И.Нарантуяа: Би зургаан дүүгийнхээ менежер нь байлаа
“Амьдралын тойрог” булангийн зочноор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг зочноор урьсан юм.
Монголын мянга мянган хүүхдийн эрхийг хамгаалах гэж хичээн зүтгэж яваа энэ ажил хэрэгч, хөдөлмөрч бүсгүйг өдгөө танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Улс төрийн амьдралд ч нэр нь дуудагдаж л явдаг, сонин хэвлэлийн хуудаснаа ч сайн муугаараа хэлүүлж л явдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн байгууллагаар овоглосон энэ эрхэм хүн бүрийн эчнээ танил. Тэгвэл хүүхдийн байгууллагыг удирдаж байгаа түүнээс бага насных нь тухай, ажил, амьдрал болоод гэр бүл, эцэг эхийнх тухай асууж, сурах нь бидэнд бас сонирхолтой санагдаж байв. “Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ. Би таныг говийн хүн гэж сонссон юм байна” гэвэл...
-Аав ээж хоёр маань Архангай аймгийн хүмүүс. Аав Архангайн Өлзийт, ээж Эрдэнэмандал сумынх. Би Говьсүмбэр аймагт төрж, өссөн. Бид эхээс долуулаа. Би айлын хамгийн том хүүхэд, дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Олон хүүхэдтэй айлын том хүүхэд байна гэдэг хариуцлагатай байхыг шаарддаг... хэмээн яриа дэлгэв.
1950-иад оны үед түүний аав, ээж төмөр зам дагаж, илгээлт аван одоогийн Говьсүмбэр аймагт буюу хуучнаар Жанжны Чойрт хуваарилагдан очиж байжээ. Архангай аймгийн хүмүүс говьд ажил амьдралаа төвхнүүлж, удалгүй том охиноо төрүүлжээ. Анхны хүүхэд л болсон хойно, аав, ээждээ эрхи танхи, дур зоргоороо өссөн гэдэг. Ээж нь эхээс хоёулхнаа учраас өвөө, эмээ нь охиноо даган мөн Чойрт ирж амьдрахаар шийджээ. Энэ нь түүнийг хүүхэд харах ажлаас чөлөөлсөн хэрэг байв. Хэдийгээр дүү нар нь хоорондоо нэг, хоёр насны зөрүүтэй ч өвөө, эмээ хоёр нь дүү нарыг нь өсгөж өгөхөөр хөдөө аваад явчихдаг. Ээж нь төрөөд, 45 хоноод ажилдаа ордог байв. Тэгээд дүү нар нь долоон нас хүртлээ, бараг сургуульд орох үедээ гэртээ ирдэг байсан учраас айлын том охинд “боломж” олдож, аав, ээж хоёртоо хангалттай эрхэлж өсчээ.
Харин ээж нь цэцэрлэгт багшилдаг байв.
Түүний аав Ишбадам гуай төмөр замд зам шалгадаг ажил хийдэг учраас олон хоногоор хөдөө явдаг. Ажлын сүүлийн өдөр буюу тав дахь өдрийн орой гэртээ ирдэг байв. Тийм болохоор заримдаа гэр нь жаахан эль хуль, цөөхүүлхнээ байх нь олонтаа тохиолдоно. Харин ээж нь цэцэрлэгт багшилдаг байв. Боловсролын байгууллагад ажилладаг болоод ч тэр үү охиноо багаас нь олон талын авьяастай, сэргэлэн цовоо хүүхэд болгохын төлөө хүссэн бүхнийг нь авч өгдөг, сонирхсон бүхнийгнь зааж сургахын төлөө хичээн зүтгэдэг байв. Тэр бүхний эцэст бяцхан охин олон талын авьяастай, дуулвал ч дуулчихдаг, бүжиглэвэл ч бүжиглэчихдэг, хөгжимдвөл ч хөгжимдчихдөг. Олны дунд биеэ барьдаггүй, сэрэглэн цовоо, нийтэч зантай нэгэн болж өсчээ.
