Р.Бурмаа: Төрийн дээр сандайлсан нам байх ёсгүй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.05.01

Р.Бурмаа: Төрийн дээр сандайлсан нам байх ёсгүй

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын тухай хуулиас болоод АН дотор багагүй зөрчил үүссэн ч бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэхдээ бүлгийн гишүүд бүгд нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ярьсан. Гэхдээ асуудал өөр байх шиг байна. “Давхар дээл”-ийн төслөөс болж АН дотор үл ойлголцсон байдал хэвээр байх шиг?

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар  хэлэлцсэн. Миний хувьд бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг дан дээлийг 2014 оноос эхлэн тайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хуралдааны үеэр ч 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдгээ тодорхой илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан дээр өгсөн саналаа бататгаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр ч, батлахад кноп дарна гэдгээ бүлгийн хуралдаан дээр хэлсэн.

-АН-ын Хяналтын ерөнхий хорооноос намын бодлогод харш санал өгсөн гэж таныг эргүүлэн татах, намаас хөөх шийдвэр гаргасан. Энэ нь намын жагсаалтаар орж ирсэн гишүүд ард түмний төлөөлөл биш намын төлөөлөл болсон уу гэсэн ойлголт төрүүлээд байх шиг?

-Үндсэн хуулинд жагсаалтын гишүүн, тойргийн гишүүн гэсэн ялгаа байхгүй. Үндсэн хуулиар ард түмний илч төлөөлөгч гээд заачихсан.  Би “УИХ-ын гишүүн, ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж,  гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ” гэж Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүн. Жагсаалт, тойргийн гишүүн гэсэн ялгаа зааг байхгүй.

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тодорхой заалт байдаг. Үүнд, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон, Үндсэн хуулийн цэцээс эргүүлэн татах үндэслэлтэйг тогтоосон, өөрийн хүсэлтээр эсвэл нас барсан тохиолдолд эргүүлэн татах заалттай. Улстөрийн намын шийлдвэрээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй.

Өөрөөр хэлбэл, тангараг өргөснөөс хойш бүгд нийт ард түмний элч болон ажилладаг, ажиллах ч ёстой. Намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон 28 хүн бол гэнэт гарч ирээгүй. Орон даяар  сонгуулийн өмнө нэрийн жагсаалт нь тараагдсан, энэ намд саналаа өгвөл ард нь ийм хүмүүс байгаа гэдгийг зарлачихсан.  

Сонгогчид бүгд намын листээр орж ирэх гишүүдийн талаар мэдээлэлтэй, тэднийг харж байж сонголтоо хийсэн.  Улстөрийн нам тойргийн, жагсаалтын гишүүдийг хоёуланг нь улстөрийн нам дэвшүүлдэг. Улстөрийн нам дэвшүүлсэн хариуцлага нь мөрийн хөтөлбөр байдаг.

-Намын жагсаалтын гишүүнийг эргүүлэн татах ямар нөхцөл байж болох вэ?

Сонгогчид бүгд намын листээр орж ирэх гишүүдийн талаар мэдээлэлтэй, тэднийг харж байж сонголтоо хийсэн.

-Намаас нэр дэвшиж сонгогдсон тойргийн, жагсаалтын гишүүд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэхдээ төрийн хууль, Үндсэн хуулийг дээдлэн ажиллаад ард иргэд сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр намын удирдлагад таалагдсангүй, тэрний үгээр байсангүй гэж УИХ-ын гишүүнээс огцруулна гэж байгаа бол хууль бус үйлдэл.

Харин улстөрийн намын бүлэг, намын аппаратаас энэ мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллана мөн саналаа өгсөн гэдэгт анхаарч байх ёстой. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг эсэргүүцэж, дэмжихгүй гэж саналаа өгсөн бол ард түмний саналаа өгсөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн эсрэг саналаа өгсөн гэж сануулга өгөх ёстой. Уг нь  УИХ-ын гишүүн нийт ард түмний элч төлөөлөгчийн хувьд саналаа хэлэх халдашгүй дархан эрхтэй.

Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхөө төлөө, саналаа хэрхэн өгснийхөө төлөө  хариуцлага хүлээдэггүй. Нам мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, сануулга өгөх ёстой болохоос хөөх асуудал ярих ёсгүй. Улстөрийн намын тухай хуулинд улстөрийн намууд бол үзэл бодлоороо нэгдсэн байгууллага гэж заасан.

Тэр утгаараа намын гишүүнийг албадан элсүүлж, албадан намаас хөөж болохгүй гэж тодорхой заасан. Улстөрийн нам бол Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, улстөрийн намын тухай хуулийг дагаж мөрдөнө. Түүнээс УИХ-ын гишүүний хараат бус байдалд халдсан дүрэмтэй байж болохгүй.

-Үндсэн хуулиар ард түмний элч гэсэн байхад намын дүрмээр бол арай өөр зохицуулалт хийгдэх гээд байна л даа. Намын дүрэмдээ хөөх заалт байдаг гэсэн шүү дээ?

-Үндсэн хуулиас дээгүүр давсан намын дүрэм байдаг гэдгийг би сая л мэдлээ. Ийм намын дүрэм  байж болохгүй. Энэ асуудлаар намын дүрэм Үндсэн хуулинд нийцэх ёстой гэдэг дээр цаашид би анхаарч ажиллана. АН Их хурлаа зарлаж, Үндсэн хууль зөрчсөн намын дүрмээ өөрчлөх ёстой.

-Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээс болж УИХ-д орж ирэх дараагийн гишүүдийн “марафон” эхэлчих шиг боллоо?

-Намын дүрмээр яваад намын гишүүнд хариуцлага ногдуулна гэж байгаа бол Хяналтын ерөнхий хороо хуралдахдаа надад мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хяналтын ерөнхий хороонд миний эсрэг 13 гомдол гарсан гэдгийг урьдчилан надад мэдэгдэх ёстой. Миний эсрэг гомдол гаргасан гэдгийг АН-ын генсекийн мэдээллээс сонссон.

Уг нь бол Хяналтын ерөнхий хорооны хуралдаан дээр өргөдөл гаргагч, хариуцагч аль аль талыг нь байлцуулж, мэтгэлцүүлсний дараа Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ гаргах ёстой байсан. Мөн дүрмийн дагуу Хяналтын ерөнхий хороо хэлэлцэх асуудлын талаар гурав хоногийн өмнө хорооны гишүүддээ мэдэгдсэн байх ёстой. Гэтэл Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүдийн хэлж буйгаар оройн хоол иднэ гэж гишүүдийг цуглуулаад ийм шийдвэр гаргасан гэсэн. Хяналтын ерөнхий хорооны хуралдаан баасан гаригийн орой, ажлын цаг дууссаны дараа болсон.

Тэгэхээр Хяналтын ерөнхий хороо хууль зөрчилгүй хурлаа явуулсан уу, хэн нэгний захиалгаар хуралдсан уу гэсэн хардлага төрөхөөр байгаа юм. Хяналтын ерөнхий хороо дүрмийн дагуу хуралдаж шийдвэр гаргаж,  хариуцлага тооцох  ёстой гэж хариу гарвал намын ҮЗХ-ны гишүүдиййн олонхи дэмжсэн тохиолдолд намын гишүүнээс хасах тухай асуудлыг ярина. ҮЗХ-г хуралдуулах хүсэлтийг  намын дарга Н.Алтанхуягт бүлгийн хуралдаан дээр хэлсэн. 

Тэгээд ҮЗХ-ны хурлаар миний асуудлыг хэлэлцээд, зөв буруугаа шүүлгэе гэсэн ч тодорхой хариу өгөөгүй. ҮЗХ дүрмээрээ хагас жил тутам хуралдах ёстой ч УИХ-ын сонгуулиас хойш хуралдсангүй. АН-д хуримтлагдсан олон асуудал байна, олон ҮЗХ-ны гишүүд төрийн албан хаагч болсон учраас ҮЗХ-ны гишүүдийг шинэчлэх, намын даргын дараагийн сонгууль ярих цаг хугацаа хэдий нь болсон.  Энэ мэт шийдвэрлэх ёстой олон ажил байгаа учраас ҮЗХ хуралдуулахыг бүлгийн хуралдаанд хэлсэн.

-Байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газраас оруулж ирж байгаа  хуулиуд хуудуутай орж ирдэг. Ер нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших нь УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэж та шүүмжилсэн?

-УИХ-аар  гарч байгаа шийдвэрт нөлөөлөхүйц олон “давхар дээл”-тэй гишүүд байна. 76 гишүүний 39 нь ирц бүрдүүлдэг. Гэтэл 17 нь сайд байгаа учраас УИХ нь Засгийн газартаа хяналтаа тавих чиг үүрэг нь алдагдаж байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах, тайланг хянах гэхээр УИХ-ын гишүүний кнопон дээрээ сайдын эрх ашгаар хандаад байна.

Шүүмжлэлтэй хандах гэхээр Засгийн газар нь танхимын зарчимтай учраас нэгнийгээ хамгаалж, өргөн барьж байгаа хуулийг нь эсэргүүцэж чадахгүй, дэмжихээс өөр замгүй болоод байна. УИХ гэдэг бол маш олон талаас нь хэлэлцэж, нухацтай хандаж, олон талаас нь шүүмжилж,  цоорхойгүй амьдралд хэрэгжих хууль батлах ёстой. Засгийн газартаа хяналт тавьж, шахаж шаардаж ажилладаг байх ёстой.  

Гэтэл энэ чадамжаа алдаж, Засгийн газрын оруулж ирж байгаа бичиг баримтыг ямар нэг шүүлтүүргүй батлаад яваад байвал УИХ гэж байхын хэрэггүй болж байгаа юм. Засгийн газар нь УИХ-ынхаа шийдвэр гаргах судсыг нь атгаад суугаад байхаар эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх асуудал нь алдагдана.

Засгийн газар маш их эрх мэдэлтэй, төсөв мөнгөө захиран зарцуулж, хууль хэрэгжүүлж байгаа үед хажуунаас нь хяналт тавьж байхгүй бол энэ нь өөрөө буруу зам руу явах боломжтой. Үүнээс л сэргийлж Ерөнхийлөгч ухаалаг төрийн хүрээнд энэ хуулийг оруулж ирсэн.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн хэрэгжих хугацаа маш их маргаан дагуулсан. 2014 оноос хэрэгжихээр батлагдвал яах вэ?

-Нэгэнт чиг үүргийн яамд нь давхар сайдын алба хашиж болно гэсэн шийдвэр гарсан байхад хуулийн хэрэгжилтийг заавал хойшлуулах шаардлагагүй. Чиг үүргийн яамд, Ерөнхий сайд, дээрээс нь жагсаалтын гишүүд нь сайдаараа үлдлээ гэхэд  цөөхөн хэдэн сайд нарыг өөрчлөхөөр байгаа юм. Түүнээс Засгийн газрыг огцруулах гээд байна гэж  сүржигнээд байх зүйл биш.

76 гишүүний 39 нь ирц бүрдүүлдэг. Гэтэл 17 нь сайд байгаа учраас УИХ нь Засгийн газартаа хяналтаа тавих чиг үүрэг нь алдагдаж байна

Болохгүй байгаа сайд нараа явуулахыг нь явуул гэж Ерөнхийлөгчийн хэлсгийг би дэмжиж байгаа. Болохгүй байгаа зүйлийг харсаар байж 2016 он хүртэл нүдээ аниад явах биш засч, залруулаад явж болно. Өнөөдөр Засгийн газар тогтвортой байх асуудлыг ярьж байна.

Миний хувьд бол төр тогтвортой байх асуудалд санаа зовох ёстой гэж бодож байна. УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулж, түүнээс гарч байгаа хууль тогтоомж нь цоорхойгүй, чанартай байх ёстой.

Тэгэхийн тулд УИХ-ын гишүүд асуудалд гишүүн шиг хандаж, олон талаас харж, дүгнэж, цаг заваа гаргаж, судалж ажилах үүрэгтэй. Тэд кабинетын  зарчмаар буюу Засгийн газрын гишүүний байр суурин дээрээс эрхээ хязгаарлуулаад нэг өнцгөөр хараад  байгаа нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна.

