Дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийг бууруулахын тулд төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна
“Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн
2014.05.24

Дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийг бууруулахын тулд төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс , эрүүгийн 2 дугаар тойргийн шүүх хамтран хууль сахиулах төрийн байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 17-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр оролцогчдод Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтэй холбоотой танилцуулга мэдээлэл хүргэхийн зэрэгцээ дүүргийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Цагдаа, Мэргэжлийн хяналт, Прокурор, Шүүхийн байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаатай ажилласнаар гэмт хэргийн гаралтыг бууруулах боломжтой байгаа талаар зөвлөлдсөн юм. Хэдийгээр нийслэлийн бусад найман дүүрэгтэй харьцуулахад Баянгол дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн гаралт хамгийн бага буюу 6-7 хувийн өсөлттэй байдаг.

Гэвч дүүргийн удирдлагууд энэхүү үзүүлэлтийг илүү ахиулан 2014 онд 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Статистик мэдээллээс үзэхэд 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээ 8157 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 977 нь буюу 12 орчим хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7180 буюу 88 орчим хувь нь захиргааны шинжтэй дуудлагууд байжээ. Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд иргэд ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан байдаг байна. Тиймээс дүүргийн нийт оршин суугчдын эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж, шинээр бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль сахиулах төрийн байгууллагууд одоогийн үйл ажиллагааныхаа уялдаа холбоог улам бүр нягтруулж ажиллахаар болсон юм.