Ц.Оюундарь: Улс төрийн намын тухай хууль батлагдахаас өмнө намыг бужигнуулах онцын шаардлага алга
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.04.04

Ц.Оюундарь: Улс төрийн намын тухай хууль батлагдахаас өмнө намыг бужигнуулах онцын шаардлага алга

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Тэгэхээр танай намаар сүүлийн үед ямар сонинтой вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Манай нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан. Үүний хүрээнд намын анхан шатны байгууллагуудад хүрч ажиллахаар төлөвлөж байна. Тэдэнд зориулж  багаар ажиллах, манлайлагч байх тухай сургалт явуулахын зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийн явц, ирэх  2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар  сумдын чуулган хийхээр бэлтгэж байна. Энэ бол  нэлээд урт хугацааны нарийн төлөвлөлттэй ажлууд л даа. 

-АН засгийн эрхэнд гараад  бараг хоёр жил болох нь. Сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байгаа бол, ажлын бүтээмж хэр байна гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт  жил бүрийн тайлангаар тодорхой гарч байгаа. Өнгөрсөн сонгуулиар манай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Засгийн газар ажлаа явуулж байна. Мэдээж дөрвөн жилийн дотор амжихааргүй том зорилтууд манай мөрийн хөтөлбөрт бий. 2030-2040 он гэхэд үр дүн нь харагдахаар бүтээн байгуулалтын ажлууд олон тусгагдсан. Энэ бүхний биелэлт яг тэдэн хувьтай явж байна гэх боломж одоо байхгүй. Тодорхой тоогоор илэрхийлсэн бодитой зорилтууд байсан. Тухайлбал, аймгуудыг  хатуу хучилттай замаар холбоно, оношилгооны төвтэй болгоно гэх мэтийн ажлууд эхнээсээ хэрэгжиж буйг  хүн бүхэн харж байгаа биз ээ. 

-Улс төрийн намууд сүүлийн үед хэлэлцүүлэг ихээр зохион байгуулдаг болжээ. Гэхдээ эрх баригч намынхан оролцдоггүй, оролцохоороо үл ойшоо­сон байдалтай шүүмжлэл хэлээд гардаг гэсэн яриаг улс төрийн намууд гаргаад байх шиг байна...

-Хамгийн сүүлд МАН-ын зохион байгуулсан хурал үнэхээр шүүмжилмээр байсан шүү дээ. Хэлэлцүүлгийнхээ урилгыг хурал болохын өмнөх өдөр өгсөн.  Тэгээд хүрээд очтол Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд маш олон чухал хуулиудын тухай том агуулгатай зүйлүүдийг багтаасан уриалгад шууд гарын үсэг зуруулна гэсэн.  Үнэндээ энэ тухай нь МАН-аас бусад намууд урьдчилж мэдээгүй. Намынхантай ярьж зөвшилцөөгүй мөртөө намууд тэр уриалгыг нь тойруулаад гарын үсэг зураад байсан.  Хэлэлцүүлгийг ингэж биш, утга учиртай хийх ёстой.

Дээрээс нь тэнд ирсэн хэвлэлийнхэн  миний хэлсэн үгийг хасч монтажлаад зөвхөн шүүмжлэлтэй хэсгийг нь цацаад байна лээ. Ямар ч байсан тэр хэлэлцүүлэг зорилготой, утга учиртай байгаагүй.  Иймэрхүү шоунд бид оролцох ч ёсгүй.

-Ямар учраас?

-Сөрөг хүчин нийгмийн өөрчлөлтийн талаар шүүмжлэл өрнүүлэх хэлэлцүүлгийг хийдэг. Тэр нь эрх барьж байгаа намын үйл ажиллагаанд ажил хэрэгч зөвлөгөө болох ч тал байдаг. АН сөрөг хүчин байхдаа иймэрхүү хэлэлцүүлгүүдийг хийдэг байсан. Харин эрх баригч нам тийм хэлэлцүүлэгт оролцож явдаггүй юм. Яагаад гэвэл тэд улс орныг удирдаж,  ажил хийж яваа хүмүүс.

