Ц.Түмэнцогт: Тендерийн будилаан хөрөнгө оруулалтыг хаадаг
Бизнесийн байгууллагууд нийлэн өчигдөр “Компанийн нийгмийн хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг хийж, хоорондоо санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт ирсэн “Женерал электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтоос бизнес эрхлэх орчин болон бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.
-Танай компанийн хувьд болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголд бизнес явуулахад ямар саад, бэрхшээл тулгардаг вэ?
-Женерал электрик компани дэлхийн 150 улсад үйл ажиллагаа явуулдаг, 330 мянган ажилтантай. Ер нь Монголд тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг хориод жилийн өмнөөс нийлүүлж эхэлсэн. Жишээ нь, Улаанбаатар төмөр замд Revolution, Хоёр загал гээд зүтгүүрүүдийн эд анги нийлүүлж хамтарч ажилласан.
Манай компанийн хувьд Монголд үйл ажиллагаа явуулахад том бэрхшээл гэхээр зүйлгүй. Хамгийн гол асуудал нь гадны хөрөнгө оруулалттай компаниудын хувьд хууль эрх зүйн орчин тогтворгүй байдал сөргөөр нөлөөлөх нь бий. Монголын төр засгаас явуулж буй бодлого урт хугацаанд биш, мөн төмөр замын тухай баримтлах бодлого одоог хүртэл бүрэн тодорхой болоогүй, царигийн асуудал бүрэн шийдлээ олохгүй байсаар байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж байна.
Хоёрдугаарт, ил тод байдлын асуудал. Ялангуяа Монголын тендер, сонгон шалгаруулалт цаг хугацааны хувьд ойлгомжгүй байдаг. Тендер хэзээ зарлаж, хэзээ шалгаруулсан нь мэдэгдэхгүйгээс болж бизнесийн олон ажиллагааг сунжруулж байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид томоохон төсөлд хөрөнгө оруулъя гээд зорихоор тендерийн ойлгомжгүй байдал түлхдэг юм болов уу гэж харагддаг.
Ньюком группын Салхитын салхин паркад орж ажиллаж, нэг хөрөнгө оруулагч нь болсон. Тэнд бид салхин сэнсүүдийг нийлүүлсэн. Цаашдаа хэд хэдэн салхин паркын төслүүд яригдаж байна
Гуравдугаарт, боловсон хүчний асуудал. Гадны том компаниуд орж ирэхээр хууль ёсны дагуу боловсон хүчнийг аль аль талаасаа сонгохоор болоход Монголд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай. Жишээ нь, техникийн өндөр мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байна. Мөн зах зээлийг бодитоор харж, идэвхжүүлэлт хийх маркетингийн боловсон хүчин дутмаг байгааг анзаарч байна. Ер нь цаашдаа хотжилт, бүтээн байгуулалтын хувьд Монгол Улсад маш их боломж бий.
Үсрэнгүй хөгжиж байгаа гэж боддог. Байгалийн баялаг ихтэй улс хоёр том зах зээлийн дунд байгаа нь том давуу тал. Дээр нь ногоон эрчим хүч, цэвэр эрчим хүчийг ашиглаж, хөгжүүлэхэд чамгүй боломж байгаа.
-Одоогийн байдлаар танай компани Монголын төмөр замын салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх байдлаар ажиллаж байна гэлээ. Цаашдаа эрчим хүчний бүтээн байгуулалтад хэрхэн оролцох вэ?
-Бид Ньюком группын Салхитын салхин паркад орж ажиллаж, нэг хөрөнгө оруулагч нь болсон. Тэнд бид салхин сэнсүүдийг нийлүүлсэн. Цаашдаа хэд хэдэн салхин паркын төслүүд яригдаж байна. Үүнийг бид сонирхон судалж байна. Мөн эрүүл мэндийн салбарт дүрс оношлогооны аппарат нийлүүлэх байдлаар хамтарч ажиллана.
-Салхин паркыг анх амжилттай байгуулсан хэдий ч одоо алдагдалтай ажиллаж байгаа гэж дууллаа. Нэг хөрөнгө оруулагчийн хувьд энэ талаар тайлбар өгөөч?
-Энэ бол анхны салхин парк. Өмнө нь төлөвлөгдөж байгаагүй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Одоо бол техникийн хүндрэлүүд тулгарч байгаа ч шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэрээний, үнэ тариф, хэрэглээний асуудал гарч байна. Жишээ нь, салхин паркыг шөнө ашиглахгүй. Тэгэхээр хий дэмий ажиллуулна гэдэг нь өртөг зардлын асуудал учраас үүнийг яваандаа Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтарч шийдэх байх. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оруулах анхны бүтээн байгуулалт учраас үүнийг цаашдаа дэмжээд, туршлага авах хэрэгтэй.
-Та яриандаа дараачийн салхин паркыг дурдлаа. Дараачийн эх үүсвэрийн бүтээн байгуулалт хаана, хэзээ өрнөх бол?
-Өмнөговь, Дорноговьд салхин паркын хоёр ч төсөл яригдаж байна. Гол нь компаниуд нь хөрөнгө оруулалтаа хайж байна. Тиймээс санхүүжилтээ босгочихвол дараа жилээс ашиглалтад оруулахаар ажиллаж байна.