Өндөр настнуудын туршлагыг ашиглах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөдөлмөрийн яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа.
Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох. Энэ зорилтыг биелүүлэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 8 хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 52 мянга, үүнээс орон нутагт 29 шахам мянган ажлын байр шинээр бий болжээ. Эдний 40 гаруй хувь нь барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт ажлын талбарт гарчээ.
Я.Санжмятав сайдын мэдээлснээр, ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хот хөдөөгийн хаана ч ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын сүлжээ нэвтрүүлэх ажлууд үр дүнгээ өгч эхлээд байна.
Ажлын байрны талаарх улсын хэмжээний мэдээллийн сан үүсгэж, интернэтэд холбогдсон сумд, нийслэлийн бүх хороог хамруулан 345 байршилд онлайн бирж байгуулсан нь хөдөлмөрийн салбарын үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд түлхэц болж байгаа гэнэ.
Гадны мэргэжилтэн ажиллуулбал илүү татвар төлдөг механизм нэвтрүүлснээр гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний тоо 2012 оныхоос 20 шахам хувь буурч, 8800 болжээ.
Гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний тоо 2012 оныхоос 20 шахам хувь буурч, 8800 болжээ.
Гадаадад илгээсэн дотоодын ажиллах хүчний тоо ч тодорхой хувиар цөөрсөн байна. Монголчууд хамгийн олноор гарч ажилладаг БНСУ руу гэхэд 2012 онд 2500 хүн явсан байхад өнгөрсөн онд 1900-д багтжээ.
Ажлын байр шинээр бий болгохын тулд хэд хэдэн сангийн шугамаар иргэд, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгож байна. Өнгөрсөн онд 84 тэрбум төгрөгийн зээл олгосноос 14 тэрбумыг нь орон нутагт хуваарилжээ.
Иргэдэд хамгийн ойр дөхөм дэмжлэг болдог Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 тэрбум, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэж нэмэхээр зорьж байна.
Одоогийн байдлаар Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санд 246 тэрбум төгрөг эргэлддэг ба хүн амын тооноос нь хамааруулан сумдад 200-800 сая төгрөг хуваарилдаг юм. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 тэрбум, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэнэ.
Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэржилтэд бодлогоо төвлөрүүлсэн, үүний нөлөө хөдөлмөрийн салбарт бодит үр дүн болж бууна. Улсад төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, 50 саяас бага орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт бодлого ажлын байрны тоо өсөхөд нөлөөлнө гэж Хөдөлмөрийн яамнаас тооцоолжээ. Салбарын хууль эрх зүйн орчинд энэ онд дорвитой шинэчлэл хийнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр хэрэгжүүлнэ.
40-өөс дээш насныхан, тэтгэвэрт гарсан ахмадууд, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд бодлогоо чиглүүлнэ.10 мянган оюутанг их бүтээн байгуулалтын талбарт ажиллуулах бол өндөр настнуудын туршлагыг ашиглах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгох ёстой. Гэхдээ 60 мянгад хүргэе гэсэн дотоод зорилттой ажиллаж байгаа аж.