Хүүхдийг зөв хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Хэтэрхий хайрлаж, уруул дэвсээд, урдуур нь орж гүйгээд байвал бусдын гарыг хардаг, өөртөө итгэлгүй, улцгар нэгэн болдог. Харин хайр халамжийгнь багадуулчихвал хатуу ширүүн, муу хүн болж өсчих гээд байдаг. Харин түүний аав ээж хоёр энэ бүхний жорыг тун нарийн тааруулсан санагдав. Тэд том охиноо өөртөө итгэлтэй, бие даасан, нүүрэмгий цовоо сэргэлэн болгож өсгөж хүмүүжүүлэхийн тулд урмаар ч тэтгэдэг, бурмаар ч шагнадаг алсын хараатай байжээ. Мөн олон эрэгтэй дүүгээ ажилд сургаж, аав ээж, ах эгчийнхээ үгнээс гардаггүй, эмх цэгцтэй сайн хүн болгож өсгөж, хүмүүжүүлэхэд ч их сайн анхаарал хандуулж. Гэхдээ түүний эцэг, эх энэ бүхнийг өдөр тутмын амьдралаас, энгийн жижиг зүйлээс эхэлж зааж сургаж иржээ.
Айлын том охин байх, бас зургаан дүүгийн эгч байна гэдэг амаргүй. Эрт биеэ даах, элдвийг хийхэд нь дүү нартаа зааж зөвлөх, мөн аав, ээждээ туслах, гэртээ нэмэр болохоос эхлээд өөрийгөө дайчлах хэрэг бишгүйдээ гарна. Тийм болохоор том эгч үүрэгт ажлаа хийхийн хажуугаар гэрийнхээ “Ерөнхий менежер”-ийн үүргийг голчлон гүйцэтгэдэг байв.
Аав нь хөдөө олон хоногоор явж ажилладаг байсан учраас дүү нар нь ааваасаа жаахан эмээнэ. Эрхэлж өссөнөөрөө эгч жаахан давуу эрх эдэлнэ. Дүү нар нь аавтайгаа ямар нэгэн зүйлийн тухай ярилцах, зөвшилцөх хэрэг гарвал эгч түүнийг нь аавдаа дамжуулж зөвшөөрөл авна гэх мэт. Мөн аав, ээж хоёр нь “Эгчийнхээ үгэнд сайн орж бай. Асууж сурах зүйл гарвал эгчээсээ сайн асуу. Эгч чинь бүхнийг мэднэ” гээд сургачихсан учраас дүү нарын асууж сурах зүйл ч бас дундарч дуусдаггүй байв.
Нарантуяа дүү нараа сургууль соёл төгсөөд ирэх үед хүнтэй сууж, хотод амьдрахаар ирчихсэн байв. Том дүү нь Ленинград хотод төмөр замын сургуульд явж, удаах нь цэргийн сургуульд суралцахаар хотод ирсэн байна. “Тэр үед манайх ёстой л хүн бужигнасан айл байлаа. Энд суралцахаар ирсэн дүү нар маань бүгд манайд байдаг байсан. Тэр үеэс эхлээд заримыг нь гэр бүл болоод гарах хүртэл эгчийнхээ үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж боддог юм. Мөн хэдэн дүү нартаа үлгэр жишээ болох үүднээс өөрөө ч бас сайн явах хэрэгтэй гэж их хичээж ирлээ. Яахав ээ, санасныг бодоход гайгүй шүү. Дүү нар маань бүгд сургууль соёл төгсөөд, сайн сайхан амьдарч явна” хэмээн ярих нь зорьсондоо хүрсэн, үзэж туулсан амьдралдаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байв.
АЖИЛ, АМЬДРАЛЫН ГАРААГАА НУТГААСАА ЭХЭЛСЭН ТҮҮХ
Хүн нэг өдөр зөвийг хийж, зөв зүйл рүү зүтгэж чадвал хожим нь их хэргийг бүтээж чадна гэдэг. Тэрээр ажлынхаа гарааг тэр санхүүгийн техникумд суралцаж, нягтлангийн мэргэжил эзэмшихээс эхэлжээ. Тоо, тооцооны ажил нь түүнийг хожим бизнесийн байгууллагад амжилттай ажиллах, ажил, амьдрал хоёртоо зөв нүүдэл хийхэд нөлөөлсөн байж мэднэ. Сургуулиа төгсөөд тэрээр нутагтаа очиж, аав ээжийнхээ ажлыг залгаж, Төмөр замын газар няраваар ажиллажээ.
