүйсгэж болохгүй. Цагтаа үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлж, олон мянган иргэнийг ажлын байраар хангаж байсан эл салбар зах зээлийн босгонд бүдэрсэн ч өнгөрсөн хэдхэн жилийн дотор хурдацтай хөгжлийн замдаа эргэн орсон.

Тиймээс импортын бүтээгдэхүүний тоо хэмжээг багасгаж, монгол шошгоор эх орныхоо эрэлтийг хангах нь цаг хугацааны болоод харьяа яамны хэрэгжүүлж буй бодлого, боловсруулалттай бүх талаараа холбогдох юм.


Тухайлбал, хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт, салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөр, өнгөрсөн жилүүдийн ололт амжилт, алдаа оноог дэнсэлж салбарын хөгжлийг тодорхойлох учиртай. Өчигдрийн хувьд ноос ноолуур, ой мод, сав баглаа боодол, арьс шир, хэвлэлийн зэрэг салбарынхан 80 жилийн хөгжлийн дор хуран цугларав. Аж, үйлдвэрийн үндсэн суурийг тавилцсан ахмадуудаас эхлээд жижиг, дунд бизнест дөнгөж хөл тавьж байгаа иргэдийг хамарсан энэ удаагийн уулзалтыг нээж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үг хэлсэн бөгөөд хийж хэрэгжүүлсэн ажилдаа бардалгүй, цаашид илүү ихийг бүтээх ёстой гэдгээ нэн түрүүнд дуулгав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэр дотоодын нийт бүтээгдэхүүнд зургаан хувь эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт.

Иймд хөнгөн аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх эрх зүй, бизнесийн таатай орчин бий болгохоор ажиллаж байна” гэсэн юм. Тиймээс бид 80 жилийн түүхтэй хөнгөн аж үйлдвэр ямар замыг туулж, эрхзүйн орчинд ямар асуудал тулгамдаж байгааг түүхийн он дарааллаар товчлон хүргэж байна.

ЗХУ-ын нөлөө буюу аж үйлдвэрийн оргил үе

1921-1960 оны үед үндэсний үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдсан гэж үздэг. Тухайн үед мал аж ахуй, хөдөө аж ахуйд тулгуурлан аж, үйлдвэрийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд Аж ахуйн яам байгуулж, түүндээ улс орны эдийн засгийг хөгжүүлэн удирдах ажлыг хариуцуулсан байна. Харин 1930-аад он хүртэл модны үйлдвэр, шохой тоосгоны завод, дизель цахилгаан станц, төмрийн завод, ноос угаах механикжсан фаб­рик зэрэг үйлдвэр, газрыг ши­­нээр байгуулсан нь үндэс­ний үйлдвэрлэлийг хөг­жүүлэх бодит алхам хэмээн тооцогдож иржээ.

Цаашлаад улсын үйлдвэрийн газруудыг өргөтгөх, шинээр байгуулах, хөдөө орон нутагт хоршоолсон гар үйлдвэрийг олноор бий болгон бэхжүүлэх, хувийн гар урлалыг дэмжих бодлого явуулсны зэрэгцээ гар үйлдвэрийн ерөнхий хо­­роо байгуулж, дээрх үйлд­­вэрүүдэд төр засгаас зээл олгох, тэднийг албан тат­вараас хөнгөлөх зэргээр эдийн засаг, эрх зүйн орчныг маш чадварлагаар бүрдүүлж өгчээ.

Харин түүхэн дэх ач холбогдол бүхий үйл явдал 1929 оны зургадугаар сард Зөвлөлт-Монголын хоорон­дын харилцааны үндсэн зарчмуудын талаар хэлэлцээр байгуулсан явдал хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Энэхүү хэлэлцээрээр Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ЗХУ-аас тусламж үзүүлэх, геологи хайгуулын ажил явуулахаар тохиролцож, манай улсын аж үйлдвэрийн анхны цогцолбор болох Аж үйлдвэрийн комби­натыг асар богино хугацаанд барьж, 1934 онд ашиглалтад оруулсан нь Монголд хөнгөн аж үйлдвэр үүсэж хөгжих үндэс суурь нь болж өгсөн.

Улмаар ЗХУ-ын аж үйлдвэрийн салбарын загварыг үндэслэсэн Монгол Улсын аж үйлдвэрийн салбар 100 хувь төрийн өмчид харьяалагдаж байсан төдийгүй бусад улс оронд бүтээгдэхүүнээ экспортын бараа болгон гардаг байжээ. Өнөөгийн аж үйлдвэрийн салбартай харьцуулахад харьцангуй өргөн чиглэлийн үйл ажиллагаатай олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар тус бүр дээр наад зах нь нэгээс хоёр орчин үеийн томоохон хэмжээний төрийн өмчийн үйлдвэрүүд байсан байна. Бид энэ хөнгөн үйлдвэрийн хөгжлөө 1990 он хүртэл тогтвортой барьж чадсан бөгөөд 1980 оны эхний хагаст жилд дунджаар есөн хувийн, хоёрдугаар хагаст таван хувийн өсөлттэй буюу дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, илүүдлийг нь экспортод гаргах хэмжээний тогтвортой үйлдвэрлэл эрхэлж байжээ.

