Чингис бондын үндсэн төлбөрийг 2018 оноос буцаан төлж эхэлнэ
Чингис бондын үндсэн төлбөрийг 2018 оноос буцаан төлж эхэлнэ
2014.04.11

Чингис бондын үндсэн төлбөрийг 2018 оноос буцаан төлж эхэлнэ

Сангийн яам Засгийн газрын 2013 оны өрийн тоймыг гаргажээ. Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2,8 тэрбум ам.долларын гадаад зээл авснаас өнгөрсөн онд 214 сая ам.долларыг нь ашигласан байна.

Харин нийгэм, эдийн засгийнхаа хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр тус бүрт олон улсын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулан зээл авсан аж. Энэхүү зээлийн хөрөнгөөр нийт 189 төсөл, хөтөлбөр санхүүжүүлснээс 161 нь амжилттай хэрэгжин, 28 нь хэрэгжиж байна гэлээ.

Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээлээс 30 нь гэрээний дагуу бүрэн төлөгдөж дууссан бол 159 нь хуваарийн дагуу төлөгдөж байгаа аж. Тодруулбал, манай улс 1991- 2013 онд гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт нийт 1290.7 сая ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулжээ. Үүнээс 2013 онд 85 сая ам.доллар төлсөн байна. Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.806,6 сая ам.долларын гадаад зээл авч ашигласнаас 1290.7 сая ам.долларыг нь буцаан төлжээ.

Харин 2013 оны гүйцэтгэлээр гадаад зээлийн үлдэгдэл 2.184,4 сая ам.доллар буюу 3.613,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Гадаад өрийн үлдэгдпийн гурван хувийг олон улсын валютын сангийн зээл, 27,9 хувийг Азийн хөгжлийн банк, 21,7 хувийг Дэлхийн банкны зээл, 1,6 хувийг Нордикийн хөгжлийн сангийн зээл, нэг хувийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээл, харин 42,8 хувийг гадаад орнуудаас авсан зээл эзэлж байна.

Тайлбар: Дээрх графикаас харахад гадаад зээлийг 2052 он хүртэл төлөх бөгөөд зээлийн төлбөр нь 2022 он хүртэл тогтмол өсөх бөгөөд 2023 оноос эхлэн аажмаар буурах юм байна.

Монгол Улсын гадаад улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ нийгэм, эдийн засгийн ямар салбарт түлхүү ашиглаж байгааг салбараар нь ангилбал хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүгийн салбарт авсан зээл 13 хувь, эрчим хүчний салбарт 13,2 хувь, зам тээврийн салбарт 25,3 хувь түлхүү ашиглаж байна гэлээ. Түүнчлэн орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт зээлийн 8,1 хувийг ашиглаж байгаа нь тийм ч бага дүн биш гэж санхүүчид дүгнэж байлаа.

Гадаад бонд

Харин УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу тухайн үеийн Засгийн газар 1,500 сая ам. долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан гэдэг. Өнгөрсөн онд 63,3 сая ам.доллар буюу 98,9 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн байна. Засгийн газрын гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн багцад эзэлж байгаа валютын нөлөөллийг авч үзвэл евро 4,2 хувь, иен 13 хувь, ам.доллар 47,6 хувь, зээлжих тусгай эрх 31,8 хувь, бусад валют 3,5 хувийг эзэлж байгаа аж.

 Засгийн газрын баталгаа гаргасан Хөгжлийн банкны үнэт цаас

Хөгжлийн банк 600 сая ам.доллар хүртэлх хэмжээнии үнэт цаасыг олон улсын зах зээлд хоёр хэсэг болгон гаргасан. Эхний хэсэг болох 20 сая ам.долларын үнэт цаасыг нэг жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд гаргаж байсан бөгөөд хугацаанд нь буцаан төлөлтийг нь төлсөн байна.

Хоёр дахь хэсэг болох 580 сая ам.долларын үнэт цаасыг таван жилийн хугацаатай, жилийн 5,75 хувийн хүүтэйгээр 2012 оны гуравдугаар сарын 21-нд арилжаалсан. Өнөөгийн байдлаар Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны үнэт цаасны үлдэгдэл 580 сая ам.доллар буюу 959, 4 тэрбум төгрөг байна.

 Дотоод зээл

Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан урт хугацаат үнэт цаасанд 22,1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн бол үнэт цаасны хүүгийн төлбөрт 64 тэрбум төгрөг төлжээ.

2013 оны Төсвийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасны хүрээнд Засгийн газрын зүгээс төсвийн улирлын шинж чанартай орлогын дутагдал, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх болон өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийт 2.593,0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг тайлант ондоо  багтаан төлжээ.

Нийтдээ үнэт цаасны үндсэн   төлбөрт 1.730,5 тэрбум төгрөг төлсөн байна. Дашрамд, Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан урт хугацаат үнэт цаасанд 22,1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн бол үнэт цаасны хүүгийн төлбөрт 64 тэрбум төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өмнөх жилүүдэд гаргасан үнэт цаасны төлбөрт энэ оны төсвийн жилд нийт 603,4 тэрбум төгрөг төлсөн гэсэн үг.

 Энэ нь 4000 айлын орон сууц хөтөлбөр, банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд гаргасан үнэт цаасны төлбөр, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжихэд, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулсан юм байна. Харин олон улсын санхүүгийн зах зээлээс бонд хэлбэрээр босгосон хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэд бүтцийн салбарт зарцуулсан байна.

Тэр дундаа төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр орлогоороо төлбөрөө буцаан төлөх боломжтой тээвэр, хөдөө аж ахуйн, уул уурхай, барилгын салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аж. Эх үүсвэрийн зарцуулалт 2013 онд Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлсэн юм байна.