Тэртэй тэргүй нийгмээс ирж байгаа шүүмжлэлийг  үйл ажиллагаандаа тусгаад бодлого шийдвэрээ гаргаж яваа. Эрх баригчид бол ажил хийдэг болохоос хэлэлцдэг хүмүүс биш ээ. Өөрсдөө ажил хийх үүрэгтэй байж, үүнийг өөрчилнө, ингэнэ, тэгнэ гээд хэлэлцээд суух нь зүйд нийцэхгүй.

-Эрх барьж байгаа хүчин бусдын саналыг сонсч, зөвшилцлийн журмаар ажлаа явуулах ёстой биш гэж үү?
Сонгуулиар шалгарсан намуудын хүрээнд аливаа бодлого хэлэлцэгддэг бусад орны туршлагууд байдаг юм билээ.

-Улс төрийн намын үүрэг зорилгыг онолынх нь талаас бодох ёстой. Улс төрийн намууд ямар бодлогоор улс орныг авч явах юм бэ гэдгээ сонгуулиар танилцуулж өрсөлддөг. Ард түмний итгэлийг хүлээсэн нам нь засгийн эрх авч, парламентад олонхи болдог. Тиймээс  ард түмний дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санаа бодлыг нь сонсох юм уу эсвэл парламентын ажлыг зөвшилцлөөр явуулах ёстой.

Энэ нь ард түмнээс нэг ширхэг ч санал аваагүй парламентын гадна байгаа намуудын хийх ёстой ажил биш. Ийм хэлэлцүүлэг өрнүүлээд түүндээ эрх баригчид ирсэнгүй гэж ярих хэрэггүй.

-Ер нь ард түмнээс санал аваагүй, парламен­тад суудалгүй намууд хэн ч биш. Хэлэлцүүлэгт оролцох, зохиох эрхгүй гэж үү?

-Ерөөсөө тэгж хэлээгүй. Онолын хувьд зарчим ярьж байна. Парламентад сонгогдсон намууд, гишүүд тэртэй тэргүй ард иргэдийн үгийг сонсч бодлого шийдвэртээ тусгаад явж байгаа. Харин Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, жижиг намуудыг оролцуулаад байгаа юм.

Яагаад гэвэл энэ хуулиудад улс төрийн бүх намын эрх ашиг хөндөгдөх учраас тэдний оролцоо, санал нь мэдээж чухал байлгүй яахав. Түүнээс биш өөр бусад асуудлаар байн байн парламентын гадуур цуглараад асуудал хэлэлцээд байгаа нь улс төрийн онолынхоо эсрэг юм болоод байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга ч жижиг намууд байх хэрэггүй гэж хэлснээсээ болоод нэлээд шүүмжлүүлээд авсан.  Ер нь АН-ын байр суурь жижиг намуудыг татан буулгахад оршиж байна гэдэг ойлголт сүүлийн үед бий болчих шиг боллоо?

-Сонгуулиар шалгарсан намуудын хүрээнд аливаа бодлого хэлэлцэгддэг бусад орны туршлагууд байдаг юм билээ. Үүнээс үндэслэж  Д.Эрдэнэбат гишүүн зүгээр санал гаргасан юм билээ. Түүнээс биш энэ нь  АН-ын байр суурь биш. Мэдээж аливаа хэлэлцүүлгийн явцад хүмүүс олон орны туршлагыг ярьж, янз бүрийн санал хэлдэг шүү дээ.

Тэр л маягаар явсан болохоос тэгж өөрчилнө гэж яриагүй. Үүнийг нь өлгөж аваад улс төр хийсэн байх.

УИХ-аас гарсан ажлын хэсгүүд Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг жижиг намууд маш сайн танилцуулж байгаа байх. Үнэхээр тэд  нухчин даруулахгүй л гэж байгаа бол эдгээр хуулиудын ажлын хэсгээр дамжуулж, саналаа оруулах эрх нь нээлттэй шүү дээ. 

-Эдийн засаг хямарч, ам.долларын ханш дийлдэхээ байсан энэ хүнд үе яг АН-ыг засаг барих хугацаанд бий болчихлоо. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Ер нь эдийн засаг бол ямар нам эрх барьснаас үл хамааран унаж, сэргэдэг шүү дээ.

