Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт  боллоо
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт” боллоо.
2014.03.31

Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, “Иргэний Эрүүл Мэндийн хяналт шинжилгээний зөвлөл” төрийн бус байгууллагатай хамтран Монголд анх удаа “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт”-ыг өнөөдөр “АСА” циркэд зохион байгууллаа. 

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, 30 гаруй төрийн бус байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 2000 гаруй төлөөлөгч оролцож, иргэдийн өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлаа хэлэлцэн, чуулав.

Энэхүү чуулганыг эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийг иргэн бүрт хүргэх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх хэвшлийг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгох, Монгол улсыг “Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөр”-тэй болгох зорилгоор зохион байгуулж байгаа аж.

 Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хүрэлцэн ирсэн иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнах, эрүүл амьдрах зан үйлийн зөвлөлгөөг хүргэж байсан нь иргэдийн талархлыг хүлээж байсан юм. Мөн тус чуулга уулзалтаас “Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тунхаг бичиг”-ийг батлан гаргасан юм.

 Мөн “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт”-ын хүрээнд оюутан залуусын дунд “Эрүүл үр удам” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд “Эрүүл амьдрах миний төсөөлөл” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж, 500 гаруй бүтээлээс шилдгүүдийг тодруулсан.

Тус чуулганы үйл ажиллагааг нээж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн эрүүл мэндэд анхаарч байхын чухлыг онцлоод ийнхүү иргэд шат шатны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хамтран иргэний эрүүл мэндийн асуудлаа хэлэлцэж байгаа нь анхны бөгөөд үр дүнтэй, цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж буйг тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал чуулганы салхийг хагалж  “Эрүүл мэндийн довтолгоо” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ, “Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзэхэд 55-60 хувь нь тухайн хүний амьдралын хэвшил, зан үйлтэй холбоотой байдаг, 25 хувь нь бусад салбар/боловсрол, байгаль орчин, дэд бүтэц, хүнс, ядуурал, хөдөлмөр г.м/, 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудаас тус тус хамаардаг ба 5-10 хувь нь тухайн хүний удамшлаас хамаатай байдгийг ДЭМБ тогтоосон байдаг. Аливаа улс орнууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахдаа дээрх хүчин зүйлсийг удирдан ажиллахад гол чиглэлээ хандуулдаг байна.

Иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн эрүүл мэндэд анхаарч байна.

 Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдад чиглүүлэн (хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлсийн 10-15 хувийг эзэлж буй бүлэг) 2013 онд хийж ирлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчидтай холбоотой хүлээгдэл чирэгдлийг бууруулах, хүнд суртлыг арилгах, албан бус төлбөрийг бууруулах, харилцаа хандлагыг өөрчлөн сайжруулах, алдаа дутагдлыг бүртгэж, бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

2012 оны 11 дүгээр сард Сайдын тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарт хүлээгдэл чирэгдэлээ бүртгэдэг шинэ соёлтой болсон бөгөөд эрүүл мэндийн статистикт эмнэлгийн хүлээгдэл чирэгдлийг бүртгэж, мэдээлдэг боллоо. Ингэснээр өнгөрсөн он гэхэд эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт үзүүлэх иргэдийн тоо/хэдэн 1000-аар/ нэмэгдэж эхэлсэн. Мөн эмнэлэг хооронд өвчтөнийг шилжүүлэх чирэгдлийг бууруулах үүднээс бүх эмнэлгүүдийг яаралтай тусламжийн тасаг, нэгжтэй болгосон. Энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхээр эрмэлзэж байна.

  Телемедициний сүлжээг орон даяар нэвтрүүлсэн. Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн асуудлаар тогтмол хурал зохион байгуулж, статсистик мэдээлэлтэй болж байна.

  Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Мөн Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад бий болгохоор ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр хэрэгжиж эхэлсэн” хэмээв.

 Түүнчлэн Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн 55-60 хувийг эзэлнэ гэж үзэж буй хувь хүний амьдралын хэвшил, зан үйл рүү хандсан ажлыг 2014 онд хийхээр Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогоо тодорхойлоод байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн асуудалд бусад салбарыг татан оролцуулах, иргэдийн оролцоог уг асуудалд хандуулахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэх нэг ажил нь энэхүү “Иргэний эрүүл мэндийн үндэсний форум” болж байна” гэлээ.

  Эрүүл мэндийн талаарх бүх нийтийг боловсролтой болгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ хувь хүн, иргэн мэдэж, эрүүл мэндээ өөрсдөө хэрхэн хамгаалах, өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмших, чадвартай болох нь чухал юм гэдгийг уулзалтын үеэр салбарын сайд хэлж байв.

 Монгол Улс 2 сая 943 мянга орчим хүн амтайгаас 49 хувийг эрэгтэйчүүд, 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол 15 хүртэлх насны хүүхэд 28 хувь, 15-64 насны хүн ам 68 хувь, 65 ба түүнээс дээш насныхан 4 орчим хувийг тус тус эзэлж байна.

Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 Харин Монгол хүний дундаж наслалт 69. Үүнээс эмэгтэйчүүд 75, эрэгтэйчүүд 65 байдаг аж. Хүн амын дундах нас баралтын шалтгааны дийлэнх хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, багагүй хэсгийг хавдрын өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл, осол гэмтэл эзэлдэг байна. Энэ нь ердөө амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 Тодруулбал, 3 хүний нэг нь зүрх судасны өвчнөөр, 5 хүн тутмын нэг нь хавдраар нас барж байна. Мөн 3 хүн тутмын нэг нь, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээр амьдарч байна. Цусны даралт ихсэлтийн тархалт 28 орчим хувь байгаа нь эрчүүдийн дундах тархалт илүү байгааг судалгаагаар тогтоожээ.

Дээрх жишээ болгон хэлсэн өвчлөлүүдээс иргэд өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой байдаг. Тухайлбал, Монгол хүн хоногт 11,1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн хэмжээнээс 2 дахин их байна. 5 хүний нэг нь биеийн жингээ бууруулах, 15 хувь нь хооллолтын хэв маягаа өөрчлөх, 11 орчим хувь нь идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь цусны даралтаа бууруулахад нөлөөлөхгүй гэж үздэг нь туйлын буруу ойлголт юм. Иргэд амьдралын хэв маягаа өөрчлөхөөс илүүтэй эмийн эмчилгээнд хэт найддаг ажээ. Тиймээс Эрүүл мэндийн сайдын санаачлагаар маш энгийн бөгөөд бүх нийтийг хамарсан “Эрүүл мэндийн довтолгоо”-г дараах чиглэлүүдээр хийхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэлдээ дурьдлаа. Үүнд:

 - Бүх нийтэд ЦУСНЫ ДАРАЛТЫН боловсрол олгоё

 - ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ эрт илрүүлж, хорт хавдраас урьдчилан сэргийлж сурья

 - ОСОЛ ГЭМТЭЛД өртөхгүй, түүнээс урьдчилан сэргийлье

 - Гэр бүлээ зөв төлөвлөж, эрүүл үедээ жирэмсэлж, эсэн мэнд амаржиж, эрүүл хүүхэд төрүүлж хэвшье. Охин үрдээ анхаарал тавьж, охидын жирэмслэлтийг зогсооё

Зуундай" холбооны ахмадууд йог, бясалгалын дасгалын үзүүлбэр үзүүлсэн нь оролцогчдод урам өгсөн үйл явдал боллоо.

 - Хүүхдийн дэргэд архи уухгүй, хүүхдээ архинд явуулахгүй, архины хэрэглээгээ багасгаж, архи хэтрүүлэн хэрэглэдэггүй эрүүл саруул ард түмэн болцгооё

 - Уур уцаараа зөв удирдаж, стресс бухимдлаа зөв аргаар тайлж чаддаг, амар амгалан ард түмэн болцгооё

 - Өглөө нарнаар эртэч сэрж, нарны алхалт, нарын дасгал, нарны гүйлт хийж, идэхтэй, эрүүл, чанартай урт насалцгаая

 - Сонирхсоноо эсвэл дуртайгаа биш эрүүл байхын төлөө зөв хооллож сурцгаая

 - Хүүхэд, өсвөр үеийнхэндээ анхаарал халамжаа харамгүй өгч, хүүхдийг өдөрт 45 минутаас ихгүйгээр компьютер тоглоомоор тоглуулж, ирээдүй хойч үеэ донтолтоос хамгаалж, алан хядлагын хорт сурталчилгаанаас холдуулъя

 - Өөрийн болоод гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийн жинхэнэ эзэн нь байж, бие сэтгэлээ өвчлөхөөс нь өмнө хайрлан хамгаалдаг, өвчнөөс урьдчилан сэргийлдэг, мэдлэг, боловсрол, дадал хэвшилтэй болцгооё.

Мөн чуулганы үеэр Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн "Зуундай" холбооны ахмадууд йог, бясалгалын дасгалын үзүүлбэр үзүүлсэн нь оролцогчдод урам өгсөн үйл явдал боллоо. Эдгээр ахмадууд хэдийнэ 70 насны босгыг давсан ч идэвхитэй хөдөлгөөнөөр  эрүүл чийрэг амьдарч байгаа аж. Тус холбоо байгуулагдаад 15 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өөрсдийн бололцоогоороо өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Энд ирсэн ахмадууд йог, бясалгалаар 1-8 жилийн хугацаанд хичээллэж байгаа гэнэ. Долоо хоног бүр уулны алхалт, хийн болон йог, бясалгалын дасгалыг хийж хэвшжээ.