УБЕГ-ын дарга, Нийслэлийн засаг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
2014.03.30

УБЕГ-ын дарга, Нийслэлийн засаг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

 Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, УБЕГ-ын дарга Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг гэрлэлттэй холбоотой асуудал, иргэний үнэмлэх дахин олгох, нас барсны бүртгэл зэрэг үйлчилгээг иргэд хороодоос авдаг болох юм.

Төрийн үйлчилгээг түгжрэлгүйгээр хүргэх ажлыг улсын бүртгэлийн байгууллагаас эхэлсэн. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг улсын газрын бүртгэлийн лавлагаа, мэдээллийг түц машинаас авдаг болсон нь цаг хугацаа хэмнэсэн ажил болсон гэж иргэд дүгнэж байгаа. Тэгвэл энэ удаа улсын бүртгэлийн 5 төрлийн лавлагаа,  мэдээллийг Нийслэлийн 42 хорооноос авдаг болох юм. Одоо хороодод улсын бүртгэлийн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. УБЕГ-ын дарга, Нийслэлийн засаг дарга нар хамтран ажиллах гэрээг үзэглэснээр бүртгэлийн 5 төрлийн үйл ажиллагааг хороодоос авдаг болох юм.

Цаашдаа иргэдэд зайлшгүй шаардлагатай улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллийг аль болох ойроос авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг албаныхан энэ үеэр мэдэгдлээ. Эхний ээлжинд шилэн кабелийн үйлчилгээнд холбогдсон 42 хороодод улсын бүртгэлийн үйлчилгээ олгох юм. Дүүргүүдээр нь аваад үзвэл Баянзүрх дүүрэгт 8 хороо, СХ Дүүргийн 8 хороо, Хан-Уул дүүрэгт 10 хороо, Чингэлтэй дүүргийн 14 хорооноос бүртгэлийн үйлчилгээг авч болох юм. Цаашдаа бүртгэлтэй холбоотой 20 гаруй төрлийн үйлчилгээг хороодоор дамжуулан иргэдэд үзүүлэхээр төлөвлөсөн байна.