НҮБ-ын нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганд сайд С.Эрдэнэ оролцож байна
2014 оны 2 сарын 11-21 ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
Тус чуулганаар "Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийг чадавхижуулах нь" сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үг хэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах болон иргэдийг чадавхижуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулав.
2012-2016 онд "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган хүний ажлын байрыг бий болгох, түүнчлэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг авч хэрэгжүүлж байна. Мөн Монгол улсын ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд тодорхой хувиар буурч байгааг дурдаж, ядуу иргэдэд төрөөс бэлэн мөнгөний тусламж, дэмжлэг олгохоос аль болох татгалзаж, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орлогын эх үүсвэрийг бодиттой бий болгоход анхааран ажиллаж байгаа гэдгээ салбар хариуцсан сайд илтгэлдээ онцлон тэмдэглэжээ.
НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганы 2 дугаар хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дахин үг хэлсэн. Тэрбээр Монгол Улс хүн амын хөгжлийн талаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд шинэчлэлийн Засгийн газар хүн амын хөгжлийн асуудлыг үндэсний хөгжлийн цогц асуудал болгон үзэж, салбар дундын бодлого, зохицуулалт шаардсан хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хариуцсан хүн амын асуудлаарх Үндэсний хороог байгуулан ажиллаж байгааг онцолсон юм.
НҮБ-ын Бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенциудыг бүрэн хэрэгжүүлэхэд шинэчлэлийн Засгийн газар болон салбар яам онцгой анхаарч ажиллаж байгааг илэрхийлсэн
Мөн хүн амын хөгжлийн зорилтууд, ялангуяа хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлуудыг гэр бүлийн хөгжлийн хүрээнд авч үзэж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн орчны шинэчлэлийн ажлыг эхлүүлснээ чуулганд оролцогсдод болон Олон улсын байгууллагын төлөөллүүдэд хандан мэдээлсэн.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Эмэгтэйчүүдийн эсрэг бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенциудыг бүрэн хэрэгжүүлэхэд шинэчлэлийн Засгийн газар болон салбар яам онцгой анхаарч ажиллаж байгааг илэрхийлсэн.
Үүүнээс гадна Монгол улсын Засгийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамт олонд түшиглэн сэргээн засах, эрхийг хангах, боловсролд тэгш хамруулах, тэдний бүх талын оролцоог хангах зорилгоор нийгмийн дэд бүтцийг бий болгох, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж төрийн цогц үйлчилгээг хүргэх үүднээс төр ба төрийн бус байгууллагуудыг чадавхижуулж, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаагаа хэлжээ.
Чуулганы үеэр хөндөгдсөн бас нэгэн асуудал болох насжилтын асуудлаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний мөрөөр насжилтын үндэсний стратегийг 2009 онд батлан хэрэгжүүлсэн. Тус стратегийн дагуу ахмад настнуудыг нийгмийн идэвхитэй гишүүн байхад чиглэсэн олон талт арга хэмжээний хүрээнд цаашид насжилтад бэлтгэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зэрэг асуудлыг цогц байдлаар авч үзэн, бодлогын түвшинд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг ХАХНХ-ын сайд тодотгожээ.
Мөн 2008 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн Монгол улс мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тодорхой ахиц дэвшил гарч байгааг тэрбээр тэмдэглэн хэлсэн байна.
АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ- ын нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганы хэлэлцүүлгийн төгсгөлд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол улсын шинэчлэлийн Засгийн газар насжилтын асуудлаарх Мадридын олон улсын тунхаглал, залуучуудын асуудлаарх дэлхийн хөтөлбөр, ХБИ-ийн эрхийн тухай конвенци болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүн амын бүлгүүдийн болон гэр бүлийн хөгжлийг хангах талаар хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа илэрхийлжээ. Цаашдаа алдаа, ололт амжилтаа хуваалцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ болон гишүүн орнуудад уриалав.