Ш.Мааяа: ХХ-ийн шинэчилсэн найруулгаар албан бус хөдөлмөрийн харилцааг зохицуулна
Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ш.Мааяа
2014.05.07

Ш.Мааяа: ХХ-ийн шинэчилсэн найруулгаар албан бус хөдөлмөрийн харилцааг зохицуулна

НҮБ-ын байранд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын танилцуулга хийж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, олон улсын байгууллагууд хэлэлцүүлэг хийв.

- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга одоо мөрдөгдөж буй хуулиас юугаар ялгаатай вэ?

Одоогийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш үүсч буй харилцааг зохицуулдаг. Харин шинэчилсэн найруулгад хүрээг өргөтгөж хөдөлмөрийн харилцаа үүссэн цагаас нь эхэлж зохицуулахаар багтаасан. Мөн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх асуудлыг тусгайлан авч үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулинд 11 төрлийн маргааныг шууд шүүхээр шийдвэрлэхээр заасан байдаг ч энэ нь ажил эрхлэгч, ажил олгогчийн аль алиных нь хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх явцыг анхан шатанд нь түргэн, ойлгомжтой болгох шаардлага тулгарч байна. Түүнчлэн цалин хөлс, ээлжийн амралтын зохицуулалтыг уян хатан болгох хэрэгтэй.

- Хөлсөөр мал маллагч, гэрийн үйлчилгээ эрхлэгчийн хөдөлмөрийн асуудлыг яаж тусгасан бэ?

Хөдөлмөрийн гэрээ байгуулах заалтыг оруулж өгсөн. Мөн хөлсөөр мал маллагч цалингийнхаа тодорхой хувийг мөнгөөр биш өөрт хэрэгцээтэй зүйлээр орлуулж авах боломж ч бий. Ер нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэг тийш болгох цаг болсон.

- Эдийн засгийн харилцаа нарийсахийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд хуулийн дагуу шийдэх боломжгүй асуудал байдаг. Монголын хувьд ямар хүндрэлүүд байна вэ?

Иргэний хуультай холбоотой асуудал бий. Уг хуулинд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэсэн хоёр гэрээний тухай заалтууд орсон байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулинд зөвхөн хөдөлмөрийн гэрээний тухай оруулсан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ хоёрын зааг ялгааг тогтоож өгөөгүй. Тиймээс ажил олгогч ажил гүйцэтгэх чанартай ажлууд хийлгэсэн мөртөө хөлсөөр ажиллах гэрээ байгуулж хариуцлагаас бултах магадлал өндөр. Харин шинэчилсэн найруулгад хөлсөөр ажиллах харилцааг хөдөлмөрийн гэрээний хүрээнд зохицуулахаар тусгасан.

- Монголын хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжууд олон улсын конвенциудад тусгасан шаардлагыг биелүүлж чаддаг уу?

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 16 конвенцид нэгдсэн. Аль болохоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хичээдэг. Гэхдээ нөгөө талаас өөрийн орны онцлогт нийцүүлж бодлого хэрэгжүүлэхийг зорьдог. Мөн зах зээлийн чиг хандлагыг хуулиндаа тусгах ёстой гэж бодож байна.