Хөл ихтэй хөдөлмөрийн яармаг
Хөл ихтэй хөдөлмөрийн яармаг
2014.04.16

Хөл ихтэй хөдөлмөрийн яармаг

Монголын залуучуудын холбоо өчигдөр ажил хайсан оюутан залуусын хөлд дарагдаж өнжлөө. Энд тэндгүй анкет бөглөж ажлын ярилцлагад оролцож буй оюутан залуус, албан байгууллагуудын хаяг реклам, сурталчилгааны самбарууд, яармагийг сурвалжлахаар ирсэн хэвлэл мэдээллийнхэн гээд ёстой л нөгөө түм түжигнэж, бум бужигнана гээч нь болж байв.

Тус .яармаг зөвхөн оюутнууд гэлтгүй хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг цагийн болон түр, байнгын ажлын байранд шууд зуучилж, мэдээлэл зөвлөгөө өгч, Монгол Улсын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн юм. Мөн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудыг дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжид зуучилж байв. Биднийг их үдийн алдад очиход 500 гаруй оюутан, ажил хайгч иргэн хөдөлмөрийн яармагт ирж, 70 гаруй хувь нь анкет бөглөж, сонирхсон ажлын байр, албан байгууллагатайгаа холбогдсон байв.

Яармагт оролцож буй ажил олгогч 20 гаруй байгууллага нийт 420 гаруй цагийн болон байнгын ажлын байр санал болгожээ. "Их майдар" төсөл, "Чингис хааны хөшөөт цогцолбор", "МОНРЕ" даатгал, "Капитал" банк, "Үндэсний соёл амралтын хүрээлэн", "Оюуны ундраа", "Улаанбаатар” такси тэргүүтэй байгууллагууд ажил хайгч иргэдийн хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэж байлаа. Энэ жил сургуулиа төгсч, ажил амьдралын гараан дээр ирээд буй оюутнууд байнгын ажлын байр хайж байсан бол 1-3 курсын оюутнууд цагийн ажлыг илүү сонирхож буй харагдана.

Зохион байгуулагчид ч байнгын болоод цагийн ажил гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагджээ. Тухайлбал, байнгын ажлын байр эрэлхийлсэн хүсэлтийг хүлээн авч цааш Хөдөлмөрийн төв биржид уламжилж, яармагт захиалга өгсөн байгууллагуудтай шууд утсаар холбон зуучилж байсан бол цагийн ажил горилогчдыг хамтран ажиллаж буй байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдтэй холбон газар дээр нь ажлын байраар хангаж байлаа.