Хөдөлмөрийн сайд ажлаа тайлагналаа
Шинэчлэлийн Засгийн газраас тогтмол зохион явуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтанд Хөдөлмөрийн яамны сайд, удирдлагууд, тус яамнаас хэрэгжүүлж буй Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн суралцагчид ирж оролцлоо.
Сайд Я.Санжмятав Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлэх зорилтоос танилцуулсан юм. Тухайлбал, Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж 150 мянган ажлын байр бий болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ЖДҮ хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 төгрөгт хүргэх, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг шууд ажлын байртай холбодог тогтолцоонд шилжих зэргийг онцолсон юм.
2012 оны арваннэгэн сарын байдлаар улсын хэмжээнд 38 мянга 827 ажлын байр шинээр бий болсон гэсэн дүн гарсан бол 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 51 мянга 917 болж нэмэгдсэн гэнэ. Ажлын шинэ байранд ажилд орсон иргэдийг салбараар нь ангилж үзвэл барилгын салбарт хамгийн өндөр нэмэгдсэн үзүүлэлттэй бол боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт ажиллагсадын тоо удаалсан байна.
Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж 150 мянган ажлын байр бий болгоно
Тус яамнаас онцолж буй нэгэн зүйл нь Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр бөгөөд 2012-2013 онд нийт 6417 төгсөгчийнх нь 79 хувь нь ажлын байраар хангагдсан аж. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд 944 ажил олгогчтой хамтран ажиллаж буй гэнэ.
Яамны зүгээс гадаадаас ажилчин авахыг багасгах, гадаадад ажиллах хүч болгон гарах залуусын тоог бууруулах бодлого барьж буй бөгөөд эх орондоо мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэж байгаа учраа энэ тоо нь ч буурч байгаа аж.