Ажил, амьдралынхаа гарааг ийнхүү нутгаасаа эхэлсэндээ тэр одоо ч баярлаж явдаг гэж байв. Төмөр замд ажиллаж байх хугацаандаа тэрээр ханьтайгаа танилцаж, тэндээ гэр бүл болцгоожээ. Одоо нэг хүү, нэг охинтой. 1987 он хүртэл Чойрт ажиллаад Улаанбаатар хотод нүүж иржээ. “Хотод ирээд нэг хэсэгтээ ажил хайсангүй. Тэгээд нийслэлийн 24 дүгээр сургуульд түр ажлын орон тоо байна гэж дуулаад хэсэг хугацаанд ажиллаж. Дараа Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын төвд ажилд орсон. Одоо бодож суухад яг энэ байгууллагын харьяа газар ажиллаж байсан юм байна лээ. Тэр үед энэ тухай огт мэддэггүй байлаа” хэмээн хууч хөөрөв.
УЛС ТӨРД ХӨЛ ТАВЬСАН ҮЕ
Тэр бизнесийн салбарт олон жил ажилласан. Мөн улс төрд орж өөрийгөө сорихыг хүссэн зоримог нэгэн. Түүний улс төрийн амьдралд хөл тавьсан түүхийг сөхвөл.
1990-ээд оны ардчиллыг идэвхтэй дэмжигчдийн нэг. 1996 оны УИХ-ын сонгуулиар сөрөг хүчин анх удаагаа ялалт байгуулахад ардчиллын идэвхтэй дэмжигч болж, харин 2002 онд санаандгүй тохиолдлоор гишүүнээр элсжээ. Чингэлтэй дүүрэгт намын дарга хийдэг байсан найздаа туслах гэж сонгуульт ажилд нь унаа тэргээр үйлчлэн тус нэмэр болж явах зуур найзынхаа зөвлөснөөр намд элсчихэв. Харин 2008 оны сонгуулиар түүний өмнө улс төр, бизнесийн салбарт ажиллах, аль нэгийг нь сонгох амаргүй сугалаа таарчээ. Хэдийгээр тэр бизнесийн салбараа орхиж, улс төрийг сонгосон ч түүнийг ийм сонголт хийхэд бизнесийн салбарт туулж өнгөрүүлсэн амьдрал нь тус болсон гэнэ. И.Нарантуяа бизнесийн салбарт олон удаа унаж, босч явсан. Тэр чинээгээрээ амжилтад хүрч байсан нэгэн. Дээрээс нь эмэгтэй хүн бизнесийн салбарт эрчүүдтэй эн зэрэгцээд амжилт үзүүлээд алхаж явна гэдэг угтаа бол тооцоо сайтай хүний хийдэг зүйл. Тиймээс энэ бүхний эцэст эд баялаг, эрч хүч гагцхүү түүний халаасанд бус тархинд нь байсныг өнөөдрийнх нь ажил, амьдрал, амжилт бүтээл бэлээхэн гэрчлэх биз.
Тэрээр улс төрийн амьдралд хөл тавьсан үеэ дурсахдаа “Нам улс төрийн амьдралд гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн хүн бол яах аргагүй Б.Дэлгэрмаа дарга гэж байна. Одоо тэр ардчилсан намаар овоглосон туршлагатай улс төрчийн нэг болжээ.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ НЬ БУЯНТАЙ, БАС ЦАГААН МӨРТЭЙ
Амьдрал баян, хүмүний туулах зам урт. Саяхан л хүүхэд байж, дүү нараа үүрч дүүрч явсан нь санагдах ч нэг л мэдэхэд тэрээр “Хүүхдийн төлөө үндэсний газар” –ын дарга болж, Монгол гэдэг том айлын бүх хүүхдийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн. Энэ тухайгаа “2008, 20012 оны сонгууль надад хат суулгаж, олон зүйлийг мэдрүүлж өгсөн. Мөн цаашид төр түшилцэх боломж олгосон. Өнөөдөр “Хүүхдийн төлөө үндэсний газар” гэдэг энэ том айлыг удирдан зохион байгуулж авч явна гэдэг амаргүй. Энэ бүхэнд улс төрд явсан замнал минь их хэрэг болдог” хэмээн ярьж байна.
Засгийн газар бүтцээ баталж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам шинээр бий болоход, эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар харъяалагдах болсон. Тэгвэл “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын даргаар АН дотооддоо нэлээд ярьж байж, салбарын сайдын саналаар И.Нарантуяаг томилж байв. Ийнхүү тэрээр тус газарт Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх болсон.
Гэтэл цаг наргүй, эцэс төгсгөлгүй, хэчнээн зүтгэвч үр нь харагддаггүй их ажилтай тулсан гэнэ.
