Үндэсний мэргэжилтэй ажилчид Туул голыг цэвэрлэв
Монгол Улсын Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлдэг “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагддаг залуус Туул голыг цэвэрлэв. Туул голын эрэг дагуу 16 км газрын хог хаягдлыг түүх цэвэрлэгээнд 1000 суралцагч хамрагдсан байна.
Маршалын гүүрний орчимд цэвэрлэгээ хийж байсан хэсэг хүмүүс дээр очлоо. И.Мягмардорж Барилгын Политехникийн коллежид сурч байгаа гэнэ. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд тэр тус коллежид хоёр сарын турш онолын мэдлэг эзэмшжээ. “Дунд сургуулиа дүүргээд Завханаас хотод ирж байлаа.
2001 оноос “Нарантуул” зах дээр зогссон доо. Есөн шидийн юм хийж үзлээ. Эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг болохоор амьдрал хүнд байсан. Ямар ч байсан мэргэжилтэйболохоор шийдэж тус коллежид хандсан. Намайг маш халуун дотноор хүлээн авч ямар мэргэжил эзэмшвэл цаашид ирээдүйтэй талаар коллежийн багш нар маань зөвлөсөн. Ингээд барилгын мэргэжил сонгосон. Их барилгын ажил эхэлж буй энэ цаг үед би мэргэжлээ зөв сонгосон гэж бодож байгаа. Ажлын байраа яаж олох билээ гэсэн зовнил байхгүй байгаа.
Сургуулиас маань мэргэжлийн үнэмлэх өгнө, нийгмийн даатгалыг минь төлж байгаа. Стипенд 190 мянган төгрөг авдаг. Гэрээ хийх компаниа эхлээд сайн судалж байгаад ажилдаа ханцуй шамлаад орчихно доо” гэж И.Мягмардорж ярилаа.
Мэргэжлийн хувцсаараа ижилсэн, нийслэлээр нэг бужигнаж харагдсан эдгээр үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг харахад Хөдөлмөрийн сайдын яриа амьдрал дээр биеллээ олсныг баталсан юм.
Цэвэрлэгээ хийж байсан залуусын дунд тохитой томоотой нэг хүн харагдсан нь 52 настай М.Батбаяр. Тэрбээр барилгын мужааны мэргэжлээр суралцаж байгаа гэлээ. Технологийн дээд сургуульд хоёр сар онол судалжээ. Одоо “Пром сервис” компанид дадлага хийх юм байна. Яагаад энэ компанийг сонгосныг лавлахад “Канад карказан барилгын технологид суралцахыг хүссэн юм" гэлээ.
Ажил олгогчтойгоо ярилцлагад орж, гурван сар дадлага хийсний дараа жинхэнэ ажилтан болохоор гэрээ байгуулсан аж. Хоёр сар номын дуу сонсох хангалттай эсэхийг сонирхоход “Хангалттай. Долоо хоногийн таван өдөр хичээл хийдэг” гэсэн юм. М.Батбаяр өмнө нь зуслангийн байшингаа барьсан туршлагатай. Мань эр залуудаа Эрчим хүчний байгууллагад хэмжүүрийн техникч хийж байсан. Техникчийн мэргэжлээ хойд хөршид ТМС-т эзэмшиж байжээ.
Тэтгэвэрт гарсныхаа дараа ногоо цагаахан тарьж байсан энэ хүнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах боломж олджээ.Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ажил хөдөлмөрийн шинэ гараагаа эхэлж, залуу насандаа эргэж очсон юм шиг санагдаж байгаа гэнэ. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хүмүүсийг олноор хамрагдаасай, тэр хэрээр олон хүний амьдрал дэвжиж дээшлэх юм байна шүү гэж тэр хэлж байлаа.
Технологийн дээд сургуулийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Ш.Отгондалай шавь нараа удирдан цэвэрлэгээнд оролцож байв. “Хөтөлбөрийн хүрээнд 150 хүн есөн мэргэжлээр манай сургуульд сурч байгаа. Дийлэнх нь 24- 35 насныхан” гэж тэр танилцуулав. Тус сургуулийнхан хичээлийн гурван байртай учраас хөтөлбөрийн олон суралцагч ирсэн ч түүртдэггүй гэнэ.
Хөтөлбөрийн суралцагчид эрчимтэй ажиллаж байсан учир хог хийх шуудай хүлээгдэж эхэлсэн юм.
Хөтөлбөрийн суралцагчид эрчимтэй ажиллаж байсан учир хог хийх шуудай хүлээгдэж эхэлсэн юм. Туул гол ундны усны ундаргыг хамгаалах “Тунгаа” төвийн Д.Лхагвадорж Туул гол цэвэрлэх ажлын их туршлагатай. Хавар намартаа их цэвэрлэгээ хийдэг. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл цэвэрлэхэд 1500 шуудай чүү чайтай хүрдэг. Хар усны тохойгоос Хар хошуу хүртэл 10 мянган шуудай багаддаг гэж тэр тайлбарласан.
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй. Өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэжээ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өнгөрсөн жил мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан 10 хүн тутмын 8 нь ажилтай болж байсан.
Энэ жил дээрх үзүүлэлтийг улам ахиулна, чанаржуулна, залуучууд жил ирэх тусам их, дээд сургууль гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан болж амьдрал ахуйгаа хурдан дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаа” гэж байсан юм. Энэ долоо хоногт мэргэжлийн хувцсаараа ижилсэн, нийслэлээр нэг бужигнаж харагдсан эдгээр үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг харахад Хөдөлмөрийн сайдын яриа амьдрал дээр биеллээ олсныг баталсан юм.
Энэ жилийн эхний 5220 хүн "анх танхимын сургалтын төгсөлтөө аль хэдийнэ хийжээ. Ажилтай, орлоготой монгол хүний тоо өсч байгаа нь өнөөдөр эдийн засаг хүндэрч байна, иргэдийн орлого буурч байна гэсэн тааруухан мэдээллийн хажуугаар сонсогдож буй хамгийн таатай мэдээлэл юм даа.