Эдийн засгийн хямрал дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа зүйл. Өнөөдөр бид Орос, Хятад гэсэн хоёрхон худалдан авагч, нийлүүлэгчтэй. Тиймээс тэнд хямрал болбол манай эдийн засаг унадаг. Хятад улс нөөц хуримтлуулах шаардлагагүй гэж үзээд зэс, нүүрс авахаа болиход л  манай эдийн засаг хямарч байна.

Хамгийн гол нь бид эдийн засгаа сайн байх үед тодорхой хэмжээний нөөц хуримтлуулж чадаагүй сул цацсаныхаа горыг өнөөдөр амсч байна. Харин сая Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль гаргасны хүчинд алтны нөөц нэмэгдэх хандлагатай болж байна. Зөв бодлого явуулбал үр дүн нь ийм хурдан гардгийн жишээ энэ. Алтын үнэ нэмэгдээд ирвэл ам.долларын ханш баригдах сайн талтай.

Нөгөө талаасаа нэг зүйлийг эргэцүүлмээр байгаа юм. С.Батболдын Засгийн газрын үед  нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр дээд цэгтээ хүрсэн.

Тийм учраас манай ДНБ-ий өсөлт их байсан. Харамсалтай нь тэр үед зам тавьсан бил үү. Ямар бүтээн байгуулалтууд хийлээ. Өсөөд байгаа эдийн засаг, ДНБ нь яагаад хүмүүсийн нүдэн дээр зам, барилга болж харагдаагүй юм.  Тухайн үед болж байсан эдийн засгийн чуулган дээр хүмүүс үүнийг л асууж байсан.

Сэтгүүлчдийг ингэж асуухад хариулж чадах хүн олдохгүй байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр эдийн засаг муудлаа гээд шүүмжлээд байгаа боловч 1800 гаруй км зам тавьчихлаа, хотын уулзваруудыг цэгцэллээ. Удахгүй Амгалангийн дулааны станц ашиглалтад орох нь. 11 аймаг оношилгооны төвтэй болох нь.

Амьдрал эцсийн эцэст жижиг зүйлээс бүтдэг гэж Дейл Карнегийн үг бий шүү дээ. Үүн шиг бид өнөөдрийг хүртэл том том өсөлт ярьсаар ирсэн болохоос хэзээ ч замын түгжрэл, хүүхдийн цэцэрлэгт анхаарал хандуулж байсангүй.

Энэ бүхнийг АН хийгээд ирэхээр "жижиг, сажиг юм хөөцөлдлөө" гээд шүүмжлээд байна. Ер нь бол олон түмэнд таалагддаг юм гэж байдаггүй. Тэд үргэлж шүүмжилдэг,  шүүмжлэх ч эрхтэй. Гэхдээ эцсийн дүнг сонгууль тавьдаг. Үүнээс өмнө бид эрх баригчдыг сайн, муу ажиллалаа гэж дүгнэх  шаардлага байхгүй.

-Оюу толгойг ядаж ажиллуулахгүй бол хөрөнгө оруулалт бүр зогсчихлоо. Хүмүүс мөнгөгүй болчихлоо гэдэг л яриа гадуур байна л даа?  
Хамгийн гол нь бид эдийн засгаа сайн байх үед тодорхой хэмжээний нөөц хуримтлуулж чадаагүй сул цацсаныхаа горыг өнөөдөр амсч байна.

-Хөрөнгө оруулалт бол дэлхийн эдийн засагтай холбоотой. Дэлхийн зах зээлд худалдан авалтын эргэлт удаашраад ирэхээр томоохон хөрөнгө оруулагчид харзнаад эхэлж байна. Зөв үед шийдвэрээ гаргах гээд хүлээж байгаа байх.

Оюу толгойн асуудлыг хувь хүнийхээ хувьд сонирхож үзсэн л дээ. Гэтэл Монголын Засгийн газар Оюу толгойд цахилгаан тавьж өгнө гэж амлачихаад биелүүлээгүй. Оюу толгой өөрсдөө хөрөнгө зарж Хятадаас шон татсан. Монгол Улс Оюу толгойд зам тавьж өгөх ёстой байсан ч хийгээгүй.