Тэрээр өөрөө тийм ч дуртай байгаагүй ч, намын томилолт өвөртлөн “Хүүхдийн төлөө үндэсний газар”-т анх очиход нь хүүхдийн байгууллага гэрэл гэгээтэй, буянтай сайхан газар хэмээн олон хүн хэлж, өөрөө ч тийм бодолтой босгоор нь алхжээ. Гэтэл цаг наргүй, эцэс төгсгөлгүй, хэчнээн зүтгэвч үр нь харагддаггүй их ажилтай тулсан гэнэ. Гэхдээ ажлаа зовлонтой гэж боддоггүй, тэгж хэлэхийг ч хүсэхгүй байна хэмээн тэрээр хуучиллаа. Учир нь хэчнээн ажилтай байсан ч тэр нь үргэлж амжилттай байдагт монголчуудын ярьдаг хүүхдийн цагаан буян оршиж байна гэж тус хамт олон үздэг ажээ. Харин хамгийн хэцүү зүйл нь хүүхэд хөөрхөн, цайлган гэтэл аливаа нийгмийн шалгуур, хар бараан сүүдэр нь эцэстээ хүүхэд дээр буучих гээд байдаг тул тун эмзэг салбар. Гунигтай, аймшигтай зүйлүүд нийгэмд гарч, тэр тоолонд юу болов, яав ийв гээд гүйх, хүүхдүүдийн өмнөөс сэтгэл эмзэглэх, зовох зүйл ч зөндөө. Ялангуяа сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн аймшигт хэрэг явдлууд олон гарч, түгшүүртэй мэдээлэл байнга шахам дуулдах болсон. Тиймээс өмнө нь нийгэм ямар байсан, одоо ямар байна. Хэрэг, зөрчил яагаад гарах болсон талаар тэрээр нэлээд судалгаатай, бас цаашид асуудал болгон дэвшүүлэх, хуульд тусгуулах болон тусад нь хууль батлуулах талаар ярьж байна.
ХҮҮХДЭЭ ЗОДДОГ МУЙХАР УЛАМЖЛАЛЫГ ӨӨРЧИЛНӨ
Бүхий л чиглэлд шинэчлэлийн Засгийн газраас бодлого барьж ажилласан. Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний газарт нийгмийн хаана нь юу болж байна, ямар зөрчлүүд гарах болов, тэрийг нь мэдэж авъя, судалж танилцаад тэрэн дээр нь ажиллая, хууль эрхзүйн тогтолцоог бий болгоё, асуудлыг хуулиар шийдэж зохицуулъя гэсэн бодлогыг засгаас баримталсан. Байгууллагын даргын хувьд хүүхдэд ямар асуудал тулгамдаж байна, эхлээд сонсъё, мэдэж авсаны эцэст хууль эрхзүйн үндэслэлүүдийг гаргаж, тултал шийднэ гэсэн байр суурь баримталж байгаа ажээ.
Өнөөдөр манайд байдал ямар байна гэвэл, хүүхдийн эрх гэж ярьдаг ч, хамгаалах гэхээр үзүүлэлтүүд, хуулийн зохицуулалтууд нь байдаггүй. Хүүхдээ зодож, гэмтээсэн тохиолдолд ял эдлүүлэх үү, тодорхой хугацаагаар тусгаарлах уу, хашраах уу гэдэг тодорхойгүй. Тийм учраас эцэг, эхчүүд “галзуурч” байгаа нь Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олны толгойны өвчний нэг болжээ. Түүнээс гадна “Би цусаа урсгаж, махаа тасалж гаргасан юм чинь, зодох нь миний эрх”гэсэн муйхарлал, гажиг уламжлал монголчуудад байгаад сэтгэл өвдөж байгаагаа тэрээр бидэнтэй ярилцах зууртаа цөөнгүй давтаж байсан юм.Бас нэг асуудал нь гэр бүл салалт, хойт урдахын амьдрал, түүнээс үүдэж хүүхдийн эрх зөрчигдөж буй явдал гэв. Манай улс хүний эрхийг дээдэлсэн орон гэчихээд хүний хүүхдийг хүн гэж үздэггүй, хүний эрхийг маш их зөрчдөг. Яаж шийдэх вэ, хэрхэн таслан зогсоох вэ гэдэгт өмнө нь задгай явж ирсэн, дээр нь энэ асуудал хаалттай байсан. Харин сүүлийн үед байдал арай өөрчлөгдөж, таван давхар байрны нэг давхарт хэн нэгэн хүүхдээ зодож байхад аль нэг давхрын айл шууд хаалгыг нь тогшиж ордог, цагдаад мэдэгддэг механизм бий болсон. Харин хариуцлага тооцох механизмыг бий болгох талд “Хүүхдийн төлөө үндэсний газар” анхаарч байна. Энэ салбарыг хариуцсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй УИХ-д оруулж хэлэлцүүлэх бөгөөд хүүхэдтэй холбоотой эрх зүйн олон зохицуулалт хуульд туссаныг И.Нарантуяа дарга онцоллоо. Мөн манай улсад Хүүхэд хамгаалах хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль байдаггүй. Тэгвэл энэ хуулийн төслүүдийг салбарын яамнаас боловсруулж, ирэх намрын чуулганд өргөн барих гэж байгаа. Энэ хуулиудад хууль санаачлагчид, батлагчид, хүүхдийн ирээдүй, Монгол Улсын суурь хөгжлийн бодлого гэдэг талаас илүүтэй анхаараасай, хэвлэл, мэдээллийнхэн ч мөн сайн сурталчилж таниулаасай хэмээн тэрээр ярьсан юм.
