Давхар дээлийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо
Давхар дээл өмссөн төрийн эрхэм гишүүдээс болж их хурал Засгийн газрын үйл ажиллагааг хянаж чадахаа байсан. Давхар дээлтэй сайд нарын толгой данхайж их хуралдаа ирж ирцээ бүрдүүлэхээс эхлээд олон асуудал бий болсон.
Монгол улсын Ерөнхийлөгч 2016 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч МАН-ын зүгээс гаргасан үндсэн чиг үүргийн сайд нараас бусад нь энэ жил тайлах нь зүйтэй гэсэн санал дэмжлэг авсан. Уг нь чуулганы өмнөх хуралдаанаар энэ онд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдсэн ч зарчмын зөрүүтэй саналаар төрийн байгуулалтын байнгын хорооноос буцаагдсан. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ онд тайлах нь зүйтэй гэж гишүүд дэмжсэн. Уг асуудалд их хурлын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн М.Энхболд: “Энэ хуульд их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох энэ албан тушаалуудын талаар би өөрөө тодорхой санал гаргасан. Энэхүү хуулийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байх үед нь үндсэн чиг үүргийн сайд нар их хурлын гишүүн байх нь зүйтэй, хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж их хурал, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжиж байгаа.”
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Одоогоор Засгийн газрын нийт гишүүний 30 хувь нь бодлогын сайд нар байна гэсэн. Гэтэл үүнийг 2016 онд 50, 100 хувьтай байж болно. Бүх боломж нээлттэй байгаа. Тэгэхээр давхар дээл тайлагдаагүй байгаа. Давхар дээлийг үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсны дараа нэг мөр тайлах нь зүйтэй гэдэг дээр бие даагчдын зөвлөл санал нэгтэй байгаа юм.