Оюу толгой мөн л өөрсдөө замаа тавьсан. Энэ бүхэнд зарцуулсан хөрөнгийг одоо яах вэ  гэдэг дээр маргаан үүсчихээд гацаад байгаа  юм байна гэж хар ухаанаар ойлгосон.  Өмнөх засгийн үед ийм алдаатай ажилласны гор нь өнөөдөр Оюу толгойг гацаачихаад байгаа юм биш үү. 

-Одоо намын дотоод асуудал руу оръё. АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ. Эсвэл хуралдахгүй юу гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй явна. Тодорхой шийдэлд хүрсэн болов уу?

-ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг. Төдий өдийд хуралдана гэдгийг намын дарга юм уу эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар шийддэг. Өнөөдрийн хувьд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна.  Энэ хууль хэрвээ батлагдвал улс төрийн намууд тогтолцооны хувьд эрс өөр болох юм. Үүнээс өмнө намыг бужигнуулаад байх онцын шаардлага алга.

Нөгөө талаар манай нам 16 аймагт засаг барьж байна. Эрх баригч намын хувьд улс орны хэмжээнд шийдэх ёстой олон ажил байна. Энэ үед заавал ҮЗХ хуралдуулах шаардлага байна уу гэдэг асуудал байгаа юм. Гэхдээ манай нам олон фракц жигүүртэй. Тэднээс бүрийн санаа оноо, шаардлага тавьж байна. Тэр болгонд тухай бүрт нь хариулт өгөөд асуудлыг тайлбарлаж байгаа.

-АН ротацигүй болчихсон. Гол нь үүнийгээ дүрэмдээ буцааж тусгах асуудлыг ҮЗХ-гоор ярья гээд байгаа. Улс төрийн намын тухай хууль батлагдчихвал үүнийг зохицуулчихна гэж үү?

-Хэрэв ҮЗХ хуралдаад дүрэмдээ ямар нэгэн өөрчлөлт оруулж, дотоод сонгууль явуулахаар болчихлоо гэж үзье. Дараа нь Улс төрийн намын тухай хууль батлагдчихлаа гэж бодъё. Тэгвэл тэр үед дахиад л ҮЗХ-г хуралдуулах шаардлага тулгарна. АН хууль нийцүүлж дүрмээ өөрчлөх шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр дахин дахин хурал хийж, бөөн зардал үрэх болчихоод байгаа юм.

Улс төрийн намын тухай хуульд  юу явж байгаа юм бэ гэвэл намуудыг нэгдсэн үлгэрчилсэн дүрэмтэй болгох асуудал туссан.  Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын хуулиар бүх нам нэг ижил дүрэмтэй болно гэсэн үг.

Удирдлага нь босоо тогтолцоотой байх юм уу, хэвтээ тогтолцоотой байх юм уу гэдгийг энэ хуулиар заагаад өгчихнө.  Ийм системээр явж байж төрийн эрх барих нэгдмэл соёлыг бий болгоно гэж үзсэн байгаа. Өнөөдрийн байдлаар манай нам удирдлагын хэвтээ тогтолцоотой учраас гишүүд нь өөр өөрсдөө шийдвэр гаргадаг.

Ер нь бол манай намын лидерүүд өнгөрсөн хугацаанд дотоод зөрчлөө дарж чадаагүй, хувь амбицуудаа барьж чадаагүй учраас АН ялагддаг, эв нэгдэлгүй байсан юм болов уу гэж боддог.

Дээрээс дарга нөлөөлөөд байх нь ховор. Яг энэ соёлоороо засгийн түвшинд ч ажиллаад байна. Тухайлбал, аймгийн Засаг даргыг иргэдийн хурал нь сонгодог. Ерөнхий сайдад тийм ч их хамаатай биш байдлаар явдаг шүү дээ. Засгийн эрхийг АН барьж байгаа боловч Өвөрхангай аймагт МАН ялсан учраас тэдний бодлогоор орон нутгийг удирдаж байх жишээтэй. Ийм зөрчилдөөнтэй зүйлүүд байна.