ХҮҮХДИЙН АСУУДАЛ ИРГЭН БОЛГОНЫ ХАРИУЦЛАГА
Тэрээр хүүхдийн гэх тодотголтой бүх асуудлыг иргэн бүрийн, гэр бүл доторх бүх гишүүний, яам, тамгын газар, төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагад мөн бүх ажилтны хариуцлага байх ёстой хэмээн тэмдэглэв. Тиймээс “Хүүхдийн талаар баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулсан. Харин тэр нь 100 хувь дэмжигдээгүй гэнэ. Уг нь тэрхүү баримт бичигт байгууллага бүр хүүхдийн төлөө бодлоготой болох асуудлыг дэвшүүлжээ. Одоо хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага түүнийг мөрдөж ажиллаж байгаа юм байна. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллага гэснээс цаг наргүй ажилладаг энэ эрхмүүд ямар цалин авдаг нь сонирхол татаж асуувал, төрийн байгууллагын цалин бага, тийм болохоор ажиллах хүн олддоггүй. Тэгээд дээр нь цаг наргүй учраас хүмүүс дуртай биш байдаг гэнэ. И.Нарантуяаг анх очиход тус газар 27 хүнтэй байсан бол одоо 32 хүн ажиллаж байна. Хүүхдийн төлөө газар нарийн мэргэжлийн, боловсрол, мэдлэг сайтай боловсон хүчин ажиллуулах шаардлагатай байдаг. Гэтэл цалин, ажиллах нөхцлөөс шалтгаалж байгаа зүйл их гэнэ. Сайн боловсон хүчин авчрах гэхээр цалингаа голоод ирэхгүй. Цалиндаа багтаах гэхээр ажил нь урагшлахгүй. Арга ч үгүй биз, тэндхийн ажилтнууд өглөө 08 цагт ирээд, орой 06 цагт харьж байсан түүх байхгүй. И.Нарантуяа дарга л гэхэд, өнгөрсөн хоёр жилийн эхний зургаан сард өглөө 08 цагт ирээд, орой 23 цагт харьж байсан гэнэ. Гэхдээ одоо бол тус газарт хүүхдийн төлөө гар, сэтгэл нийлсэн хамт олон бүрдэж чадсан, дотоод сургалт гэхчлэн олон ажил зохиосны дүнд асуудал ч цэгцэрч, ажилтнууд нь ч зүгширчээ.
Ийнхүү бусдын хүүхдийн төлөө цаг наргүй ажиллаж яваа түүний хувьд хоёр хүүхдийн ээж. Өөрийнх нь мэргэжлийг өвлөн эдийн засагч болсон охин нь хадамд гарч, хоёр зээ тэврүүлснээр өдгөө эмээ болсон. Гэхдээ тэднийгээ эрхлүүлэх завгүй. Харин хүү нь дунд сургуулиа дөнгөж төгсч байгаа гэнэ. Нөхөр нь түүний арын ажлыг дааж, зам, нийтийн үйлчилгээ, бизнесийн салбарт компаниа удирддаг юм байна.
ХҮҮХДИЙН НАРАНТУЯА “ХҮҮХДИЙН БАЯР”-ЫГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?
