Р.Бурмаа: Намаас хөөнө гэдэг асуудал хууль бус үйлдэл
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.05.02

Р.Бурмаа: Намаас хөөнө гэдэг асуудал хууль бус үйлдэл

Намынхаа эсрэг санал өгсөн М.Зоригт, Х.Баттулга, Ж.Батзандан нараасаа хамгийн их зэмлэл хүртэхээр болсон нь Р.Бурмаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан Р.Бурмаа гишүүнийг намаасаа хөөж, Ж.Батзанданд нэлээд сайн гэгч нь бан хүртээхээр төлөвлөчихсөн байсан юм.

Гол шалтгаан нь “Давхар дээл” тайлах хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 он гэж ойртуулахад энэ дөрвөн нөхөр намдаа нэлээд том “гавьяа” авчирахаар болчихсонд эрх баригчдын зүгээс шөнө ч унтаж чадахгүй байв. Харин эрх мэдэлдээ үнэнч үлдэхийн тулд, мөн УИХ-д олон суудалтайдаа бардан Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаачихлаа.

Учир нь намрын чуулганаас хаврынхыг хүртэл дамнан хэлэлцүүлсэний ач гарсангүй. Гэвч үүний үр дүнд Р.Бурмаа гишүүнийг намаас хөөнө гэдэг увайгүй шийдвэр нь АН-ынхныг онигоонд оруучихлаа. Тиймээс Р.Бурмаа гишүүнээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хэрхэн хандаж байгаа талаар байр суурийг нь сонслоо.

-Эсрэг санал өгсний төлөө АН-ынхан таныг хөөнө гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл “Давхар дээл” тайлах хуулийн төслийг буцаалаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?

УИХ Засгийн газартаа хяналт тавихад сөргөөр нөлөөлж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Би үүнд харамсч байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж байгаа нь парламентын хэвийн үйл ажиллагаа. УИХ Засгийн газартаа хяналт тавихад сөргөөр нөлөөлж байгаа. Ийм ч учраас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг байр сууринд байгаа.

Одоо ч гэсэн байна. Харин энэ асуудлыг шийдэж болох байсан. Чиг үүргийн сайд нар давхар УИХ-ын гишүүнээ хийгээд, дээрээс нь листээр сонгогдсон гишүүд сайдаа хийх боломж байсан. Өөрөөр хэлбэл, цаана нь 50 хувь хүрэхгүй гишүүдийг солих асуудлыг хоёр үе шаттай шийдэж болох байсан юм.

Тухайлбал, дан дээлтэй буюу гишүүн биш гурван сайдыг оруулж, дараа нь дөрвөн сайдыг солиход Засгийн газрын 50 хувь өөрчлөлт орохгүй учраас засаг огцрох тухай асуудал байхгүй л байлаа. Учир нь ийм маягаар гишүүдийн дийлэнх нь УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулдаг, Засгийн газар ч мөн хэвийн явах боломжийг энэ санал хураалтаар хаачихлаа.

Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай, өөрсдийнх нь асуудлыг ярихаар чуулгандаа ирж, ирцээ бүрдүүлдэг нь үүгээр тодорхой байна. Харин өөр асуудлыг хэлэлцэхээр ингэж суудаг билүү. УИХ-аар маш чухал зүйлийг ярьдаг. Гэтэл сайд нарын суудалд нь онгорхой, гаргаж байгаа шийдвэр нь татгалзсан гэдгээр гардаг. Олон асуудал үүнээс болж УИХ-аар унаж байсан. Яасан гэхээр яамдын ажилтай, сайд нар “Завгүй” гэдэг нэрээр УИХ-ын үйл ажиллагаанд хангалтгүй оролцдог.

Маш их тасалдаг. Үүнээс болж УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа учир үүнийг засах, ухаалаг төртэй болох Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжээгүйд харамсч байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг унагаснаар УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явах нөхцөл бүрдэхгүй гэсэн үг үү?
Ард түмний элчийн хувьд төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа.

-Ерөнхийлөгчийн гаргасан санаачилга УИХ нь УИХ шигээ, Засгийн газар нь Засгийн газар шигээ ажиллаж, төрийн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг бүрдүүлэх байсан. Асуудлыг маш нухацтайгаар олон хоног хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудлыг олонхиороо хүч түрэн унагалаа. Үүнд харамсч байна.

-Ингэхэд энэ хуулийн төслийг буцааснаар эерэг үр дүн нь таныг намаас хөөхгүй байх асуудал үүсч байна уу?

-Намаас хөөх гэдэг бол дүрэм, журамтай. Үүнийхээ дагуу Үндэсний зөвлөлдөх хороо, намын Их хурлаар шийдвэрлэх байх. Намын удирдлага, цөөн хэдэн хүний шийдвэр, дохио зангааг дагасангүй гэдгээс болж миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй.

Ард түмний элчийн хувьд төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа. Цаашид ч гэсэн тэгж ажиллах болно. Тийм учраас ард түмний элч төлөөлөгчийг хэн нэгэн намын удирдлагад байгаа албан тушаалтнуудын хүсэл, эрмэлзлэлээр халдаггүй, сольдоггүй. Би үүнийг хатуу хэлнэ. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөгч.

-АН-ынхан хөөнө гэсэн шийдвэр гаргасан нь таны нэр төрд халдаж байгаа үйлдэл биз?

-Үзэл бодлоороо чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, намаасаа өөрөө гаръя гэдэг бол өөр суудал. Харин намаас хөөнө гэдэг энэ асуудлаараа Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Тийм учраас энэ бол хууль бус үйлдэл.

-АН-ын бүлгийн даргын хувьд хариуцлагагүй үйлдэл гаргасан. Учир нь “Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь давхар дээлтэй байя” гэсэн санал гарахад буцаасан асуудал бий. Харин үүнийгээ ярихаас илүүтэй таныг намаас хөөнө гэсэн нь хариуцлагагүй алхам биш үү?

-Бүлгээр энэ асуудлыг эргэж ярих байх. Тэр үед нь энэ асуудлыг тавина.