Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалагчдыг бэлтгэнэ
Баянгол дүүргийн Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
2014.05.24

Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалагчдыг бэлтгэнэ

Монгол улс ердөө тавхан жилийн өмнө хар тамхины дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өдгөө хэрэглэгч улсын тоонд багтан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа залуусын тоо өдөр ирэх бүр өсөх хандлагатай болоод байгаа. Хэдийгээр манай улс өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, хууль бус худалдааг таслан зогсоохтой холбоотой маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн ч бодит үр дүнд төдийлөн хүрч чадахгүй байсаар байгаа төдийгүй, хар тамхитай холбогдож буй залуус, шүүхийн хаалга татах залуусын тоо улам бүр олшрох болсон.

Ялангуяа өсвөр насныхны сониуч, саваагүй сэтгэхүйн онцлог нь гэмт хэрэгтнүүдийн хувьд олз болж тэднийг энэ төрлийн хорт үйлдэлдээ уруу

татах, мансууруулах бодист автуулах үйлдэл ихээр гарах болсон. Тиймээс Баянгол дүүргийн Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг хамтран төрийн өмчийн 17 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, багш нарт зориулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш” бэлтгэх гурван өдрийн сургалтыг санаачлан эхлүүллээ.

Хэдийгээр өмнө нь ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлүүлэхийн тулд тус бүртээ сургалтуудыг зохион байгуулдаг байсан ч тэдгээр сургалтууд нь бусад мэргэжлийн байгууллагуудтай уялдсан уялдаа холбоо байхгүйн улмаас дорвитой үр дүнд төдийлөн хүрч чаддаггүй байсан байна. Тиймээс энэ жилээс эхлэн Баянгол дүүргийн мэргэжлийн байгууллагууд санаачлан нэгдсэн төлөвлөгөөний дагуу Наркологийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран “сургагч багш бэлтгэх” мэргэжлийн сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа юм.

Ийнхүү мэргэжлийн сургалтыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулснаар багш нар сурсан мэдлэгээ бодитоор сурагчдад хүргэх, улмаар тэднийг болзошгүй гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Сургалтыг нээж БГД-ийн засаг даргын орлогч П.Цэцэгмаа, БГД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Бадрах, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Наркологийн эмнэлэгийн их эмч Б.Оюунчимэг нар үг хэлсэн юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, сургалтыг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд сургалтанд хамрагдсан багш нарт сертификат олгох юм. Сургалт 2014 оны дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 12 цагийн хичээлийг сургагч багш нарт орно.