-Өмнө нь давхар дээлтэй байж болоод ирсэн. АН-ынхан болохгүй юу гэдэг байр суурийг Ерөнхий сайд илэрхийлсэн?

-УИХ-ын шийдвэрт нөлөөлөхүйц олон тоотой сайд байна шүү дээ. Өмнө нь бол 11-ээс доош байсан учраас нөлөөлдөггүй байсан. Магадгүй дараагийн сонгуулиар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаад 25 сайдтай болчих вий гэсэн болгоомжлол бий.

Үүнийг л  засах үндэслэл юм. Гэтэл гишүүний бүрэн эрхэд халдаад байгаа нь зохимжгүй. Төрийн дээр нам сандайлдаг байдал 1990 оноос өмнө бол байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд төрөө дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, ардчилсан төртэй иргэний нийгмийг байгуулсан. Нам гэдэг бол эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Түүнээс биш төрийг удирдаад, юу хийхийг зааж, хэн нэгний эрхэнд халддаг байгууллага биш.

-Хууль 2014 оноос хэрэгжихээр батлагдвал Ерөнхийлөгч хориг тавих байх гэсэн таамаг байна. Тэгвэл энэ нь дахиад л 2016, 2014 гэсэн маргаан дагуулах юм биш үү?

-Болоогүй процессийг таамаглаж дэвшүүлээд хэрэггүй байх. 2014, 2016 он гэдгийг давуу, сул тал дээр мэтгэлцээн хийгээд, ард олноос санал аваад явах нь эрүүл. Гэтэл хаалттай хаалганы цаана шийлвэр гаргачихаад хэн нэгнийг дарамтлаад, хөөнө гэж ярих нь буруу. Намайг хөөнө гэсэн шийдвэрийн хоёр дахь заалт нь “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд сануулсугай” гэж бусад гишүүдэд сануулга өгсөн байна лээ. Дээрээс нь Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байлгахыг АН-ын гишүүдэд үүрэг болгосугай гэсэн байгаа юм.

 Намын бүлэг бол дотроо асуудлыг олон талаас нь ярьдаг, намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлого,  хуульд нийцүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл намын хэсэг бүлэг хүмүүс суучихаад УИХ-ын гишүүнд үүрэг, сануулга өгнө гэдэг бол УИХ-ын утга учрыг алдагдуулж байна. Төрийн дээд байгууллагын дээр нам гэж суугаад, намын цөөхөн хэдэн хүн шийдвэр гаргаж байна. Намын Их хурал шийдвэр гаргасан бол өөр хэрэг. Гүйцэтгэх зөвлөл бүлгийн гишүүдэд үүрэг өгдөг, сануулга өгдөг эрх бүхий субъект биш.

-АН дотроо шинэчлэгдэх ёстой гэж та харж байна уу. ҮЗХ-ны хуралдааныг яагаад зарлахгүй байна вэ?

-Намын дарга ҮЗХ-ны хуралдааныг зарлан хуралдуулдаг. Тиймээс би намын даргаас бүлгийн хуралдааны үеэр “ҮЗХ хэзээ хуралдуулах вэ” гэдгийг асуусан ч хариулт өгөөгүй.

-Магадгүй олонхоороо шийдвэрлээд таныг явуулчих нөхцөл бүрдвэл та яах вэ?

-ҮЗХ шийдвэр гаргасан ч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах ямар ч нөхцөл байхгүй. Тойргийн, жагсаалтын гээд ялгаад эргүүлэн татах эрх намд байхгүй. Харин сонгуульд орохоос өмнө хасах эрх бий. Ганцхан хууль зөрчсөн, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тохиолдолд эргүүлэн татдаг. Би дахид хэлье, төрийн дээр нам сандайлна гэж байхгүй. Түүнийгээ мэдэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд Үндсэн хуулиа унш, бусад хуулиа унш гэж хэлмээр байна.

-“Давхар дээл”-ийг тайлах дөрвөн гишүүнийг хавчих, дарамтлах зүйл гарах болов уу?

-Бид бүлгийн хуралдаанд сууж, саналаа хэлж байгаа. Шахалт, дарамт ирсэн юм байхгүй байна.