Г.Галбадрах: Түймрийн улмаас байгальд 6.2 сая төгрөгийн хохирол учирчээ
Түймрийн улмаас байгальд 6.2 сая төгрөгийн хохирол учирчээ
2014.04.10

Г.Галбадрах: Түймрийн улмаас байгальд 6.2 сая төгрөгийн хохирол учирчээ

Энэ хавар эрт дулаарснаас орон нутагт төдийгүй нийслэлийн зарим хэсэгт хуурайшилт нэн аюултай төвшинд хүрч байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Үүнээс үүдэж түймрийн давтамж өмнөх жилээс нэмэгджээ. Одоогийн байдлаар аль нутагт түймэртэй байгаа, иргэд хэрхэн сэрэмжлүүлэх мэдээллийг ОБЕГ-ын Ой хээрийн түймэртэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Г.Галбадрахаас тодрууллаа.

-Нийслэл орчимд тэнгэр бүрхээд хэдэн өдөр өнгөрлөө. Орон нутагт түймэр гарсаар байгаа бололтой. Бүрэн унтраагүй түймэр байна уу?

-Өчигдрийн / уржигдар/ байдлаар Сүхбаатар аймгийн Асгат сумын III багийн “Шар овоо”, Төв аймгийн Сэргэлэн сумын “Адуун чулуу” гэх газарт хээрийн түймэр гарч аврагчид цаг алдалгүй унтраалаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 11 аймгийн 14 суманд ой, хээрийн түймэр гарснаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Зайсангийн аманд шар өвс шатаасны улмаас гал алдаж нэг га хээрийн бүс шатсан. Одоогоор унтрааж чадахгүй байгаа түймэр алга.

-Түймрийн давтамж өмнөх жилээс нэмэгдсэн гэсэн үү?
Онцгой байдлын байгууллага, хилийн цэрэг, цагдаагийн 2000 орчим хүн түймрийн бүсэд ажилласан.

-Он гарснаас хойш улсын хэмжээнд 14 аймгийн 45 суманд нийт 56 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 1340 га ой, 190 мянган га хээрийн бүс нийт 191 мянга гаруй талбай өртөөд байна. Нэг айлын гэр, нэг өвөлжөө, мөн тооны автомашин, дөрвөн хонь шатаж түймрийн улмаас байгаль экологид 6.2 сая төгрөгийн хохирол учирлаа. Түймрийг унтраахад 7.4 сая төгрөг зарцуулаад байгаа. Онцгой байдлын байгууллага, хилийн цэрэг, цагдаагийн 2000 орчим хүн түймрийн бүсэд ажилласан. Түймрийн давтамжийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 6.2 дахин, шатсан га талбай тав, дайчлагдсан техник 3.2 дахин өссөн үзүүлэлт гарсан.

-Хойд хилээс түймэр давж орж ирдэг байх аа?

-Энэ жилийн хувьд ОХУ-аас Монгол Улсын хил давж хоёр удаа хээрийн түймэр орж ирсэн. Харин манай улсын хил давсан түймэр байхгүй.

-Эрт дулаарснаас орон нутагт хуурайшилт аюултай төвшинд хүрсэн гэсэн. Энэ нь түймэр гарах шалтгаан уу?

-Хуурайшилтаас гадна иргэдийн буруугаас болж гал алдах тохиолдол дийлэнх нь байна. Мөн нийслэлд иргэд өөрсдийн гэр, байшин, хашаа, гудамж талбайн өнжмөл шар өвсийг шатаахдаа гал алдан эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол гарах боллоо. Сүүлийн долоо хоногт ийм маягаар 71 удаагийн гал түймрийн хэрэг зөрчил гарч энэ нь нийт объектын гал түймрийн дуудлагын 59.1 хувийг эзэлсэн байгаа. Тиймээс ард иргэд хаврын хуурайшилттай үед гэр орон, хашаандаа болон орон нутагт зорчиж явахдаа ил гал алдахгүй байхыг онцгойлон анхааруулъя.