Хүүхдийн баярын өмнө түүнтэй уулзаж буйн хувьд бидний ярианы нэг хэсэг нь баярын сэдэв байлаа. Хүүхэд байхад хамгийн сайхан баяр, шинэ жил, хүүхдийн баяр байсан хэмээн тэрээр ярьж байна. Түүнийг бага байхад аав нь төмөр замд ажилладаг, оросуудтай ойр байдгийн хувьд хүүхдүүддээ орос маягаар гацуур чимэглэж баярын ширээ засч өгдөг байжээ. Ан амьтан, алиалагчийн зургийг маш гоё зурж, олон өнгийн бөмбөлөг, цасан ширхэгээр гэрээ чимсэн тэр баярт мөч одоо ч мартагддаггүй. Мөн хүүхдийн баяраар хүүхдүүдээ шинэ хувцас авч өгч, нүдийг нь бүлтийтэл гоёод бэлэг авч өгч баярлуулдаг байж. Хүүхэд байхаас ой ухаанд нь шингэсэн тэр баяраа хүнтэй сууж, амьдрал зохиосон ч мөн л тийм байдлаар тэмдэглэж, хүүхдүүддээ шинэ жилийн гацуурыг яг л аав нь өөрийг нь багад хэрхэн засдаг байсан бэ түүнтэй адил засч, баяр тэмдэглэдэг болсон гэнэ. Тэгвэл тэрээр удахгүй болох хүүхдийн баярыг ч гэсэн сайхан тэмдэглэж, хүүхэд багачуудаа бүгдийг нь баярлуулахаар хичээж явна. Хүүхдийн баярыг тэмдэглэхэд бусад байгууллагууд ч ихээхэн анхаарч, тусалж, дэмжиж байгаа ажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томоохон ажлын хэсэг гарсан бол Чингисийн талбайд 300 алиалагчийн парад хийх, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүүхдүүдтэй уулзаж, баярын бэлэг гардуулах зэрэг олон ажил бий. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд, асрах төвд хүмүүжиж буй багачууд гээд бүгдийг нь баярлуулах их ажлын ард гарах гээд Хүүхдийн төлөө үндэсний төлөө газрын хамт олон зургадугаар сарын -1 хүртэл амралтын өдөр ч амрах завгүй байгаа гэнэ.
Баяр гэснээс хүүхдийн эрх зөрчигдөж байхад цэцэг өргөхөөс өөр ажил хийдэггүй гэсэн шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ гэсэн асуултад тэрээр “Миний хийх ажил уг нь хүүхдүүдийн ирээдүйд хандсан суурь хөгжлийн асуудал. Эрх зүйн орчныг бий болгох юм. Гэтэл зарим нь бараг л аав, ээждээ зодуулсан хүүхдийн гэрт очиж өмөөрсөнгүй, өмөөрөөд аав, ээжтэй нь зодолдсонгүй. Тэр хүүхдүүдтэй хамт тоглоомын талбайд тоглосонгүй гэх маягаар ярьж, бичдэг”. Фейсбүүкээр бол намайг зөндөө л балбадаг юм. Хүүхдийн төлөө ажил ганц миний ч биш, миний дараа хэн ч ирсэн суурь хөгжлийн зарчмыг бий болгож, маш ойлгомжтойгоор бүрдүүлж өгөх нь миний үүрэг. Өнөөдөр манайд болохгүй зүйл их байна. Телевизээр гарч байгаа киноноосоо эхлээд хар бараан зүйлүүд, гараад явахад замын түгжрэл, сургууль, цэцэрлэгээсээ хоцрох гэхчлэн бухимдал. Энэ бүхэн нийгмийн хөгжлөөс хойш татаж байна. Тиймээс нийгмээ гэрэл, гэгээтэй болгохын төлөө ажиллаж байна шүү дээ” хэмээн хариулж байна. Ярианы төгсгөлд тэрээр “Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө хамтдаа зүтгэе, бие биеэ дэмжье. Монголын хүүхдүүд эрүүл энх өсч бойжиж, ирээдүй нь саруул сайхан болутгай” хэмээн бусдыг уриалж бас ерөөл өргөсөн юм. Монголын бүх хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн эрхмийн “Амьдралын тойрог”-ийг тольдоход ийм байлаа. Хүүхэд бүрийн төлөө зүтгэж яваа эрхэм ажилд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.