Зах зээлийн шилжилт буюу хөнгөн үйлдвэрийн доройтол

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж эхэлснээр аж үйлдвэрийн салбарын төрийн өмчийн үйлдвэрүүдийн байдал хурдацтайгаар доройтож эхэлсэн. Улмаар нийт эдийн засагт эзлэх аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ буурсан байдаг. Тухайлбал, 1990 онд ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байсан аж үйлдвэрийн салбар 2000 он гэхэд 20 хувь хүртэл буурсан. Тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбарын хувь хэмжээ 1995 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд  зургаа, 2004 он гэхэд таван хувь болтлоо хөл дээрээ сөхөрсөн байв. Үүнийг дагаад аж үйлдвэрийн салбарт ажил­­­­­­­­лаж байсан олон иргэн ажилгүй болж, иргэдийн худал­дан авах чадвар мууд­санаас хямд үнэтэй импортын бүтээгдэхүүний түрлэг хүчээ авсан.

Энэ нь, бидэнд урт хугацааны техно­логийн хоцрогдол, хөрөнгө оруулалтын таагүй орчин, өндөр хүү, түүхий эд болон төрийн бодлогын хоцрогдлыг авчирсан юм. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг сэргээх явц нь удааширч, багц хууль санаачлах, хууль эрхзүйн таатай орчинг шаардах болсон. Харин хөнгөн үйлдвэрүүд ар, араасаа үгүй болсон нь оршин тогтнож чадахуйц байсан төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын алдаатай хувьчилсны улмаас тэдгээрийн дийлэнх нь дампуурсан, урьд өмнө байсан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоо нурж, үүний дунд ялангуяа мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэх тогтолцоо устсан зэрэг асуудлыг нэрлэдэг байна.

Хөнгөн аж үйлдвэрийг сэргээх гарц

Дээр дурдсан шиг өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэр ДНБ-д зургаан хувь эзэлж байна. Харин уналтад орж эхэлсэн 1995 онд боловсруулах үйлд­вэр нь ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан. Өөрөөр хэл­бэл, хөгжиж байгаа боловс­руулах үйлдвэрийн түвшин уналтад орсон үеийнхээс хоёр дахин бага хувь эзэлж байна. Тиймээс хөнгөн үйлдвэрлэл социалист нийгмийнх шиг оргил үедээ хүрч, цаашдаа түүнээс давж гарна гэдэг өнөө, маргаашийн ажил биш гэдэг нь тоо баримтаас харагдаж байгаа юм. Харин дээрх тоог аажмаар өсгөх ямар бодлого баримталж байгааг ҮХАА-н сайд Х.Баттулга өчигдөр салбарынхандаа танилцуулсан юм.

Яамны зүгээс ноос, ноолуур, арьс ширийг гүйцэд боловсруулж, нэмүү өртөг шингэсэн им­пор­тыг орлох, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ойн хаягдал ашиглан шахмал хавтан үйлдвэрлэх, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин орон нутагт ажлын байр бий болгох зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Тоо баримт дурдвал, өнгөрсөн онд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлд нийт түүхий эдийн 30 хувьд гүн боловсруулалт, 60 хувьд анхан шатны боловсруулалт хийж, жилийн эцсийн байд­лаар 255 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт 283.3 тэрбум төг­рөгт хүрч, 2012 онтой харь­цуулахад үйлдвэрлэлт 25 хувиар, экспорт 21 хувиар өссөн байна. Энэ нь, ноосонд урамшуулал олгох бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж салбарынхан үнэлсэн бөгөөд цаашид ч урамшуулал олгох зөв гэж дүгнээд байна.

Тиймээс урамшууллыг цаашид үргэлжлүүлж, 2016 онд гэхэд анхан шатны боловсруулалт хийсэн ноосны экспортыг зогсоож, 100 хувь дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ.


Мөн арьс, ширээ тушаа­сан малчинд урам­шуулал ол­гох болон арьс ширний үйлд­­вэрлэл эрхлэгчдэд хөн­­гө­лөлттэй нөхцөлөөр зээл олгох ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон. Ингэс­нээр 2018 он гэхэд нийт арьс ширийг 100 хувь до­тооддоо боловсруулах, нэг их наяд төгрөгийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэж, 460 сая ам.долларын бүтээгдэхүүн экс­портлох боломжтой болох аж. Эцэст нь, салбарын сайд сүүлийн 20 жилд бо­ловс­­руулах үйлдвэрийн сал­­барт бодитой өсөлт гараагүйд дүгнэлт хийж, “Хөнгөн үйлдвэрийн зэрэгцээ хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бү­тээг­­дэхүүний экспортыг нэмэг­дүү­лэх бодлого баримтална” гэд­­гээ дуулгав. Тиймээс ҮХААЯ-ны зүгээс шинжлэх ухаа­ны дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх, эдийн засагт оруу­лах хувь хэмжээг нэмэг­дүүлэх, байгаль, цаг уур, уламж­лалын онцлогийг шин­­­­­­­­­­­­­­гээсэн экологийн цэвэр бү­тээг­дэхүүн үйлдвэрлэн до­тоод, гадаадын зах зээлд гар­гах чухал зорилтыг хэрэг­жүү­лэхээр ажиллаж байгаа юм байна.