4-р сарын 1 гэхэд аймгуудад дулааны цахилгаан станц барих ажил эхлэнэ.
2014.04.04

4-р сарын 1 гэхэд аймгуудад дулааны цахилгаан станц барих ажил эхэлнэ

Манай улсад одоогоор 10 аймаг дулааны станцгүй байгаа. Дулааны эх үүсвэргүй  учраас  аймгийн төвийн барилга байгууламж бүрэн нам даралтын зуухаар галладаг. Үүнээс болж аймгийн төвүүд  өвлийн улиралд Улаанбаатараас дутахааргүй утаатай болдог байна. Ийм асуудал тулгарсан аймгуудын нэг нь Өвөрхангай аймаг юм.

Өвөрхангай аймаг бол дулааны станцгүй аймгуудын нэг. Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжин суурьшилт ихэссэнээс болж аймгийн төв Арвайхээр 35 мянга орчим оршин суугчидтай болсон.  Хүн ам  нэмэгдэхийн хэрээр барилга, байшин олноор баригдаж 52 уурын зуухтай болжээ. Үүнээс гарч байгаа утаа  өвлийн улиралд Улаанбаатараас дутахааргүй байдгыг Арвайхээр хотын иргэд хэлж байлаа.

Аймгийн төвийн утааг багасгаж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс салбарын яам аймагт бүрт дулааны станц барих ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд энэ жилийн төсөвт 9 аймагт дулааны станц барих хөрөнгийг тусгажээ.

Эрчим хүчний сайд М.Сономпил:  “Аймгуудад дулааны станц барих дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хэлцэл явагдаж байгаа. 4-р сарын 1 гэхэд аймгуудад дулааны цахилгаан станц барих ажил эхэлнэ. Миний бие үүнээс өмнө орон нутгийн удирдлагуудтай уулзаж газар орны байдалтай танилцаж явж байна”

Өвөрхангай аймагт дулааны станц байгуулснаар Арвайхээр хотын утааг 40% бууруулна гэсэн тооцоог орон нутгийн удирдлагууд гаргажээ. Мөн тус аймагт дулааны станц байгуулахад хямд үнэтэй нүүрсээр хангах боломжтойгоос авахуулан хэд хэдэн давуу талтай юм.

Дулааны станц бол дулаан үйлдвэрлээд зогсохгүй үйлдвэрлэлийн уур ч гаргана. Ингэснээр аж үйлдвэр хөгжихөд ч эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг ч орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.