Гэтэл МАН, МАХН удирдлагын босоо тогтолцоотой учраас даргынх нь шийдвэр бүх шатандаа хэрэгждэг. Тэд засгийн эрхийг авахаараа яг л энэ соёлоороо ажлыг явуулдаг.  Ийм байдлыг өөрчлөхийн тулд нам болгон нэг ижил дүрэмтэй байх асуудал  яригдаж байна. Ийм учраас л Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа ҮЗХ-гоо хуралдуулж, хуульдаа нийцүүлэн дүрмээ өөрчилсөн нь дээр гэж үзээд байгаа юм.

Түүнээс биш хэлэлцэх асуудлаас айж сандрахдаа ҮЗХ-г хуралдуулахгүй гээд байгаа юм биш. Манай нам  1996 оны нялхсын өвчнөөсөө  салчихсан, төлөвших шатандаа явна. Гэвч нялхсын өвчнийг дахин сэдрээх сонирхолтой хүмүүс манай намд байх шиг байна. Тэр хүслээрээ ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавиад  байгааг ч үгүйсгэхгүй.

-Гэхдээ АН гурван жил цус сэлбэсэнгүй гэдэг гомдлыг яах вэ?

-Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдчихвөл АН 100 хувь цус сэлбэнэ.

-Гэхдээ Ц.Оюундарь гэдэг хүн эрх мэдлээ ашиглаж чадахгүй, туршлага дутсан учраас ганцхан намын даргынхаа амыг хараад ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг жигүүрийнхэн хэлээд байгаа. Тэднийхээр бол дүрэмд өөрчлөлт оруулсан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нарт хариуцлага хүлээлгэх ёстой юм шиг байгаа юм?

-Шүүмжлэх эрх бүх хүнд бий. Ер нь бол манай намын лидерүүд өнгөрсөн хугацаанд дотоод зөрчлөө дарж чадаагүй, хувь амбицуудаа барьж чадаагүй учраас АН ялагддаг, эв нэгдэлгүй байсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл ардчилсан хувьсгалаас арван жилийн дараа нь ардчиллын  төлөөх таван нам арай гэж нэгдсэн байдаг шүү дээ. 

Лидерүүдийн үзэл бодлын зөрчлөөс болоод нам амжилтад хүрдэггүй байжээ гэдэг дүгнэлтийг би хувьдаа хийдэг. Харин одоо манай нам төлөвшлийн шатандаа явж байна. Тиймээс тэр "зодолддог" үе өнгөрсөн. Бид хоорондоо "зодолдсоноороо" ялагдал, задралд л хүрдэг байж. Тийм учраас өнөөдөр эв найртай байж, нэг баг болж ажиллах нь чухал байна. 

Энэ нь нэг нэгийгээ аялдан дагалдах биш, нэг санаатай, эв нэгдэлтэй байхыг илүүд үзэж байна. Түүнээс биш эрх мэдлээ харуулах гэж байгаа энэ гээд яваад байвал үр дүнд хүрэхгүй.  Дүрэмд өөрчлөлт оруулсан гээд байгаа гурван хүний тухайд тийм зүйл байхгүй.  ҮЗХ-ны 228 гишүүн хуралдаад ротаци явуулах тухай заалтыг дүрмээс хассан. Одоо ҮЗХ дахин хуралдаад тэр заалтыг буцааж сэргээх  эсэхийг шийдэж болно.

-Гэхдээ Улс төрийн намуудын тухай хууль батлагдвал ҮЗХ хуралдахгүй юм биш үү?

-Үнэхээр гишүүд шаардаад ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь бичгээр саналаа өгөх юм бол ҮЗХ-г хуралдуулж таарна. Бид ч бэлэн байна.  Гэхдээ одоогоор тийм санал ирсэн юм алга.  Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудын талаар бид аймаг, дүүргийн намын хорооны дарга нартаа танилцуулсан.

Ийм зүйл явж байгаа учраас ҮЗХ-г хуралдуулахгүй гээд хойшлуулаад байгаа шүү гэдэг учрыг ч тайлбарласан. Тэгсэн ч гэлээ ҮЗХ-г хуралдуулна гэвэл бидэнд саналаа өгч болно шүү гэдгийг ч хэлсэн. Гэвч гишүүд саналаа төдийлөн ирүүлэхгүй байна.