Нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд байртай болов
Нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд байртай болов.
2014.03.25

Нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд байртай болов

ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн онд нийгмийн хамгааллын салбарын 300 орчим ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулахаар зорьсон. Энэ хүрээнд эхний ээлжид найман аймагт нийгмийн хамгааллын салбарын ажилтны орон сууцыг барьж эхэлсэн бөгөөд салбарын шинэ орон сууц Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас амжилттай гараагаа эхэлсэн.

Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.

Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал тэр дундаа орон байрыг шийдвэрлэх нь цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх таатай нөхцөл боломж гэдгийг салбарын сайд С.Эрдэнэ онцлон хэлж байсан. Нийгмийн хамгааллын салбарын ажилтныг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд нийт 280 орчим ажилтан албан хаагчид орон сууцтай болсон байна. Мөн энэ онд нийгмийн хамгааллын салбарын 600 гаруй албан хаагчдыг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгааг ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ орон сууцны нээлтийн үеэр хэлсэн юм.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилэг: Бид жил бүр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг зорино. Энэ удаад нийгмийн даатгалын хэлтсээс долоон ажилтан орон сууцтай болж байна. Дархан хотын нийгмийн даатгалын хэлтсийн хувьд нийт албан хаагчдын 60 орчим хувь нь орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан байгаа. 

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажилтан Р.Эрдэнэчимэг: Би хүүхдийн байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж байна. Энэ хөдөлмөрийн үр шимийг үнэлж ХАХНХЯ-аас орон сууцны хөнгөлөлттэй зээл хамруулж, нийгмийн асуудлыг шийдлээ гэж бодож байна. Цаашид энэ үйлс үргэлжлэн тэлж нийгмийн хамгааллын салбарын мянга мянган ажилтан албан хаагчид шинэ орон сууцны түлхүүр гардан авахыг хүсэн ерөөе.